Б.Ганхуяг тэргүүтний “Нүүрсний хэрэг”-"Нийтийн хулгай" гэх эндүүрэл

Zuv.mn
2023/09/13

“Нэг хүн үхвэл эмгэнэл, олон хүн үхвэл статистик” гэж үг бий. Тэрэн шиг, нэг хүн хулгай хийвэл гэмт хэрэг, нийтээрээ хулгайлбал гэмт хэрэг биш болдог бололтой. “Нүүрсний хэрэг”-т холбогдон шалгагдаж буй Б.Ганхуяг, Т.Аюурсайхан тэргүүтнүүдийн шүүх бүрэлдэхүүн болон олон нийтэд хандаж хэлсэн үгнээс яг ийм агуулга, бусад хулгайч нартаа хандсан сүрдүүлэг цухалзаж байв. Гэхдээ, төгс гэмээр өөртөө итгэлтэй шантаажилж байгаа тэдний үгнээс төрийн эрх барьж буй хүмүүс буюу хамт хулгай хийсэн хүмүүсийг л анхаарч, хамсаатнаа гэж үзэн, баялгийн эзэд болсон ард түмнийг огт ойшоож үзэхгүй байгаа, "Хэн хулгайч вэ" гэдгийг мэдэж байгаа хэр нь хэлэхгүй, харин шантаажилж байгаад "хуурай гарах" санаа тээж байгаа хандлагад нь зэвүү хүрч суув.  

Үнэндээ, Тавантолгой бол монголчуудын өмч. Төрийн нэр барьсан түр хүмүүс бүгдээрээ нийлээд хулгайлсан ч бүгдэд нь хариуцлага тооцох эрхтэй, бас чадвартай. Өчигдөр сошиалд “Үнэндээ бол бүгд л хулгайч, тийм учраас хамгийн том гэрч Б.Ганхуягийг есөн сар шоронд нууж байна” гэсэн санаа сэвэгдэж харагдсан. Энэ үнэн. Хэнээс ингэтэл нь нууж байгаа вэ гэвэл ард түмнээс л шүү дээ.

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар буруугүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Гэхдээ тэд л зөвхөн буруутай юу гэвэл бас л тэрэн шиг худлаа юмгүй.

Одоо үүсээд байгаа, улсыг ч хөмрүүлж мэдэх эгзэгтэй нөхцөл байдал үнэндээ Монголын баялаг монголчуудынх гэдгийг мартуулсантай холбоотой. Энэ удаад “Нүүрсний хэрэг” гэгчээр бага зэрэг хөндөх ч илүү гүнзгийрэхгүй.     

Засгийн газраас “Нүүрсний хулгай” гэх хэргийг илчлэх кампанит ажлыг эхлүүлж, холбогдсон хүмүүсийн эхний хэсэг болох 17 хүний нэрсийг есөн сарын өмнө зарласан. Мөрдөн байцаалтын шатанд энэ тоо нэмэгдэж, хүмүүс орж ирэх байсан ч тэгсэнгүй. Зарласан хүмүүсийн нэрсийг анх хараад “Тавантолгой эдийн засгийн гэхээсээ улс төрийн асуудал байсан, тэр хэвээрээ үлдэх юм байна” гэсэн харамсал улам баталгаажиж байна.  

Есөн сарын өмнө, идэр есийн хүйтэнд талбай дээр жагссан 20 гаруйхан насны залууст шударга ёсны хэмжүүр нь байгаа ч хангалттай мэдээлэл байсангүй.

Хэрвээ байсан сан бол Ардчилсан нам, МАН гэсэн улс төрийн голлох хоёр хүчин Тавантолгойг ард түмэнд биш, өөрсдийнхөө ард байдаг бизнесийн бүлэглэлд авч өгөх гэж тэмцэлддэг, энэ орд дахь иргэдийн хувь эзэмшлийг зөвхөн улс төрийн ашиг хонжоо гаргах үүднээс хөнддөг гэдгийг ойлгох сон билээ.

Өөрөөр хэлбэл, "Нүүрсний хэрэг" бол Тавантолгойг нэг бүлэглэлд авч өгөх, далимд нь АН-ыг санхүүжүүлэгчээс нь салгах зэрэг эдийн засаг, улс төрийн зорилготой нүүдлийн нэг хэсэг байх магадлал өндөрслөө. Тун удахгүй төр Тавантолгойгоос татгалзаж, хувийн хэвшилд өгье гэж ч мэдэхээр байна.  

-Тавантолгойг ашиглахыг оролдсон түүх буюу худал хуурмагийн хөндий-

Уул уурхайгаар дагнан бичдэг “Майнинг журнал” сэтгүүл 2012 онд  “Монголын улс төрийн намууд Тавантолгой гэх мэт стратегийн томоохон ордыг ашиглан улс төрийн тоглолтоо явуулах санаатай байгаа. Эрх баригчид нь авлигачид учраас стратегийн томоохон асуудлаа өөрсдөдөө ашигтай байдлаар шийдвэрлэх сонирхолтой байна. Тэдэнд бол ард түмэн хэлд ороогүй хүүхэдтэй адил” хэмээн бичиж байжээ.

Харамсалтай нь, үүнээс хойш 10 жил өнгөрчхөөд байхад байдал огт өөрчлөгдсөнгүй. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний баялаг болог Тавантолгойн бүлэг орд эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн асуудал хэвээр, баялгийн эзэд болох монголчууд өмчийнхөө талаар ямар ч ойлголтгүй, ордтой холбоотой мэдээллээс тухайн үеийн эрх баригч намын гаргаж өгсөн, өөрсдөд нь ашигтай байдал үүсгэж болох мэдээллийг үмхэж, өөр хоорондоо талцаж хуваагдан боломжоо хулгайлуулсаар өдий хүрлээ.

Цэвэр эдийн засгийн агуулгаар бол Тавантолгойг эргэлтэд оруулах шиг амархан юм үгүй гэдгийг захын эдийн засагч хэлдэг. Оюутолгой дээр жишээ нь, гүний уурхай, нарийн технологи, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах учраас доншуур компаниар дамжуулж, үндэстэн дамнасан томчуудтай хамтарсныг ойлгож болно. Харин Тавантолгойн бүлэг орд шиг ил, олборлолт явуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүй, худалдан авагч нь хажуудаа ийм ордыг эздэд нь буюу ард түмэнд ашиггүй ажиллуулах нь ашигтай ажиллуулахаасаа илүү их ухаан зарах ажил гэсэн тэдний үг үнэн.


Ард түмний өмч болох Таван толгойн бүлэг орд яагаад түмэнд ашгаа өгөхгүй энэ олон жил явсан нь шуудхан хэлэхэд, тус ордод эзэн суух зорилготой бизнесийн бүлэглэлүүд, тэдэнд үйлчилдэг үе, үеийн эрх баригчидтай салшгүй холбоотой. Тэд ил далд тэмцлээ үнэхээр л ард түмнийг “хэлд ороогүй хүүхэд” мэт хуурч мэхэлж явж байсан . Тавантолгойн ордын сүүлийн 20 жилийн түүх нь тэр чигээрээ эзэн суух гэсэн бүлэглэлүүдийн далд зөрчил тэмцэл, ард түмнийг хуурч мэхэлсэн түүх юм.

-НЭГ: “Энержи ресурс” буюу Ухаа худаг-

Уг орд нь одоогийн байдлаар "Энержи ресурс" буюу MCS-ийн Ж.Оджаргалын мэдэлд байгаа. Тавантолгойн бүлэг ордын хамгийн сайн судлагдсан, нөөц нь баттай тогтоогдсон төдийгүй хамгийн чанартай гэдгээрээ "Тавантолгойн өрөм" гэж нэрлэгдэж байгаа орд. Батлагдсан нөөц нь өссөөр 600 гаруй сая тоннд хүрээд буй. Анх шилжүүлж авахдаа "Нөөц нь тогтоогдоогүй хоосон газар авлаа" гэж байсан ч яван явсаар "өрөм"-ийг нь авсан болж таарсан.

“Судлагдаагүй” гээд байгаа орд газарт хуучнаар БНМАУ, ЗХУ-ын геологичидын хамтарсан экспедицийнхэн судалгаа хийгээд бүх нөөцийг нь тогтоосон баримт сүүлд нь гарч ирснийг хэвлэлийнхэн илчилсэн. Энэ нь нарийндаа "Ухаа худаг"-ийг төрд шилжүүлж авах үндэслэл байсан юм.

Уг баримтыг БНМАУ-ын ГУУЯ-ны сайд З.Барсаар ахлуулсан Зөвлөлт-Монголын геологичдын ажлын хэсэг 1989 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 08 тоот тайланд бичсэн байсан гэх.

Орд газарт хийсэн судалгаанд тухайн үеийн ханшаар 3.5 сая долларын хөрөнгө зарцуулж, техник эдийн засгийн үндэслэл, тайлан тооцоо, хайгуулын ажил, нөөцийн дүгнэлт гээд бүгдийг нь жин тан болгосон байсан хэмээн учир мэдэх хүмүүс өгүүлж байв. Тайланд бүх нөөц нь 411 сая 539 мянган тонн байх аж. Үүнээс коксждог нүүрс нь гэхэд 252 сая 101 мянган тонн, чулуун нүүрс нь 149 сая 53 мянган тонн гэжээ. Өөрөөр хэлбэл, “Ухаа худаг” коксжих нүүрсгүй биш, нийт нөөцийн 4 хувь бүр ч биш байсан юм. 

-ХОЁР: Орон нутгийн Тавантолгой- 

Ард түмэн хувь эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн олборлолт явуулдаг Цанхийн зүүн хэсэгт  орон нутгийн гэгддэг "Тавантолгой" бас олборлолт явуулж байгаа. Энэ компани Зүүн Цанхид 169 га талбай эзэмшдэг. Үүний 51 хувь нь орон нутгийн мэдэлд мөн 36 хувь нь "Ажнай" Д.Бат-Эрдэнийн мэдэлд байдаг. Уг нь Тавантолгойн нүүрсний энэ "жижигхэн" уурхайг 1966 оноос хойш ил аргаар ашиглаж Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн төв болон ойролцоох сумдын нүүрсний хэрэгцээг хангаж ирсэн юм билээ. Анх Баруун Цанхид тендер зарлахад "Эхлээд Тавантолгой транс"-ын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй" гэсэн яриа гарч байсан. Учир нь, орон нутгийн “Тавантолгой транс” нь яг төслийн талбай дотор олборлолт явуулж байсан юм. Гэвч зогсоож дийлээгүй. Ямар ч байсан 2036 он хүртэл нүүрс зөөх эрхтэй хэвээр байна. Орон нутгийн “Тавантолгой”н талаар тухайн үед “Долоон жилийн дараа нөөц нь дуусна” гэдэг яриа гаргасан нь худлаа, хууран мэхлэлт гэдгийг харуулдаг. 

-Далд тэмцэл дуусаагүй-

 УИХ-ын гишүүн Н.Батбаяр Ерөнхий сайд байсан Сү.Батболдоос “Тавантолгойн лиценз таны 100 хувийн эзэмшлийн компанид байсан. Түүнийгээ “Энержи ресурс”-т шилжүүлсэн гэж ярьдаг. Одоо та тэндээ байгаа юу. Шилжүүлсэн бол яг яаж шилжүүлсэн бэ. Зарсан уу, бэлэглэсэн үү” гэж асууж, Сү.Батболд тодорхой хариулт өгөлгүй бултдаг ч “Орон нутгийн” Тавантолгойг тойрсон хууль бус ажиллагааг илчилнэ шүү хэмээн сүрдүүлж буй бичлэг интернэтэд бий.

Монголын улс төрийн голлох хоёр хүчин болох Ардчилсан нам, МАН хоёул Тавантолгойд ашиг сонирхолтой гэдэг нь эндээс тодорхой харагддаг.

Бичлэгт Н.Батбаяр гишүүн Ухаа худагийн лиценз “Энержи ресурс”-т хэрхэн шилжсэн талаар баримтыг нэхэхэд “УИХ-ын гишүүний шугамаар танилцаарай” гэдэг. Энэ мэдээллийг олон нийтэд ил болгох шаардлагатай. Учир нь энэ үед Ардчилсан нам “Энержи ресурс”-ийн 51 хувийг төрд авах асуудлыг хөндөөд байсан юм.

МАН эрх барьж байх үедээ Орон нутгийн Тавантолгойг төрийн мэдэлд авахаар санаархаж, хувь эзэмшигчид нь хувьцаагаа маш өндөр үнээр хоорондоо заралцаж байсан тохиолдлыг энд бас жишээ болгож болно.

Ардчилсан нам сонгуулийн өмнө оноо авахын тулд Ухаа худаг руу "чичирч", Сү.Батболд улайран эсэргүүцсэн тэр хэрүүл тэмцлийн дараа “Financial times”-ын нийтлэлч Дэвид Пилинг Монголын улстөрч­дөд "Тавантолгойг эргэлтэд оруулахын тулд “Эхлээд баялгаа хэрхэн ху­ваарилах вэ гэдгээ шийдэх хэ­рэгтэй. Дотооддоо хэрхэн ху­ваарилах вэ, гадныхантай яаж хамтрах вэ гэдгээ шийдэх ёс­той” гэсэн зөвлөгөө өгч байв.

Одоо өрнөж байгаа үйл явцаас харахад улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд энэ асуудлаа одоо болтол шийдээгүй нь харагдаж байна. Хамгийн харамсалтай нь, эрх баригчдын энэ тэмцэлд ард түмэн үрэгдэж, эрх барих хугацааг нь дөрөв, дөрвөн жилээр сунгаж өгч байдаг нь юм. 

Эцэст нь хэлэхэд, Тавантолгой бүтнээрээ эргэлтэд орох өдий байна. Баруун Цанхи нэртэй 11943А тусгай зөвшөөрөл бүхий 2037 га, Зүүн Цанхи нэртэй 11956А тусгай зөвшөөрөл бүхий 5603 га, Шар тээг нэртэй 11955А тусгай зөв­шөөрөл бүхий 24532 га, Бор толгой нэртэй 11953А тусгай зөвшөөрөл бүхий 12871 га, Бор тээг-1 нэртэй 11954А тусгай зөв­шөөрөл бүхий 23479 га талбай газрын ашиглалтын зөвшөөрөл төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХК-ийн мэдэлд байдаг. Эдгээрээс Шар тээг, Бор толгой, Бор тээг-1-ийг хэрхэн ашиглах талаар яригдаагүй байгаа. Эдгээрийг ашиглаж байж л Тавантолгой бүрэн утгаараа эргэлтэд орно.

Ард иргэдийн хувь эзэмшил 14 хувьтай байгаа бөгөөд энэ хувийг нэмэгдүүлэх шаардлагатай.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.67
    2023/09/14

    Нямзагд Амараа дарга нүүрсний хулгайд холбогдсуу

    Хариулах
  • 202.126.88.75
    2023/09/13

    Nuursnii Hulgaigui il tod medeelel data Bugd neg dor neelttei bai.

    Хариулах