2012-2016 онд АН-аас төрийн өндөр албан тушаалд томилогдож, төрд ажиллаж байсан хэд хэдэн хүмүүс өнгөрсөн хугацаанд "Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан" гэх эрүүгийн хуулийн тусгай ангийн /22.10.1/ зүйл ангиар ял сонсож, шүүхээр орсон хэдий ч бүгдээрээ ялгүй хоцорсон байна.
Учир нь тэд бусдын нэр дээр нуун дарагдуулсан хөрөнгөө 2015 онд батлагдан хэрэгжсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулсан тул ийнхүү ялгүй хоцорч хэрэг нь шүүхээр цагаатжээ.
Үүний нэг жишээ бол БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэрэг юм.
Тэрээр БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хууль ёсны орлогоос хэт давсан эх үүсвэрээр буюу 1,141,800,000 төгрөгөөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхоны 302 дугаар байрны 602 тоот, 344.8 м.кв талбайтай орон сууцыг 2 автомашины зогсоолын хамтаар өөрийн багын найз Ж.Г гэгчийн нэр дээр худалдан авснаа хууль ёсны болохыг Шүүхэд үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй байна.
Гэсэн хэдий ч энэ хэрэг нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан гэдэг шалтгаанаар Р.Эрдэнэбүрэн, Г.Ж нарт холбогдох хэргийг гурван шатны шүүх цагаатгах тогтоол үйлдэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа юм.
Эндээс тухайн үеийн эрх баригчид Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэнд зориулж баталсан болохыг төвөггүй ойлгож болох мэт.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна