Хариуцлагаа хамт үүрэлц, Ж.Батбаясгалан дарга аа

2023/10/04

“Ногоон автобусны хэрэг” ил боллоо. Нэг үгээр бол, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ард  бугшсан “хатиг” энэ хүрээд хагарлаа гэсэн үг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд “хэдэн толгойтой хатиг” энэ салбарт бугшиж байсныг хэлэхэд эрт байна. Идээ бээр нь ил гарч хагарсан нь энэ удаагийн 80 автобусны хэрэг. 

Ямартай ч дээрх асуудлаас үүдэж,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өглөө. Ард иргэдийнхээ өмнө автобусны парк шинэчлэл хийх явцад процессын алдаа гаргасандаа уучлалт хүссэн нь энэ юм. Үүнтэй зэрэгцээд шинэ автобус оруулж ирэх тендерт шалгарч, хуучин автобусыг шинийн үнээр оруулж ирсэн "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг болон нэр бүхий хүмүүсийг АТГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Шалгалтын ажиллагаагаар уг хэргийн үнэн ил гарах нь тодорхой.  

Асуудал энэ хүртэл хүндэрч, албан тушаалтнууд хариуцлагаа үүрээд эхэлсэн ийм цаг үед "хөшигний ард"  чив чимээгүй суугаа нэгэн эрхэм бол НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан. Уг нь бол ил гарсан "Ногоон автобус"-ны хэрэг шууд утгаараа НИТХ-д хамаарах нь зүйн хэрэг. Аль ч агуулгаар нь бодоод үзээрэй. Маш энгийн логикоор сэтгэе. "80 ногоон автобус"-ны хэргийн хохирогч хэн бэ. Албан тушаалаа өгч буй дарга нар уу. Аль эсвэл хийсэн хэрэг нь илэрч байгаа "Тэнүүн-Огоо" ба тэдний нөхөд үү. Үгүй. 

Үнэндээ энэ бүхний хохирогч нь ард иргэд. Хуучин автобусыг шинийн үнээр авах мөнгө хэний халааснаас гарсан юм. Татвар төлөгч та бидний л мөнгө. Энэ утгаар нь аваад үзсэн ч эл хэрэгт НИТХ-ын дарга хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой. Манай улс төлөөллийн ардчилалтай орон. Ард иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой хамгийн чухал субъект бол аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан. 

Б.Чойжилсүрэн 177 тэрбум төгрөгөөр хагас кокс авах саналыг НИТХ-д оруулж ирэхэд дэмжиж байсан. НИТХ бол төсвийн нэг төгрөг бүрийн араас явж, тэмцэж, ёстой "алалцаж" байх ёстой газар. "177 тэрбумаар хагас коксоо авахаа боль, тэр инь манай бондын мөнгө, бид өөр юм хийх гэж төлөвлөсөн" гэж Д.Сумъяабазар биш, Ж.Батбаясгалан хэлэх ёстой.  Гэтэл таг дуугүй. 

Ж.Батбаясгалан гэдэг хүн энэ газрыг үхээнц дорой, дээрээс ирсэн "чиглэл"-ийн дагуу алх цохидог, сөрөг хүчнээ тоодоггүй газар болгож хувиргасан. Энэ оны гуравдугаар сард Ч.Пүрэвдаваа тэргүүтэй сөрөг хүчин эсэргүүцэл зарлаж, "Хурлаа ч дхуралдуулж чаддаггүй хүн" хэмээн ил тод хэлж байлаа. Ногоон "Автобус"-ны хэрэг дээр иргэдээ өмгөөлөөгүйнхээ төлөө, 177 тэрбумын хагас кокс дээр имээгүй байсныхаа төлөөл та огцрох ёстой. Хариуцлагаа хүлээ, Ж.Батбаясгалан дарга аа. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна