Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хорио цээрийн хэлтсийн дарга Э.Аззаяа газрын дарга Н.Баярсайхантайгаа үгсэн хуйвалдаж албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж бусдаас их хэмжээний авилга, хээль хахууль авсан хэрэг шүүхээр шийдэгдсэн билээ.
Манай сайт Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын шүүхээр шийдэгдсэн авлигын хэрэгтэй холбоотой баримтуудыг цувралаар хүргэж байгаа бөгөөд бид энэ удаад Э.Аззаяагийн шүүхэд өгсөн мэдүүлгээс хүргэж байна.
Шүүгдэгч Э.Аззаяа нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ, “...2014 оноос Мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн даргаас газрын дарга хүртэл дэвшин ажилласан.
Яллах дүгнэлтээр намайг Баярсайханы бусдаас авлига авсан гэх үйлдэлд намайг бүлэглэсэн, хясан боогдуулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Миний хувьд иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн хүсэлтүүдийг зохих албан тушаалтнуудад цохож, хуваарилдаг. Тухайн хүсэлтийн дагуу өгч байгаа бичгүүдэд би гарын үсэг зурдаггүй, ямар нэг гэрээ байгуулдаггүй.
Мөн аж ахуйн нэгж болон иргэдээс нэг ч удаа мөнгө авч байгаагүй.
Үүнээс гадна яллах дүгнэлтэд дурдсан 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд миний бие ажлын 58 хоног ажилласан. Энэ хугацаанд би Солонгос улсад өвчний улмаас хагалгаанд орсон, мөн амралттай, томилолттой байсан хугацаануудыг оруулсан байгаа.
Би Н.Баярсайханаас тодорхой хэмжээний мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ намайг прокуророос буруутгаж байгаа шиг тийм их хэмжээний мөнгө би хэзээ ч аваагүй.
Миний хувьд ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, ичиж, гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Үүнээс гадна энэ хэрэгт манай дүү нарын өөрсдийн хөрөнгөөрөө урьдчилгаа төлж, 8 хувийн зээлээр авсан байрыг битүүмжилсэн. Намайг төрийн албанд ажилладаг учраас баталгаа болгож миний нэрээр зээл авсан. Манай дүүгийн нөхөр харин энэ зээлийн хамтран зээлдэгч байгаа. Тус байрыг би хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тодорхой тайлбарлаж, мэдүүлсээр ирсэн.
Бас манай ээжийн 36 сарын цалин буюу тэтгэвэрт гарахдаа авсан машиныг шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн байгаа. Эдгээрийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Одоо би ам бүл, 5-13 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна...” хэмээн ярьжээ.
Бид дараагийн удаад Н.Баярсайханы зүгээс бусдаас авсан хахууль болгоноосоо хувь өгдөг байсан "Ааяа" гэх хүний талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Үргэлжлэл бий...
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна