“Ардаа эзэнтэй хоёр, заалнаас дэвшсэн нэг" буюу АЭХ-ны тэргүүнд өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ

Zuv.mn
2023/09/20

Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөгчдийн нэрс эцсийн байдлаар тодорхой болжээ. Өмнө нь яригдаж байсан, холбооны одоогийн дэд тэргүүн Б.Жаргалан, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нар дээр М-Ойл группын гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа нэмэгдэж орж ирсэн байна.

Ирэх сонгууль холимог тогтолцоогоор болно. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн нь жагсаалтад маш дээгүүр эрэмбэлэгдэж орж ирэх боломжтой тул дээрх гурвын дунд “Хэн нь УИХ-д суух вэ” гэдэг өрсөлдөөн өрнөж байгаа гэж хэлж болно. 

Гэхдээ пропорциональ тогтолцооны үед жагсаалтад бичигдэх улс төрчид намынхаа нэр хүндийг өсгөдөг тул зөв үлгэр дуурайлал, хийсэн ажил, хэлэх үгтэй, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хүн сонгох нь чухал байгаа юм. Түүнчлэн, яг холбооны гишүүд дэмжигчдийн хувьд холбоогоо авч явах тууштай хүн хэрэгтэй болсон нэг нюанс бий.   

АШИГ СОНИРХОЛТОНГУУДАД ЖИЛИЙН ДАРАА "ХЭРЭГГҮЙ БОЛОХ" АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ТУХАЙ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо бол Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага. Чиг үүргийн тухайд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалсан шийдлүүдийг эрэлхийлж, түүнийгээ намын бодлого шийдвэрт тусгуулах, хэрэгжилтэд нь манлайлалтай оролцох замаар эмэгтэйчүүдийн дэмжлэгийг авч, намаа сонгуульд амжилттай оролцоход нь туслах гээд ойлгочиход болно. 

Холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажиллаж байсан бөгөөд тэрбээр ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдээд байгаа юм.

НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ 

“Даргын хүн” А.Адъяасүрэн

“Номгон санчир” жолооны курсын эзнээс нүүрс тээврийн компани удирдаж, улмаар УИХ-ын гишүүн болсон атаархам намтартай А.Адъяасүрэнгийн УИХ-д тогтож үлдэх арга зам нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болжээ. 

Ингэж хэлсний учир нь, С.Одонтуяа гишүүнийг ажлаа өгөөгүй шахам байхад дараагийн тэргүүнд яригдсан хүн бол А.Адъяасүрэн гишүүн юм. Эх сурвалжийн хэлснээр, түүнийг намын Үндэсний бодлогын хорооны дарга Ж.Батсуурь дэмжиж байгаа аж. Энэ бол маргаангүй, том дэмжлэг мөн.

 Гэхдээ дээр хэлсэнчлэн, жагсаалтад бичигдэх хүн нь намынхаа нэр хүндийг өсгөхүйц байх ёстой. Жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдээс хэд нь УИХ-д орж ирэх вэ, эс бол орж ирж чадахгүй вэ гэдэг нь А.Адъяасүрэнгээс шалтгаална гэсэн үг.

 Гэтэл А.Адъяасүрэнд тийм потенциаль байгаа эсэх нь тун эргэлзээтэй. Тэрбээр “Нүүрсний” гэх хэрэг эрчээ авахаас ч өмнө, бүр гишүүн болохоосоо ч өмнө ижил агуулгатай хэрэгт авлига өгсөн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдсан гэдэг. Бусдад 100,000 ам.долларын хахууль өгсөн хэрэгт сэжиглэн яллагдагчаар татаж, хэд хэдэн удаа тогтоолтой нь танилцуулах гэсэн боловч ирээгүй болохыг хэвлэлүүд онцолж байв.

“Даргын хүүхэд” Б.Жаргалан

Б.Жаргалангийн тухайд, улс төрийн үйл ажиллагаа гэхээсээ илүү Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаярын охин гэдгээрээ илүү танигдсан нэгэн. Чинээлэг гэр бүлийн хүүхдүүд бусдаасаа дөнгүүр боловсрол эзэмшдэг ёсоор тэрбээр тун ч сайн боловсрол эзэмшсэн.   

  Эцгийнхээ “сүүдрээс гарах”, өөрийн нэрийг олж авах чигт хийж буй хамгийн том алхам нь бараг энэ, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвшсэн нь болов уу. Өмнө нь Ардчилсан намын дэд дарга гэх илүү том албан тушаалд ажиллаж үзсэн ч намаа ялагдуулсан учраас ингэж хэлж байгаа юм.

Өдгөө нэгдэж нийлэх процесс нь үргэлжилж буй Ардчилсан намд “2020 оны сонгуульд намаа ялагдуулсан нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцох хэрэгтэй” гэсэн хатуу үзэл бодолтой хэсэг байдаг. Тэднийхээр бол Б.Жаргалан хариуцлага тооцуулах ёстой хүний нэг.

“Заалнаас дэвшигч” Б.Пунсалмаа

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгууль уг нь ҮБХ-ны хурлын маргааш буюу наймдугаар сарын 29-нд товлогдсон байсан. Гэсэн ч товлосон хугацаандаа бололгүй хойшилсны дараа нэмэгдэж орж ирсэн нэр дэвшигч нь М-Ойл группын гүйцэтгэх захирлаар олон жил ажиллаж буй Б.Пунсалмаа юм. 

Нөгөө хоёроосоо ялгаатай нь, түүний ард хэн нэгэн улстөрч байхгүй. Тохироогоор явах гэж байгаад хойшилсон хурлын дараа нэмэгдэж орж ирсэн, өөрөөр хэлбэл, холбооны гишүүдээс буюу “Заалнаас” тодруулсан нэр дэвшигч гэж хэлж болно.

Нөхцөл байдлын тухайд, өмнө нь АЭХ-г зөвхөн УИХ-д нэр дэвших, сонгогдох гишгүүр талаас нь хардаг байсан бол энэ удаад бас ч шууд тэгж харахад өрөөсгөл гэж дүгнэх нэг үндэслэл байгаа нь холбооны статустай холбоотой.  

Өнгөрсөн зун батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар, намууд цаашдаа эмэгтэйчүүдийн, залуучуудын гэх мэт ТББ ажиллуулахыг хориглож байгаа. Хуулийн үйлчлэл 2024 оны сонгуулийн дараа эхэлснээр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Ардчилсан намаас өрх тусгаарлана. 

Тиймээс, Ардчилсан намаас өрх тусгаарласны дараа ч холбоогоо хаячихгүй тууштай, санхүүгийн хувьд тарааж бутраачихалгүй аваад явчих чадамжтай хүн хэрэгтэй байгаа юм. Энэ шаардлагад хамгийн нийцэх нэр дэвшигч нь Б.Пунсалмааг гэж харж байгааг буруутгах аргагүй. Б.Пунсалмаа "М-Ойл" группээс гадна Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоонд (IWFCI) Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр мөн олон жил ажиллаж байгааг бас ажигласан байх. 

Товчхондоо, АЭХ-ны хэн нь даргын заавраар, хэн нь холбооныхоо төлөө ажилладаг вэ гэдгийг энэ сонгуулиас харна. Түүнчлэн, намаас хамааралгүй институц бүрдүүлж чадсан эсэх буюу цаашдаа бие дааж амжилттай ажиллаж чадах эсэх нь жилийн дараагаас харагдана. Энэ нь одоо болох сонгуулиар хэн сонгогдохоос тодорхой хэмжээгээр хамааралтай юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.12
    2023/09/20

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

    Хариулах
  • 202.70.33.164
    2023/09/20

    Пунсалтаа нь дээр

    Хариулах