Монгол Улсын Их Хурлын хурлын гишүүн О.Баасанхүү эрүүл үү?

2019/09/13
“Хэрэв шүтэж байгаа шашин чинь танаас бусдыг үзэн ядах, доромжилохыг шаардаж буй бол түүнээс эртхэн холдсон нь өлзийтэй”.  (Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам)

Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн Христийн шашныг шүтдэгийг хүмүүс мэднэ. Гэхдээ энэ нь Буддистууд бидэнд асуудал болж байгаагүй. Учир нь хувь хүний шашин шүтэх эс шүтэх эрх, тэр бүү хэл иргэнийхээ ямар шашин шүтэх, эс шүтэх эрхийг ч Монгол Улс Үндсэн Хуулиараа хамгаалсан.

Бүр анхнаасаа Буддизмд олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, нэг л шашин буюу зөвхөн манай шашин л “дэлхийг болон хүн төрөлхтнийг аварна” гэсэн туйлширсан номлолыг зарчимаа болгоогүй. Түүнчлэн өөр шашинтнуудыг “золгүй амьтад”, “мөнхийн тамд” тарчлаасай гэж хараагаагүй. Эсрэгээрээ бүх сэтгэлтэн амьтныг “эх болсон зургаан зүйлийн хамаг амьтад” хэмээн гэгээрлийг ерөөж шашныхаа үйлийг зориулж ирсэн.

Нэг жишээ дурдвал Баян-Өлгийн Казак түмэн ардчилалын эхэн үед өөрсдийн шашны сүмээ барихад Монголын Буддист лам нар тэдний шашин шүтэх эрх чөлөөг нь хүндэтгэж тухайн үед чадлаараа хандив өргөж байсан. Үүнд Казак түмэн үргэлж талархалтай ханддаг. Өөрсдийн шашны сүмээ барих санаачилгыг Монголын Буддистууд доромжлоогүй харин дэмжсэн. Иймээс Монголд Буддистууд болон Исламын шашинтнууд шашин хоорондын зөрчилдөөнгүй, харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнөөдөр бид бүс нутагтаа шашин хоорондын зөрчилдөөнөөс сэргийлэх талаар дэлхийн олон шашны зүтгэлтнүүдтэй хамтран Азийн Буддистуудын энх тайвны бага хурал (2019.06.21-23) болон Самвад III олон улсын хурал (2019.09.06-08)-ыг санаачилан зохион байгуулаад байна.

Эдгээр хурлуудад Монгол дахь Үнэн алдартны сүм болон Ватиканы төлөөлөгчийн газрын удирдлагууд ч олон улсын шашны зүтгэлтнүүдтэй хамт идэвхитэй оролцож, шашны хэт туйлширсан үзэл дэвэрч болзошгүй өнөөгийн нийгэмд шашин хоорондын эв нэгдэл, хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж байсан. Монголын Буддистууд бид улс орон, бүс нутаг, дэлхий дахинд хүнлэг энэрэнгүй, ёс зүйт нийгмийг бий болгоход бүх шашнууд эвтэй найртай хамтран ажиллаж хувь нэмрээ оруулах ёстой гэсэн байр суурийг сахиж, түүний төлөө олон улсад дуу хоолойгоо идэвхитэй илэрхийлж ирсэн. Өргөн өнцөгөөс харвал дэлхийн ихэнх дайн, улс хоорондын мөргөлдөөн, дотоодын хямрал самуун шашны хэт туйлшрагчдын үзлийн зөрүүгээс болсон байдаг. Шашин хоорондын зөрчилдөөн мөргөлдөөнгүй амар тайван улс орныг минь бусниулж, шашны үзлээр нийгмийг талцуулан хямаргах нь түүнд ямар ашигтай юм бол?

Шашны асуудал өөрөө хүний зүрх сэтгэлийн асуудал учир хамгийн эмзэг сэдэв мөнөөсөө мөн. Үүгээр тоглох эрх хэнд ч байхгүй. Ялангуяа О.Баасанхүү гишүүнд байхгүй!!! Эрхэм гишүүн тэр Монгол хүн юм бол яагаад гуравхан саяхан хүн амтай улс орныхоо эв нэгдлийг өөрийн болсон болоогүй ухвар мөчид үзлийн доогуур тавьж шашны хооронд зөрчилдөөн үүсгэхийг санаархана вэ? Өөрт нь хор хүргээгүй бусад шашныг гутаан доромжилох эрхийг Монгол дахь Христийн шашныхан түүнд өгөөгүй. Өгөх ч ёсгүй. Учир нь тэд ч бас Монгол хүмүүс, эх орныхоо аюулгүй байдлын төлөө зүрх нь цохилдог ухамсартай хүмүүс байгаа. Харин О.Баасанхүү гишүүн сайн Христ байхын оронд юунд үндэсний олонхын шүтдэг Буддизмын гол хийдийг төрийн хүнд баймгүй, ёс зүйгүй, ил цагаанаар доромжилж, түүхт шүтээнийх нь талаар юунд улайм цайм худал хуурмаг мэдээ цацаж сууна вэ? Тэрээр энэ солиотой гэмээр худал мэдэгдлээрээ нийт Буддистуудын итгэл үнэмшилд ноцтой халдаж байна гэж бодож ухамсарлаж чадахгүй яваа юм биш үү? Эсвэл түүнд улс орны эв нэгдлээс илүү өөрийн балай улс төрдөө шашныг ашиглах сонирхол нь илүү чухал юм уу?

Тэнд энд Христ сүм байна гэж Буддистууд ухвар мөчид зан гаргаж үзэн ядалт нийгэмд дэгдээгээгүй. Яагаад гээч бид нэг шашны сонирхолоос илүү улс орноо олон ургалч үзэлтэй ч аливаа шашин хоорондын зөрчилдөөнгүй, эв нэгдэлтэй байгаасай гэж хүсч түүний төлөө бүс нутаг, дэлхий дахинд дуу хоолойгоо бодитой илэрхийлж ирсэн юм. Үүнийг Нэгдсэн Үндэсний байгууллага ч гэрчилнэ.

Эцэст нь хэлэхэд О.Баасанхүү гишүүнийг дуслын төдий уйланхай шиг ч болж биежээгүй байхад Буддын шашныг шүтдэг өвөг дээдэс минь өнөөгийн түүний самрах гээд байгаа улс орны эв нэгдэл, тусгаар тогтнолын төлөө нэг үзэл, нэг тугийн дор нэгдэн тэмцэж амь биеэ хайрлахгүй зольж ирсэн юм шүү. Тиймээс түүнд бидний шашин шүтлэг рүү дайрах эрх байхгүй! Цөөхөн Монголчуудыг хэнд ч хэрэггүй гутамшигт үзэл суртлын зөрчилдөөн лүү бүү түлх! Амжилт олохгүй! Энэ салбар түүний сонгуулийн угтуул ажлаас хол байх ёстой!

Үнэндээ эрүүл хүн улс орныхоо шашны эв нэгдлийг самрах гэж оролдох уу? гэж гайхаж байна, мөхөс миний бие. Коммунизмын нэн шинэ түүх бус харин Монгол хүн бүрийн бахархал болсон жинхэнэ түүхээ уншаач ээ, Эрхэм гишүүнээ!

МБШТ Гандантэгчэнлин хийдийн шавь Б.Мөнхбаатар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна