“SUITS” олон ангит уран сайхны кино албан ёсоор нээлтээ хийлээ

Х.Есү
2023/12/01

“Оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ” уриатай “Монгол тв” телевиз анхныхаа олон ангит киног өлгийдөн авч, үзэгчдэдээ хүргэхэд бэлэн боллоо.  Америкийн нэгдсэн улсын хамгийн олон үзэгчтэй цувралаар шалгарч,АНУ-аас гадна дэлхийн 3 улсад албан ёсны эрхтэйгээр хийгдэж байсан “Suits” олон ангит уран сайхны киног “Монгол тв” телевиз албан ёсны эрхтэйгээр, БНСУ-ийн шилдэг уран бүтээлчидтэй хамтран зураг авалтаа хийж гүйцэтгэлээ. Ийнхүү дэлхийн шилдэг цувралыг Монгол хувилбараар бүтээсэн “SUITS” олон ангит уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийж байна.

АНУ-ын NBC Universal компанийн бүтээл Suits цуврал нь АНУ-аас гадна дэлхийн 3 оронд албан ёсны эрхтэйгээр бүтээгдэж хамгийн их үзэлттэй цувралаар шалгарсаар байна

АНУ-ын NBC Universal компанийн бүтээл Suits цуврал нь 2011 онд эхэлж, 2019 он хүртэл есөн улирлын 134 ангийг олны хүртээл болгожээ. Хар тамхины наймаанаас болж их сургуулиа орхисон чадварлаг өмгөөлөгч Майк Росс Нью-Йорк хотын шилдэг хуульчдын нэг Харви Спектертэй хамтран ажиллаж байгаа талаар өгүүлдэг тус цуврал нь гарсан цагаасаа хойш олон амжилтын эзэн болсон. Тухайлбал, эрэгтэй үзэгчдийн дундах судалгаагаар 2011 оноос хойших АНУ-ын хамгийн өндөр үзэлттэй цуврал, Netflix дээр зургаан долоо хоногийн турш 20 тэрбум минутын үзэлт авсан бүтээл, Netflix Америкийн “Шилдэг цуврал”-аар тус тус шалгарч байв.

Мөн уг цувралыг Өмнөд Солонгос, Япон, Саудын Арабын телевиз, студи албан ёсны эрхтэйгээр бүтээсэн бөгөөд KBS 2 телевизийн хувилбар гэхэд л эфирт цацагдсан цагаасаа хойш нийт дөрвөн тэрбум минутын үзэлт авч, тус телевизийн К-Драмууд дундаас эхний аравт жагсаж байжээ.

“Монгол тв” телевиз “SUITS” олон ангит киног эх орондоо албан ёсны эрхтэйгээр бүтээлээ

Манай улс тус олон ангит киноны албан ёсны эрхийг авч бүтээсэн дөрөв дэх орон болж байгаа бөгөөд зураг авалт нь дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Албан ёсны эрхээр бүтээж байгаа “Монгол тв” телевизийн кино багт 100 орчим арын албаны ажилтан, 200 гаруй гол болон туслах жүжигчин ажиллаа.

Гол дүрүүдэд:

Э.Чинзориг, О.Самданпүрэв, Н.Баярмаа, Б.Мөнхнаран, Б.Ариунцэцэг 

Монголын кино урлагийн салбарт шинэ дэвшил, өнгө төрхийг бий болгохоор зорьсон уг бүтээл эх хувилбартайгаа ижил байх ч, үнэний төлөө тэмцэх, шударга өмгөөлөгчдийн дүрүүдээр Монголын хуулийн ертөнцийг таниулж, анги бүрээр нийгэмд тохиолдож буй асуудлуудыг илэрхийлэхээр зорьсон юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна