Хүүхдэд төсөвлөсөн мөнгөнөөс хумсалдаг "хулгайчид" бий болсон уу

2023/10/06

Хүүхдийн эрхийн зөрчил хаа сайгүй гарсаар. Хичээлдээ явах гэж гараад бусдад хулгайлагдах, харих замдаа авто осолд орох, харах хүнгүй  гэртээ үлдсэний улмаас харамсалтайгаар амь насаа алдах гээд тоочоод байвал тоймгүй их хэрэг өдөр бүр гарсаар байна. Хэрэг гарсны дараа хэсэгтээ хий хоосон халаглаж, амтай болгон "Хүүхдийн эрх" хэмээн хашгичих. Яг энэ цаг үед ус агаар мэт дутагдаж буй зүйл бол "Төрийн цогц бодлого". Угаасаа  "Төр нь хүүхдийг хүчирхийлэх, үл хайхрах явдлын бүх хэлбэр, хүүхэдтэй зүй бусаар харьцах явдлаас хамгаалах үүрэгтэй” гэж НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцид заачихсан. НҮБ-ын гишүүн орны хувьд бид энэ үүргээ биелүүлэх ёстой. Гэвч Монголын төр хүүхэд хамгаалах үүргээ хэр биелүүлж байна вэ. Одоогоос долоон жилийн өмнө "Хүүхэд хамгааллын тухай хууль" гээчийг баталсныг эс тооцвол бодлогын дорвитой арга хэмжээ аваагүй өдийг хүрчээ.

Монгол Улсад жил бүр 10 хүүхэд тутмын 8 нь  ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байна гэсэн албан ёсны судалгаа бий. Хүүхэд хамгааллын бие даасан төрийн агентлаг буй ч тэдний хэлдэг ганц үг нь "Хүүхэд хамгааллын төсөв хүрэлцэхгүй байна" гэдэг. Хүрэлцэхгүй байгаа төсвийг хараад үзье.

2017 онд хүүхэд хамгаалалд анх 900 сая төгрөгийн төсөв баталж байсан бол дараа жил нь долоо дахин их буюу 6.4 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлжээ. Харин түүнээс хойш нэмэгдсээр 2021 болон 2022 онд тус бүр 8 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллаж байна. Гэвч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурсангүй. Үүнээс үзвэл хүүхэд хамгаалах чиглэлд хөрөнгө мөнгө нэмсэн ч хүчирхийлэл үйлдэгдсээр байгаа юм. Энэ онд хүүхэд хамгааллын чиглэлийн төсвийн зориулалтыг харъя. 

Нийт 8 тэрбум төгрөг төсөвлөснөөс

  • Шуурхай тусламж 6 хувь
  • Хамгаалах, нөхөн сэргээх  54 хувь
  • Урьдчилан сэргийлэх 40 хувь

Хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлд ихэнх зардал нь зарцуулагдсан байгаа юм. Хамгийн харамсалтай нь нийгэмд гарч буй хүүхдийн эсрэг гэмт хэоэг улам ихэссээр. Логикийн хувьд аваад үзвэл, үндсэндээ хүүхэд хамгааллын төсөв яг эзэндээ очиж чадаж байна уу гэх асуулт урган гарч байгаа юм. Бодох л асуудал. Хууль тогтоогч УИХ-ын гишүүн хүртэл "Хүүхдэд төсөвлөсөн мөнгө авлигад явдаг" тухай ам алдсаныг та анзаарсан уу. Энэ онд төсөвлөсөн 8 тэрбум төгрөгийн 5 тэрбумын тайланг холбогдох газар нь тайлагнаж чадахгүй байгаа гэх. Тэгвэл тэр их мөнгө хаачсан бэ. Яг л нөгөө "Но-той ногоон автобусны хэрэг"-тэй адил нохойн замаар орсон юм биш биз. Хардах хангалттай үндэслэлүүд байна. Хамгийн гол нь тайлагнах л хэрэгтэй дээ, хүүхэд хамгааллын байгууллага. 






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна