Сүйрүүлдэг биш, хөгжүүлдэг сангийн тухай

2019/09/03

Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор “баялгийн сан”-гийн тухай маргаан сэдрэн гарав. Арга ч үгүй биз, үүнийг ярих цаг нэгэнт болсон. Гэхдээ хийрхэл, цэцэрхлээр биш, харин судалгаа тооцоотой ярих нь бодит үр дүнд хүргэнэ. Энэ тухай товч өгүүлсү…

Ирээдүй үеийн төлөө

Эдүгээ дэлхийн бараг бүх улс гүрнүүд “бие даасан сан” буюу “үндэсний сайн сайхан байдлын сан” (оросоор “суверенный фонд”, “фонд национального благосостояния”, англиар “sovereign wealth fund”) гэсэн төрийн хуримтлалын сан байгуулдаг болжээ. Манайд “баялгийн сан” гэж түр нэрлээд маргалдаж хэрэлдэж буй. Энэ нь угтаа бол төрийн хөрөнгө оруулалтын сан юм.

Үүний агуулга нь Та бидний хэн ч гэсэн тав арван төгрөг илүү гарвал үр хүүхдийнхээ нэр дээр хадгаламжийн данс нээдэгтэй ав адилхан. Гагцхүү иргэний түвшинд биш улсын түвшинд болохоороо “сан” гэсэн нэртэй болж байгаа юм.

Бразильд “Сайн сайхан байдлын бие даасан сан”, ОХУ-д “Тогтворжуулах сан”, “Нөөц сан”, Австралид “Ирээдүйн сан”, Казакстанд “Үндэстний сан”, Оманд “Нефтийн сан”, Азербайжан, Норвегид “Нефтийн төрийн сан”, Венесуэльд “Микро эдийн засгийн тогтворжуулах сан”, Кирибатид “Орлогыг тэнцвэржүүлэх сан”, Колумбид “Нефтийн тогтворжуулах сан”, Нигерид “Нефтийн трастын сан”, Норвегид “Даяар тэтгэврийн сан”, АНУ-д Үндсэн Хуулийн төсвийн Нөөцийн сан”, Хятадад “Хөрөнгө оруулалтын корпораци”, “Хөрөнгө оруулалтын компани” гэж бий.

Энд тоотой хэдхэн улсыг нэрлэсэн боловч угтаа бол дэлхийн бараг бүх улсууд “сайн сайхан байдлын сан” байгуулаад эхэлжээ. Дашрамд дурдахад манайд хэрэглээд буй “баялгийн сан” гэдэг нэр томъёо тийм ч оновчтой биш. Учир нь монголчууд “баялгийн сан” гэхээр “пиг дүүрэн алттай авдар”-наас хэмжээ хязгааргүй авч зарж үрнэ гэж төсөөлөөд байгаа нь эдүгээ болж буй маргаанаас илт ажиглагдана. Иймээс “сайн сайхан байдлын сан” юм уу “үндэстний сан” гэх нь илүү оновчтой мэт. Надад “үндэстний сан” нь илүү таалагдаж байгаа.

“Сайн сайхан байдлын сан” нэр томъёог дөнгөж саяхан буюу 2005 онд Андрей Розанов гэгч анх гаргаж “Central Banking journal”-д өгүүлэлдээ нийтлүүлжээ. Үүнээс өмнө улс гүрнүүдэд сан байгаагүй гэж үзэж болохгүй л дээ. Түүхийн аль ч үед аль ч төр засагт ямар нэг сан байсан нь эргэлзээгүй. Харин 2005 оноос олон улсад байгаа сангуудыг цэгцлэх, нэгдмэл ойлголттой, “нэг дүрэмтэй” болох эхлэл тавигдсан юм.

2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал болсон нь улс орнуудыг ийм сангууд байгуулахад хүргэжээ. Хүнд хэцүү хямрал хэзээ ч тохиолдож болно, түүнд бэлтгэлтэй, нэлээд их хэмжээний хөрөнгө мөнгөний нөөцтэй байх хэрэгтэй, мөн улс орныхоо ирээдүйг бодох хэрэгтэй гэдгийг бүх улсууд ой тойндоо ортол ойлгож авчээ.

Ингээд 2008 онд Чилийн Сантьяго хотноо сан байгуулсан болон байгуулах улсууд хуралдаж, “Сантьягогийн зарчим, практик” гэгчийг тунхаглажээ. Энэ баримт бичигт баялгийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, төгөлдөржүүлэхтэй холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн 24 зарчим, практикийг анх тодорхойлсон.

Улмаар 2009 онд “Кувейтийн тунхаглал”-ыг баталж, Сайн сайхан байдлын сан бүхий Олон Улсын Валютын Сангийн гишүүн орнууд нэгдэж, “Сайн сайхан байдлын сан” олон улсын форумыг байгуулсан.

Улсаа “иддэг” монгол сангууд

Манайхан зах зээлд ормогцоо улс орнууд сан байгуулдаг гэдгийг хамгийн түрүүнд “ойлгож авсан” ба монгол зангаар түүнээс цаашхийг огт сонирхсонгүй. Бусад орнууд сангаа улс орноо хөгжүүлэх гэж байгуулдаг зарчмыг манай аваргууд сан байгуулж түүнийгээ дураараа иддэг гэж “ойлгожээ”. 

Ингээд сан байгуулж эхлэв. Нэг, хоёрыг биш, “үй түм”-ээр нь байгуулав, тэр нь сүүлдээ “уралдаан” болов.

Сан байгуулах “уралдаан” ид оргил үедээ орсон 2006 оны үеийн албан ёсны болон хууль ёсны сангуудын нэрсийг дурдая. Харин яаж идсэнийг нь дурдвал олон боть ном болно…

1. Аялал жуулчлалын сан; 2. Байгаль орчин, уур амьсгалын сан; 3. Эрсдэлийн сан; 4. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан; 5. Дархлаажуулалтын сан; 6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан; 7. Засгийн газрын нөөц сан; 8. Мал хамгаалах сан; 9. Нийгмийн даатгалын сан; 10. Нийгмийн халамжийн сан; 11. Соёл, урлагийг дэмжих сан; 12. Боловсролын зээлийн сан; 13. Тариаланг дэмжих сан; 14. Улсын авто замын сан; 15. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан; 16. Хүүхдийн төлөө сан; 17. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан; 18. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан; 19. Шинжлэх ухаан, технологийн сан; 20. Эрүүл мэндийг дэмжих сан; 21. Сэргээгдэх эрчим хүчний сан; 22. Олон улсын гэрээний дагуу улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад улсын бусад байгууллагаас олгосон буцалтгүй тусламж, хандиваас бүрдүүлэх сан; 23. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан; 24. Зэвсэгт хүчний хөгжлийн сан; 25. Орон сууц хөгжүүлэх сан; 26. Ирээдүйн өв сан; 27. Төсвийн тогтворжуулалтын сан; 28. Цэвэр агаар сан; 29. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан; 30. Инновацийн сан; 31. Олон улсын хамтын ажиллагааны сан; 32. Монгол судлалыг дэмжих сан; 33. Цагдаагийн хөгжлийн сан; 34. Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан; 35. Эрүүл мэндийн даатгалын сан; 36. Засгийн газрын өрийн баталгааны сан; 37. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан; 38. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан; 39. Спортыг дэмжих сан; 40. Эрүүл мэндийг дэмжих сан; 41. Агаарын бохирдлын эсрэг сан.

41 сан бол үнэхээр солиотой хүмүүсийн ажил юм !!! Дээрх сангуудын жагсаалтыг би 2006.06.29-нд баталсан “Засгийн Газрын тусгай сангийн тухай хууль”-иас хуулан жагсаасан нь энэ.

Ийнхүү Монгол Улс сангуудынхаа тоогоор Гиннесийн номонд орох болзол хангасан ба монголын эрх баригчид “үй түмэн” сан байгуулснаараа эдийн засгийн наад захын мэдлэггүй, зүгээр л бэлэн баялгийг “идэх”, “тараах”-аас өөрийг үл мэдэх лаларын дураакууд гэдгээ бүрэн баталсан юм.

Нэр нь сан нэртэй болохоос энэ бол эрх баригчдын дураараа идэж уудаг “шидэт бүтээлэг” болсон юм. Үүнийг би тухайн үед нь чадлынхаа хэрээр бичиж илчилж шүүмжилсэн боловч намайг хэн ч тоосонгүй…

Дээр дурдсан 41 сангаас манайхны хамгийн “сайн мэддэг” нь “Цэвэр агаар сан” бөлгөө. 2011-2015 оны хооронд энэ санд буюу агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 92,2 тэрбум төгрөг зарцуулсан боловч үр дүн нь тэг. Яасан ? Идчихсэн !!!

Эрх баригчдын сангаас мөнгө идэх арга тун энгийн бөгөөд маш хорлогчинтой. Тодорхой сангуудыг хэрэгжүүлэх нэрийдлээр “үй түмэн” төсөл зохиож, түүнийгээ “шударга” тендерээр авч хувхайртал иддэг. Үүний тод жишээ нь: “Цэвэр агаар сан”-гийн мөнгөөр хэрэгжүүлсэн “Утаагүй зуух” төсөл юм. 2012-2013 онуудад гэр хорооллын 100 орчим мянган айлын зуухыг солих нэрээр хагартлаа идсэн. Ганц энэ сангаас лавтайяа 60-70 тэрбум төгрөг идсэн нь тов тодорхой. Сүүлдээ шунал нь хэрээс хэтэрч “Турк зуух”, “ОХУ-аас модны үртэс авах” төсөл хийсэн гээд л бодчих…

Эрх баригчид Монгол Улсын нийт 41 сангаас ийм мангар мангар төслүүдээр дамжуулан хэр их мөнгө идсэнийг Бурхан багш ч тоолж чадахгүй байх. Гэхдээ энд чинь ямар нэг ухаан биш, харин эрх мэдэл, хязгааргүй шунал хоёр л хэрэгтэй. 

Олон жил хязгааргүй идсэн нь баригдмагц төр засаг: “Цэвэр агаар сан”-г нэг бүрчлэн шалгаад алаад хаяна” гэж амласан боловч хэн ч шийтгэл хүлээгээгүй. Бүгдээрээ нийлээд идчихсэн юм чинь хэнийгээ ч шийтгэх билээ ?!

Манай “үй түмэн” сангуудаас эрх баригчид хэр их мөнгө идсэнийг сонирхох монгол гэж байхгүй нь “даанч сайхан”. Мань мэт нь “сангуудыг цөм идээд байна” гэж тоо баримттай нь орилоод байхад өөдөөс манийгаа “барьж идчих” гээд дайраад байх нь дэндүү хачирхалтай бөгөөд гомдолтой. Ийм ард түмнийг тэнэг гэхээс өөр юу гэхийм ?! Энийг нь хэлэхээр “Чи ард түмнийг тэнэг гэдэг хэн юм ?!” ахин дайрах. Энэ ч яахав, өөрийгөө “ард түмэн” гээд бодчихсон тэнэг лаларуудын ажил юм. Гэхдээ л үнэхээр гажигтай л даа, манай ард түмэн…

Ингэж явж байгаад 2009.11.18-нд “Хүний хөгжил сангийн тухай хуулийг” батлав. Даан ч санд төвлөрүүлсэн мөнгөө иргэддээ баруун солгойгүй тарааж дуусгав. Энэ нь эдийн засагт өрийн хүчтэй дарамт үүсгэв. Улмаар “Хүний хөгжлийн сан” сонгуульд улс төрийн оноо авах хэрэгсэл болон хувирав. Засгийн Газар 2009 онд Хүний хөгжил сангаас иргэдэд 120 мянган төгрөг “тараах” тогтоол гаргав. 2010 онд Иргэн бүрт 1,5 сая төгрөг олгох Засгийн Газрын тогтоол гаргав. 2011 онд хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох тогтоол гаргав. Олон удаа тогтоол гаргаж, чингэхдээ хэмжээ нь алд дэлэм ихсэж багасаж, авсан аваагүй, хүүхдэд мөнгө өгнө өгөхгүй гэж маргалдан баахан бантан хутгав.

“Эх орны хишиг” гэвэл манайхан санах нь лавтай. Харин “Эх орны хишиг” гэдэг чинь “Хөгжлийн сан”-гийн мөнгөө тарааж байгаа хэлбэр гэдгийг манайхан “ойлгодоггүй” юм. 2010-2012 онуудад Засгийн Газар иргэн бүртээ 500 мянган төгрөгийг бэлнээр тараасан. Амласан 1,5 сая төгрөгийн гуравны нэг. Нийтдээ 1 сая 900 мянган иргэнд сар болгон 21 мянган төгрөг бэлнээр олгосон.

“Эх орны хишиг”-ийг маш олон иргэн хүртэж чадаагүй. Сүүлдээ төр засаг “луу унжиж” заваарсан учраас Г.Уянга “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн” байгуулж, олон удаагийн жагсаал цуглаан, сунжирсан тэмцэлдээ хүрч байж арай гэж бага сага мөнгө олж авсан билээ. Иймээс манай иргэд төр засагт биш, Г.Уянгад баярлаж явах хэрэгтэй л дээ…

Одоо ард түмэн “Хөгжлийн сан”-гийн мөнгө хаашаа алга болсон ?” гэхээр: “Та нар аваад идэж уугаад бааж шээгээд дуусгачихсан” гэх албан ёсны марзан хариу өгдөг болсон. Ийм марзан тайлбартай дээрмийг ердийн мэт хүлээж авдаг ард түмнийг монголчууд гэдэг…

Энэ адал явдлын дараа 2016.02.05-нд “Ирээдүйн өв сангийн тухай” хууль батлав. “Хүний хөгжлийн сан”-гийн новшийн хуулиа хүчингүй болгосон нь мэдээж хэрэг. Гэвч манай “Ирээдүйн өв сан” 1.7 их наяд гаруй төгрөгийн өртэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 2018 онд 620 орчим тэрбум төгрөг хуримтлуулж өрөө даржээ.

Манай сангууд гэж иймэрхүү хөгийн юм байдаг бөгөөд “буянаа гөвнө” гэж үүнийг л хэлдэг байх. Сүүлдээ эрх баригчид одоо өрөө дарж байгаад 2020 оноос цааш хуримтлал бий болгоно гэж марзан тайлбарладаг болж байна…

Нэр нь солигдсон болохоос цаад “идэж уудаг”, “тарааж цацдаг” механизмыг нь өөрчлөөгүй учраас бүтэлтэй юм болсонгүй, болох ч учиргүй. 2016 онд баталсан “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн маш олон заалт буюу хяналтын хороо, зөвлөхийн баг, нэр дэвшүүлэх хороо, төрийн өмчит корпорац зэрэг бүтэц, институцийг одоо болтол байгуулаагүй байна.

Улсаа “иддэг”, “тарааж цацдаг” монгол сангуудын “адал явдлын” товч тоймыг манайхан “ойлгосон” байх. Энэ “адал явдал”-аас манай эрх баригчид бол “Тунгалаг Тамир”-ийн Пүрэв тайжаас долоон дор лаларууд гэсэн баттай дүгнэлт хийж болно.

Сан бол “иддэг” зүйл биш…

Манайхан сан ярингуут л Норвегийг ярих. “Ай яа яа, Норвеги нефтийн баялгаасаа “лаг том” сан байгуулсан. Ингээд л хөгжчихөж байгаа юмшдээ…Манайх яг ингэж хөгжих ёстой байхгүй юу…” гэж монгол сэхээтэн лалар мэдэмхийрэх…

Юуны өмнө “Норвегийн төрийн тэтгэврийн сан” нь бие даасан тусгай хоёр сангаас бүрддэг гэдгийг дурдъя. Энэ нь: “Төрийн тэтгэврийн – даяар сан” (хуучин нэр нь Төрийн нефтийн сан) болон Төрийн тэтгэврийн – Норвеги сан” (хуучин нэр нь Төрийн даатгалын сан) гэсэн тусгай сангууд болно. Нэрүүдийг будлиад байдаг болохоор үүнийг сануулж байна. Хэдийгээр тэтгэврийн сан гэдэг боловч бүхэлдээ нефтийн орлогоос бүрддэг. 2018 оны байдлаар тус сангийн хөрөнгө 1 трлн доллар хүрч, дэлхийн хөрөнгийн биржийн 1%, европын хөрөнгийн зах зээлийн 1,78%-ийг эзлэх аварга хэмжээнд хүрсэн юм.

Энэ болон бусад зарим тоо сонссон монголчуудын шүлс гоожиж Норвегчуудыг “хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи ууж”, ямар ч ажил хийдэггүй атлаа жаргал нь хэтийдсэн хүмүүс гэж ойлгодог. Энд монгол хүний баян байх тухай төсөөлөл жинхэнэ утгаараа тодорч байна…

Норвегийн энэ сан харьцангуй саяхан 1990 онд байгуулагдсан ба түүний зорилго нь: “Ирээдүй үеийхэндээ зориулсан тогтворжуулах нөөц” бүрдүүлэх байсан юм. Яг одоо “иднэ”, “тараана” гэж сан байгуулдаг улс Монголоос өөр байхгүй л дээ…

2016 онд нефтийн үнэ эрс буурснаас үүссэн саатлыг (рецесс) нөхөх гэж жаахан мөнгө зарсан. Норвегийн сангийн онцлог нь Засгийн Газар нь арвилан хэмнэх, ил тод байдлын зарчмаар сангаа удирддаг. Норвегийн дурын иргэн сангийнхаа гүйлгээг онлайн дэглэмээр шалгаж болдог. Асар их мөнгө хуримтлагдсан хэдий ч Засгийн Газар сангийн жилийн орлогын 4%-иас хэтэрсэн мөнгө зарцуулах эрхгүй.

Норвегчууд сангийнхаа мөнгөний биш, ёс суртахууны талыг илүүтэй анхаардаг. Сан байгуулсан зорилго нь тийм. Норвегчууд байгалийн баялаг бол хүн өөрөө бүтээгээгүй учраас жинхэнэ баялаг биш, харин Бурхнаас өгсөн хишиг хэмээн үзэж түүнийг хувь хүн биш, харин бүх нийтээрээ өмчлөх ёстой гэсэн философитой. Иймээс Норвегийн байгалийн бүх баялаг төрийн мэдэлд байдаг. Жишээлбэл, Норвегийн хамгийн том нефтехимийн “Статойл” компани болон бусад том том компаниуд бүгд 100% төрийн мэдлийнх.

Эндээс өмчийн үр ашиг нь удирдлагаас хамаардаг болохоос биш, өмчийн хэлбэрээс үл хамаардаг гэсэн баттай дүгнэлт хийж болно. Гэтэл манай либералууд өмч хувьчлал бол эдийн засгийг өсгөх цорын ганц арга гэсэн тэнэг мааниа 30 жил уншиж байна. 

Норвегчууд зөвхөн хөдөлмөр л баялаг бүтээдэг гэж үздэг учраас насан өндөр болтлоо ажилладаг. Тэд 67 настайдаа тэтгэвэрт гардаг. Манайд тэтгэврийн насыг нэмнэ гэвэл боож үхнэ биз дээ…

Тэд “гудсан дорх” асар их мөнгө болон бүсээ чангалах хоёрыг зохицуулах л хамгийн хэцүү гэж ярьдаг. Иймээс Норвегичууд тансаглах гэдгийг мэддэггүй. Мөн иргэн бүрийг ажилтай байлгахад ихэд анхаардаг. Норвегичууд “иддэг” баялгаа хөдөлмөрөөрөө бүтээдэг, харин сангаа бол хуримтлуулдаг. Гэв гэнэт нефть дуусвал яах юм ?! Тэд алсыг харж, хойч үеийнхээ ирээдүйг бодож чадаж байна…

Манай Г.Уянга УИХ-ын гишүүн байхдаа: “Уул уурхай баялаг бүтээдэггүй” гээд хэлчихсэн чинь түүнийг барьж идэх шахаж билээ. Уг нь тэр Норвегийн болон бусад улсын баялагт хандах хандлагыг хэлсэн юм. Манай монголчууд баялгийг өвөртөлж аваад гэртээ аваачаад идчихдэг “цагаан сарын боов” мэт ойлгодог. “Цагаан сарын боов” хийх нэг хэрэг, харин түүнийг хуваагаад авах огт өөр хэрэг. Уг нь Г.Уянга хамгийн зөв зарчим хэлсэн юм…

Одоо ойрхны жишээ авъя. Казакстан улс Норвегийн жишээгээр 2001 онд Үндэстний сан байгуулжээ. Казакстаны сангийн зорилго нь: 1. Улс орны нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, 2. Ирээдүй үеийнхэнд зориулсан санхүүгийн хэрэгсэл хуримтлуулах, 3. Гадаад таагүй хүчин зүйлийн нөлөөнөөс эдийн засгийн хамаарлыг багасгах, 4. Дэлхийн үнийн өөрчлөлтөөс улсын болон орон нутгийн төсвийн хамаарлыг багасгах зэрэг болно.

Казакстаны Үндэстний сан хуримтлуулах болон тогтворжуулах гэсэн 2 том үүрэгтэй. Үүнээс хойш бага зэргийн хэлбэлзэлтэй боловч Казакстаны Үндэстний сан тасралтгүй өсөж, 2017 оны байдлаар 56,2 млрд доллар хүрээд байна. Ядахдаа олон улсын ЭКСПО үзэсгэлэн зохион байгуулж чадаад байна. Манайх яахаараа болдоггүй юм ?!

Сан яаж байгуулах вэ ?

Судалгаанаас үзэхэд улс орнууд өөртөө хамгийн их байгаа баялгаар сан байгуулж байна. Норвеги, ОХУ, Арабын орнууд нефть, хий болон уул уурхайн экспортын татвараасаа, Өмнөд Солонгос санхүүгийн илүүдэл хөрөнгөөсөө, Франц, Ирланд, Шинэ Зеланд тэтгэврийн сангаасаа, Хятад, Сингапур Төв банкны нөөцөөсөө, Австрали, Малайз өмч хувьчлалын орлогоосоо сан байгуулж байна.

Ингэхээр манайх зэс, нүүрс, уран, газрын ховор элемент болон бусад баялгаараа сан байгуулах өргөн боломжтой бөгөөд зайлшгүй шаардлагатай.

Сан бүрдүүлнэ гэж ярих амархан ч, яг бүрдүүлэхэд тун хэцүү. Энэ нь байгалийн баялгаа үнэлэх, гадаад хөрөнгө оруулалт, татах, түүнд тавих шаардлага зэргээс ихээхэн хамаарна. Гадаад улс орнууд баялгаа хэрхэн ашигладаг, гадаад хөрөнгө оруулалтад ямар шаардлага тавьдаг, ямар нөхцөл, болзол, хүү, татвар, роялти, торгууль, шагнал байдаг, хууль хуудас нь ямар байдаг гэдгийг би эртнээс сонирхон АНУ, Франц, Аргентин, Египет, Арабын нэгдсэн Эмират, Казакстан, Литов зэрэг улсууд баялгаа хэрхэн ашигладаг тухай харьцуулан үзсэн юм. Ямар ч гэсэн манайх шиг баялгаа гадаадынханд зүгээр өгдөг новшийн тэнэг улс байхгүй гэсэн дүгнэлт хийж билээ. Ингээд 2015.05.04-нд “Манайхаас бусад баялгаа зүгээр өгдөггүй” өгүүлэл бичсэнийг одоо ч үзэж болно: https://ganaa.mn/2015/05/04/jksuwufghsgdfywy/

Гэвч унших хүн байхгүй нь “даанч сайхан”. Тэгсэн мөртлөө баялгийн сан ман ийм тийм байх ёстой гэж солиорч өгнө…

Үнэн хэрэг дээрээ манай сангууд сүйрээд байдгийн учиг шалтгаан нь: хөгжлийн бодлого байхгүй, баялгаа зөв үнэлэхгүй, хуримтлуулахыг боддоггүй, гадаад хөрөнгө оруулагчдад шаардлага тавьж чаддаггүй, тэдэнд бууж өгдөг, эдийн засгийн олон механизмыг ашиглаж чаддаггүй болон “иддэг”, “тараадаг” новшийн зан үйлдэлд байгаа. Шуудхан хэлэхэд МАНАН-г устгахгүйгээр Монголд олигтой сан байгуулах боломжгүй…

Жинхэнэ сан байгуулахын учир

Ямар ч гэсэн манайд сан байгуулах нь зайлшгүй шаардлага. Үүнийг эсэргүүцэх хүн гарахгүй гэж бодож байна. Тэгвэл эсвэл “идчихээд”, эсвэл “тараачихаад” сангаа сүйрүүлээд байдаг эрх баригчидтай үндэстэн юу хийх ёстой вэ ?! Энд сан бүрдүүлэх болон зарцуулах зарчим ярих ёстой.

Миний төсөөлж байгаагаар: санг үл хөндөх; 15 жилээс цааш алсыг харах; улс төрөөс үл хамаарах; ил тод байх; хянах боломжтой байх; ирээдүй хойч үе, үр хүүхэддээ зориулах; “бүсээ чангалах”; байгалийн баялагт оруулах гадаад хөрөнгө оруулалтын нөхцлийг чангатгах зэрэг зарчмуудыг хатуу баримталж, “иддэг”, “тараадаг” новшийн үйлдлийг тас хорих ёстой. Санг түгээмэл жишгээр ирээдүйн хуримтлалын болон тогтворжуулах гэсэн хоёр хэсэгт хуваан эдгээрийг хооронд нь холихгүй байх нь зүйтэй.Тогтворжуулах гэсэн чинь мөнгө дутаад ирээдүйн хуримтлалын сангаасаа жаахан мөнгө авчихъя г.м. тэнэглэлийг таслан зогсоовол зохино. Эдгээрийг зарчмуудыг хуулинд суулгаж болно. Гэвч ямар ч сайхан хууль гарсан манай аваргууд санг иднэ, тараана, сөнөөнө гэдэгт эргэлзэх хэрэггүй…

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, сайд Д.Сумъяабазар нарын яриад тунхаглаад, зүтгүүлээд байгаа “баялгийн сан” шинээр байгуулна гэх санал нэг талаасаа зөв зүйтэй, ирээдүйтэй бөгөөд дэмжүүштэй, нөгөө талаасаа дутуу бөгөөд эргэлзээтэй. Ахиад идчихвэл яана ?! Одоо чинь ямар ч Засгийн Газар, ямар ч албан тушаалтан, түүний дотор нэр дурдсан гуравт шууд итгэх нь тэнэг хэрэг болсон цаг !!!

Харин энэ гурвын болон бусад олон хүний дэмжиж байгаа “баялгийн сан”-тай болох саналыг Үндсэн Хуулиндаа суулгаж өгвөл сая бүрэн гүйцэд бөгөөд баталгаатай болно. 

Би мэргэжлийн хуульч биш учраас хуулийн томъёоллыг сайн мэдэхгүй ч дараах агуулгаар хийж болно гэж бодож байна:

Үндсэн Хуулинд: “Монгол Улс ирээдүйн хөгжил, хойч үедээ зориулсан, байгалийн баялаг болон бусад активаас бүрдсэн “Үндэстний сан”-тай байна. (“сайн сайхан байдлын”, “баялгийн” г.м. нэрлэж болох авч нэр томъёо чухал биш.) “Үндэстний сан” ард түмний мэдэл, хяналтад байх бөгөөд түүнийг арвижуулах, захиран зарцуулах үүргийг Засгийн Газар хүлээнэ. Үндэстний сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах шийдвэр гаргасан болон сангийн хөрөнгийг үрэгдүүлж, шамшигдуулсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.” 

Ингэж хэлмэгц манай мэдэмхийчүүд: “бусад оронд ийм жишиг байхгүй” гэхчлэн балайрах нь мэдээж. Тэгвэл “үй түмэн” сан байгуулаад түүнийгээ 30 жилийн турш оргүй сөнөөдөг жишиг дэлхийд байдаггүй” гэж хариулмаар байна.

Сан бол хураагаад хав дараад, дээр нь хэвтээд байдаг үхмэл хөрөнгө огт биш гэдгийг онцлон сануулж байна. Сангийн хөрөнгийг гадаад, дотоодын компаниудын хувьцааг авч, ногдол ашиг хүртэх г.м олон аргаар байнга эргэлдүүлж, “сэгсэрч” байж арвижуулдаг. Энэ болон бусад олон арга хэрэгслийн талаар дараа ярих завшаан гарах байх…

Бидэнд “өрөнд ордог” үхээнц сан биш, үндэстнээ хөгжүүлдэг сан хэрэгтэй. Монголчууд “Үндэстний сан”-гаа Үндсэн Хуулиндаа суулгаж байж л үндэсний баялгаа МАНАН-гийн дээрэмчдээс хамгаалж чадна. Үндсэн Хуулиндаа суулгачихсан байхад дураараа “идэж ууж”, “тарааж цацах” зэргээр дээрэмдэх нь эрхбиш татарна гэж бодно.

Иймээс “Үндэстний сан”-г Үндсэн хуулинд баталгаажуулахыг эсэргүүцэж буй этгээдүүдийг Монгол үндэстний дайсанд тооцож бүрнээ болно…

Зөвхөн ингэж баймаажин л бид өөрсдийн болон ирээдүй үеийн хөрөнгийг хамгаалж чадна…


Судлаач Х.Д.Ганхуяг.
2019 оны 09 дүгээр сарын 02.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна