“ФС Улаанбаатар” “Азийн цом”-ын тэмцээний эхний хожлоо авлаа

Zuv.mn
20 цаг 24 минутын өмнө

Хөлбөмбөгийн клубүүдийн “Азийн цом”-ын тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж буй “ФС Улаанбаатар” баг өчигдөр эхний тоглолтоо “Тайнан сити” багтай хийж, 3:1-ээр хожлоо. Энэ хожил тус тэмцээний түүхэнд манай багуудын авсан анхны хожил болж түүхэнд үлдэж байна. Өмнө нь манай улсаас тус тэмцээнд “Хоромхон”, “Эрчим”, “Атлетик 220” клубууд улсаа төлөөлөн хэсгийн шатанд оролцож байсан ч хожил авч амжаагүй байсан аж.

Энэ жил үндэсний дээд лигт түрүүлж, “Азийн цом”-д анх удаа оролцож буй “ФС Улаанбаатар” клуб нь 2019 оноос дотоодын тэмцээнүүдэд өндөр амжилт гаргасаар 2021 онд “Супер цом” өргөж, 2022 онд “Моби Преймер лиг”, “Холбооны цом”-д түрүүлжээ.

“ФС Улаанбаатар” клуб дараагийн тоглолтоо ирэх сарын 5-нд  “Tайчунг футуро” багтай хийх хуваарьтай байна.  

“АFC cup” тэмцээний түүхээс...

Жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээн 2017 онд бүтэц, зохион байгуулалтандаа өөрчлөлт оруулж, хэсгийн шатанд 36 багийг зүүн болон баруун, төв ази, өмнөд ази зэрэг 4 бүсэд хуваан оролцуулж байна. Энэ жилийн тухайд нийт 36 баг 9 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.

Өнгөрсөн хугацаанд Кувейтын Премьер лигт 18 удаа түрүүлсэн Аль Кувейт клуб 2009, 2012, 2013 онуудад түрүүлж, 2011 онд дэд байрт шалгарсан үзүүлэлтээр хүснэгтийг тэргүүлдэг бол Иракийн Аль-Кува Аль-Жавия баг 3 түрүү хүртсэн амжилтаар дэд байрт бичигдэж байна.

Мөн тус тэмцээний бүх цаг үеийн мэргэж буучаар Филиппиний шигшээ багийн довтлогч 37 настай Биенвенидо Маранон 35 гоол оруулсан үзүүлэлтээр тэргүүлдэг.

Тэгвэл өнгөрсөн жилийн Азийн цомын тэмцээний финалд Оман улсын Аль-Себ клуб Малайзын багийг 3:0-ийн харьцаатай буулган авснаар цомын эзэн болж байв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.