Уй гашуу, улс төрийн томилгоотой долоо хоног

2023/10/08

Өнгөрч буй долоо хоног уй гашуу, улс төрийн томилгоо гээд халуун сэдвүүдээр хахсан өдрүүд өнгөрч байна. Долоо хоногийн эхэнд улс төрийн томоохон албан тушаалтнуудын "хувь заяа" донсолж, Хотын дарга, Түгжрэлийн сайд нар ажлаа өгөв. 

Дорноговь аймгийн Сайншандаас алга болсон охины эрэл иргэд нийтийн анхааралд орж, салхинд хийсэх хамхуул шиг нөхөд цахим сүлжээнд шүлсээ үсчүүлэх нь тэр. Харанхуй хонгилд төөрөх шиг бараан мэдээллүүдийн дунд "гэрэл асаасан" ганц үйл явдал нь Азийн залуучуудын наадам байв. Үйл явдлаар өрнүүн өнгөрч буй долоо хоногийн онцлох мэдээллийг  товчлон хүргэе.. 

Хотын дарга Д.Сумъяабазар өргөдлөө өгөв

 “Ногоон автобус”-ны асуудалд ёсзүйн хариуцлага хүлээж Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Ерөнхий сайдад огцрох өргөдлөө өгөв.

Тэрбээр “Албан тушаалаас чөлөөлөгдөх шийдвэрт маань улс төрийн нөлөө, дарамт шахалт огт байхгүй. Төрийн ажил, хотын ажил цаашид үргэлжлэх ёстой. Тиймээс ёс зүйгээ баримтлаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна” хэмээсэн юм.

Мөн Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорлоо.  

Харин тэдний оронд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хотын дарга, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд томилогдов. Харин Х.Нямбаатарын оронд УИХ-ын гишүүн Н.Энхбаяр ХЗДХ-ийн сайд боллоо.

Намрын чуулган ширүүхэн эхэллээ

УИХ-ын 2023 намрын чуулганыг нээв. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр "Улсын төсвийг хэлэлцэн батална. Энэ жилийн төсөв сонгуулийн жилийнх болохгүй байхад онцгойлон анхаарахыг гишүүдэд уриалж байна.  Бид сайн төсөв батлахад анхаарах ёстой.

Монголын нийгэм сайн тал руугаа өөрчлөгдөж байна. Нийгмээрээ буруу булхайгаа шүүж, худал хуурмагт орон зай үлдээлгүй шахаж байна. Гэвч бид технологийн сөрөг нөлөөллийг ч мартах учиргүй. Нийгэмд оюун санааны өөрчлөлт, хурдацтай явагдаж байгаа энэ цаг үед гишүүд та бүхний оноч бодлого, зөвийн төлөөх зориг, шийдэлд итгэж байна" гэдгийг онцлов. Шинэ сайдын томилгоо, улсын төсөв, хүүхэд хамгааллын асуудлуудыг хэлэлцэн эхэлсэн УИХ-ын чуулганаас ирэх долоо хоногт гарах шийдвэрүүд олны анхаарлыг татаж байна. 

Алга болсон охин амь үрэгдсэн байдалтай  олдож, ард нийтээрээ гашуудав

Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын утсанд 2023 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 10:30 цагт тус аймгийн Сайншанд сумын ...сургуулийн сурагч Д сураггүй алга болсон талаар мэдээлэл иржээ.

Хүүхэд тухайн өдрийн өглөө 07:00 цагт хичээлдээ явахаар гэрээсээ гарсан ч сургуульдаа очоогүй талаар мэдээллийг 3 цагийн дараа цагдаад хүргүүлсэн байна. Мэдээллийг хүлээн авсны дараа тус цагдаагийн газраас эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагааг яаралтай эхлүүлсэн. Хүүхдийг гурав хоногийн турш эрэн хайсан ч, амь хохирсон байдалтай оллоо. Нийгмийг цочроосон энэ хэрэг энгийн ардаас эхлээд эрх баригчдын анхаарлын төвд орж, хүүхдийн эсрэг гэмт  хэрэг аюулын хэмжээнд хүрснийг ойлгуулсан юм. 

Хүүхэд хүчирхийлсэн хэрэгт 25 жилийн ял онооно

Хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Энэ асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон бусад хүмүүс өчигдөр хуралдаж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулдаг тогтолцоог 25 болгох, гэмт хэрэгтнийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар болж байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн Гэр бүлийн тухай хуулийн төслийг тус  хуралдаанаар хэлэлцэнэ. Гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэхэд камержуулалтын нэгдсэн систем чухал байна. Иймд камержуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгов. ХЭҮК-ын дарга Ж.Хунан хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн хэргийн ялын бодлогыг чангатгахыг дэмжиж буйгаа илэрхийлээд ял эдэлж, суллагдсан этгээдэд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатайг мөн дурдлаа.

Монголын баг тамирчид 3 алтан медаль хүртээд байна

19 дэх удаагийн Азийн наадам "Ханжоу 2022" үргэлжилж байна. Боксын эрэгтэй -63.5 кг жинд МУГТ Баатарсүхийн Чинзориг аваргалж алтан медаль хүртлээ. Мөн байт харвааны эрэгтэй ганаарчилсан recurve төрөлд Б.Отгонболд алтан медаль хүртэв.Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -65 кг жинд Төмөр-Очирын Тулга Ираны бөх Рахмантай финалд барилдан 11-1 харьцаагаар цэвэр ялж алтан медаль хүртлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна