Ц.Гарамжав: Хөгжлийг гацаасан хөдөлмөрийн хууль


Монгол Улс зах зээлийн чөлөөт нийгэм, эдийн засгийг байгуулж, хөгжихийн төлөө хэн хүнгүй хичээж, төр, засаг ААН, ард иргэд бүгд л шинэ нийгэмдээ хөлөө олж, хөдөлмөрийн харилцаагаа сайжруулах гэж зүтгэж яваа түүхэн цаг үе тохиож байна.

Өмнөх 4 жилд миний бие УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсгийг байгуулалцаж, орж ажиллаж байсан. Энэ хуульд хөдөлмөрийн харилцааг хэт тэнцвэргүй болгосон, ажил хаялтуудыг олон сая ажилтантай өндөр хөгжилтэй орнуудаас дууриан хуулбарласан, ААН-үүдэд давхар давхар татвар, санхүүгийн хэт ачаалал дарамт нэмсэн байсныг тухайн үед зарчмын зөрүүтэй санал гаргаж, анхааруулж, улмаар МХАҮТ-ыг маш анхааралтай оролцохыг хүсч байсан юм.

Шинэчилсэн найруулгын төсөлд 343 шинэ зүйл заалт нэмж оруулсанаас 119 нь ажлын байр бий болгогчдыг үүрэгжүүлсэн бол зөвхөн 9 нь ажилтныг үүрэгжүүлсэн байгаа нь нийгэмд  таалагдахын төлөө хөдөлмөрийн харилцааны тэгш, шударга байх үндсэн зарчмыг орхигдуулж, хэт туйлширсан сөрөг үр дагавартай болохоор байна.

Манай улсын 3,3 сая хүн амын 1,2 сая буюу хөдөлмөрийн насны иргэдийн тал хувь нь л ажил хөдөлмөр эрхэлдэг.
2012 онд 120,000 орчим байсан ААН-ээс 2020 онд 87,000 ААН үлдэж, өнөөдрийн цаг үед нийгмийн баялгийг бүтээх гэж хөдөлмөрлөж байна. Өөрөөр хэлбэл Монгол улс нь ажил олгогчид болон ажиллах хүчний нөөц, бааз суурь хангалтгүй улс орон билээ. 

1999 онд батлагдсан Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдсан харилцааг дордуулалгүй, илт сайжруулсан, ажил олгогчид болон ажилтнуудыг зөрчилдөөн, тэмцэл, дарамтанд улам оруулах биш харин эвлэлдэн нэгтгэхэд уриалсан, тэгш, шударга харилцааг дээдэлсэн, шинэ залуу үеэ ажил, хөдөлмөрт төлөвшүүлсэн, цаг хугацаатай уралдсан, эх оронч хөдөлмөр бүтээн байгуулалтыг дэмжсэн, ард иргэдийнхээ амьдрал орлогыг эрс сайжруулахад чиглэсэн, бүх талуудад урам, зориг өгсөн хууль болон шинэчлэгдэх учиртай билээ.
Гэтэл одоо хэлэлцэгдэж буй хуулийн төслөөс харахад ААН, ажил олгогчид, ажиллагсдын хөдөлмөрийн харилцаанд бодит дүн шинжилгээ хийгээгүй, өнгөц хандсан нь туйлын байж боломгүй асуудал болжээ.

Тухайлбал:
1. Хуулийн төслийн 11.2.7, 12.2.8 дахь заалтуудад ажил олгогч болон ажилтан Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэл албан журмаар төлөх, эсхүл  торгох татвар оногдууах тухай тусгажээ. Эдгээр татварууд нь бусад хуулиудаар зохицуулагддаг бөгөөд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлөх тухай бусад орны хөдөлмөрийн хуульд төдийлөн тусгагддаггүй бөгөөд манай улсад шинэчлэл хийх шаардлгатай талаар нийгэмд хурцаар шүүмжлэгдэн яригдаж байгаа билээ.  

2. Хуулийн төслийн 27.2-т Улирлын шинжтэй ажил байнга эрхэлдэг ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж тусгажээ. Орчин цаг үед хэрэгжиж байгаа төслүүд нь харилцан адилгүй. Хөрөнгө оруулалт, санхүү, улс төр гээд ялангуяа дэлхий дахиныг хамарсан цар тахлаас шалтгаалсан урьдчилан тааварлах боломжгүй цаг хугацааны цавчаанд бүгдээрээ орж байхад огтхонч нийцэхгүй санхүүгийн дарамтанд оруулсан заалт болжээ. Ажлын байрыг төр, хувийн хэвшил, ААН-үүд бий болгож, бүх иргэдээ ажилтай орлоготой байлгахын төлөө зүтгэдэг. Улирлын чанартай ажлын харилцааг ААН-үүд болон ажиллагсад нь харилцан ойлголцож дотоод журмаараа зохицсоор ирсэн. Ажилтан ажиллагсаддаа илт хохироодог зарим нэг ААН, байгууллагуудын асуудлыг нийт ажлын байр бий болгогчдод хамааруулж, хуулийн бодлогогүй зохицуулалтыг оруулж болохгүй. Ажил зогссон үед цалин олгох боломжтой ААН-үүд манай улсад бараг байхгүй дээ. 

3. 48-р зүйл: Хөдөлмөр эрхлэх харилцааг цуцалсны тэтгэмжийг нэмэгдүүлж, улмаар  нэг сараас хагас жилийн цалинтай тэнцэх хэмжээний  нөхөн олговорыг  мэргэжил, ур чадвар нь албан тушаалдаа тэнцээгүй, сахилгын арга хэмжээ удаа дараа авагдсан ... гэх мэт ажилтанд харин бүр урамшуулж байгаа мэтээр тэтгэмжийг 5 дахин нэмэгдүүлсэн заалт оржээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн хуульд энэ төрлийн маргааныг практикт шүүх ихэнхидээ ажилтны талд шийдвэрлэдэг бичигдээгүй хуультай болсон байсныг ашиглаж, далимдуулдаг ажиллагсад цөөнгүй байдаг. Нэг ёсондоо ажил олгогчдод шударга бусаар ханддаг байсан юм. Үүнд ААН-үүд гомдолтой байдаг. Гэтэл энэ харилцааг Хөдөлмөрийн хуулиар засаж сайжруулах бус харин улам дордуулсан байна.

4. 71-р зүйл.Нийтээр амрах баярын өдөр: Нийтээр амрах нь баярын өдрүүд нь амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөр нөхөн амруулна гэж тусгажээ. Маш товчхон хэлэхэд, монголчуудад амралт, зугаа цэнгэл ихэдсэн болохоос багадаагүй. Жилийн 365 хоногын 234 өдөр л ажиллаж, үлдсэн 131 өдөр амарч байна. Үүн дээр бусад тэмдэглэлт өдрүүд нэмэгдэнэ.  Мөн  ээлжийн амралт дунджаар 21 хоног амардаг. Ингээд бид бүтэн жилийн бүтээмжийнхээ тэн хагасыг ийнхүү амарч, ажилахгүй өнгөрөөдөг билээ. За тэгээд өвлийн хүйтэн саруудад зогсолт хийдэг олон салбартай манай улсад нийтээрээ нэмээд амарсаар л  байя гэж  хуульчилж байгаа мэт харагдана. Хэзээ улс  маань хөгжиж, бид хөдөлмөрөөр өөрийгөө болоод улс орноо бүтээн байгуулах вэ? Унтаад, амраад л байцгааяа гэжүү?

5. 114-р зүйлд сахилгын шийтгэлийн арга хэмжээг нээлттэй, хаалттай 2 удаа сануулж, улмаар ажлаас чөлөөлөхөөр зохицуулжээ. Ер нь ААН-үүд ажилтнуудаа халж, солиод байх сонирхол огт байдаггүй, 20 хүртэлх хувиар торгох санхүүгийн арга хэмжээ нь нэг талаас тухайн ажилтныг ажлаас чөлөөлөгдөхөөс хамгаалж, нөгөө талаас ажилтан алдаагаа богино хугацаанд засах шууд нөлөө болж өгдөг байсан юм. Шинэчилэгдсэн заалт нь аль аль харилцаанд сөрөг үр нөлөө дагуулахаар байна.

Хөдөлмөр хүнийг бий болгосон хүн төрөлхтний хөгжлийн үнэн бодит түүхийг бид мэддэг билээ. Дотоод журмаараа зохицуулагдах боломжтой асуудлуудыг хуульчилж ААН-үүдийн үйл ажиллагаанд хэт хөндлөнгөөс оролцож байгаа нь төр, хууль эрх зүйн монополь дарамтыг баялаг бүтээгч, ажлын байр бий болгогчдод учруулах асуудал дагуулж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиас дутуугүй ач холбогдолтой Хөдөлмөрийн хуулиа нийгэмд талцал, зөрчил, дарамт, маргаан, хөдөлмөрийн хар зах зээлийг бий болгох муу уршиг дагуулсан хууль болгохгүйн төлөө долоо хэмжиж нэг огтлохын ухаанаар дахин нийгмийг хамарсан судалгаа дүн шилжилгээ хийж, хөдөлмөрийн харилцааны эрх үүргийг шударгаар, тэнцвэртэй хадгалж, сайжруулсан дэвшилтэд хууль гаргах хэрэгцээ, шаардлагатай байна.

Цэдэнгийн Гарамжав



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.100.4
    2021/01/18

    bi huidaa garamjaviig demjine

    Хариулах
  • 202.131.227.122
    2021/01/17

    zugeer baisan huuliig zugeer l bail da.oilgomjgui ug helleg. amraltiin honog. geh met

    Хариулах
  • 66.181.161.101
    2021/01/17

    hogjliig gatsaan bish sergeesen huuli geech tegsh huuli shd. urd ijil tentsuu baigaagui ajil olgogch nart uilchildeg huuli baisan

    Хариулах