Амттайхан “алуурчин”

Х.Батсайхан
2024/01/05

-Хүн төрөлхтөн 100 жилийн өмнө жилд 2 кг элсэн чихэр хэрэглэдэг байсан бол өдгөө 20 дахин өсчээ-

Чихэр агуулсан хүнсний бүтэгдэхүүний хэрэглээг хязгаарлах асуудал Монгол Улсад хуульчлагдах шатандаа явж байгаатай холбоотойгоор чихрийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. 

Түүхийн хуудас сөхөж үзье.

Энэтхэгийг элсэн чихрийн эх орон гэж үздэг. “Сахар” гэсэн үг ч мөн тэнд үүсчээ. Энэ нь санскритээр “Элсний ширхэг” эсвэл нарийн ширхэгтэй хайрга гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэ үг нь Эртний Грект нэвтрэхдээ “сакхарон” гэж хувьсан Европт орж иржээ.


Сахарын үндсэн түүхий эд нь чихрийн нишингэ юм. Чихрийн нишингээс чихрийг цэвэршүүлэх замаар ялгаж авдаг. Ингэхдээ чихрийн нишингийг зохистой хэмжээнд жижиглээд ус хийн халуун боловсруулалтад оруулж нишингэд агуулагдаж буй сахарыг шингээж авдаг. Дараа нь гарсан уусмалаа буцалган хатаахад талст хэлбэртэй чихэр тунаж гарч ирдэг аж. Энэтхэг нь чихрийн нишингийн тариалалтаар 1980 он хүртэл дэлхийд тэргүүлж байв.

Сахарын хэрэглээ дэлхий дахинд

Сахарыг зөвхөн чихрийн нишингээс гаргаж байх үед энэ бүтээгдэхүүн нь маш өндөр үнэтэй тул ихэс дээдэс, баяд ноёд л хэрэглэж чадахаар байсан гэдэг. МЭ X зууны үед сахарыг Энэтхэгээс Европ руу хуурай газраар тээвэрлэдэг байсныг хэлэх үү, өртөг өндөртэй байжээ. В.Да Гама далайгаар Энэтхэг орох замыг нээсний дараа өртөг арай хямдарсан ч дундаж давхаргынхан өргөнөөр хэрэглэх боломжгүй хэвээрээ л байв. Энэ үед Европын улсууд Португал, Испани, Туркээс элсэн чихрээ тээвэрлэн авч хангадаг байв. 


Зарим улс оронд, тухайлбал, Оросод элсэн чихрийн асуудал эрхэлсэн зөвлөл хүртэл байсан гэдэг. Уг зөвлөлийг Их Петр хааны тушаалаар XVIII зууны үед байгуулсан байдаг. Арай сүүлд буюу XIX зууны эхээр сахарыг чихрийн манжингаас гаргаж авч болохыг мэдсэнээр энэ хүнсний хэрэглээ нийгмийн өргөн давхаргыг хамрах болсон түүхтэй юм.  

Сонирхолтой баримтууд 

Таван төрлийн сахар бий. ОХУ-д ихэвчлэн чихрийн манжингаас гаргаж авсан цагаан өнгөтэй сахар хэрэглэдэг бол Канадад XVII зууны үеэс агч модны шүүснээс гаргаж авсан сахарыг хэрэглэж заншжээ. Үүний тулд моднллс шүүсийг нь ялгаж, дараа нь сахар болгож авдаг. Нэг модноос гурван кг орчим сахар гардаг байна. Дулдуу модноос гаргаж авсан, хямд сахарыг Зүүн Өмнөд Азийн орнуудад өргөн тархсан. Иргэний дайны үеийн АНУ, эртний Хятадад улаан тутарганаас гаргаж авсан элсэн чихэр маш их эрэлттэй байсан бол хожим өөр хямд аргаар гаргаж вах олнсноор энэ аргыг хэрэглэхээ больжээ.   

Америкчууд өдөрт 45 халбага элсэн чихэр иддэг

Сахарын хэрэглээ хүний эрүүл мэндэд муу талаар суртал ухуулга хангалттай явдаг ч монгол хүн жилд хэчнээн хэмжээний сахар хэрэглэдэг тухай бодитой судалга манай улсад алга. ДЭМБ-ааас гаргасан судалгаагаар бол сахарын хэрэглээгээрээ тэргүүлэгч нь АНУ юм байна. Тэндхийн нэг хүн жилд 59 кг сахар хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ нь өдөрт 31 цайны халбага цэвэр сахарыг өдөрт хэрэглэдэг гэсэн үг. Польшууд 44 кг-аар удаалж, ОХУ 39 кг-аар хуравдугаарт бичигдсэн байна.


Сахар нь ундаа чихэр, шоколад, жигнэмэг гээд бидний хэрэглэж буй бараг бүх хүнсэнд тодорхой хэмжээгээр агуулагддаг тул бид өөрсдөө мэдэлгүй ийм их сахарыг идчихдэг аж. Түүнээс биш сахарт эрүүл мэндэд ашигтай эрдэс бодис, амин дэм ер үгүй. Харин маш их илчлэгтэй учир илүүдэл жин үүсгэж, зүрх судасны өвчнөөр өвдөх шалтгаан болдог. Ер нь хүний биед тэжээллэг бодис огт үгүй тул жилд 24 кг-ыг хэрэглэвэл сайн, 10 хүртэлх кг-ыг хэрэглэвэл бүр сайн гэсэн зөвлөгөөг ДЭМБ-аас өгч байна.

Сахар нь хүний хэрэгцээний маш олон хүнсэнд агуулагддаг учир “чихэр биш юм чинь” гэдэг байдлаар хандахаа болих нь сахрын хэрэглээгээ бууруулах эхний алхам болдог байна.    

Сахар хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ

Сахарыг амтлахад хэлэнд байх мэдрэгчүүд ажиллаж, тархинд мэдээлэл дамжуулснаар серотонин, дофамин хэмээх даавар ялгаруулалхад хүргэдэг шидтэй. Дээрх дааврууд нь хүнд сэтгэл хангалуун, жаргалтай болгодог ураас “Аз жаргалын даавар” гэж нэрлэдэгийг уншигчдын зарим нь мэдэх биз. Цэвэр сахар нь хүний тархинд агшин зуурт нөлөөлөх хүчтэй. Харамсалтай нь, төв мэдрэлийн систем энэхүү үйлчлэлийг авсан л бол рафинадыг бие организмд хэрхэн таагүгээр нөлөөлж байгааг мэдрэх чадваргүй болдог аж. Үүгээрээ сахар нь могойн хортой төстэй.    

Нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цаг хүртэлх хугацаанд 30 хүртэл хувь бууруулдаг.

Сахар ялангуяа хүүхдийн шүдэнд маш муу. Тухайлбал чихэр идсэний дараа хүүхдийн шүд, буйланд сахар үлддэг. Нян, бактери энэ үлдэгдэл сахараар хооллож, улмаар шүд хорхойтоход хүргэдэг.

Мөн сахарыг хэтрүүлэн хэрэглэснээс болж бага насны хүүхдүүд, насанд хүрэгчдэд төрөл бүрийн харшил илэрдэг болох нь нотлогдсон байна.

Сахарын агууламжид ямар ч тэжээллэг бодис байдаггүй. Харин ч илчлэг ихтэй тул   /100 гр сахар 409,2 ккал илчлэгтэй/ илүүдэл жинг үүсгэж, зүрх, судасны олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдлийг их хэмжээгээр нэмэгдүүлдэг. Сахар нь цусан дахь инсулины хэмжээг нэмэгдүүлдэг тул чихрийн шижин, зүрхний шигдээс өвчний шалтгаан болдог.

Энгийнээр хэлэхэд, та хэдийчинээ их сахар хэрэглэнэ, төдийчинээ их өвчин тусах магадлалтай. Сахар их хэрэглэдэг хүмүүс ханиад томуу их тусдаг. Таны бие махбодийг бактери, вирустай тэмцэхэд идсэн сахар чинь саад болдог. Сахар идсэний дараа бид урьдынхаасаа бага юм өргөж, арай удаан гүйж, эмх цэгцгүй бодож сэтгэж, илүү их ядардаг болно. Шуудхан хэлэхэд сахар таныг сульдаадаг.

Зөгийн бал, жимсний сахар ч эрүүл мэндэд сайн биш

Сахар орлуулагч, жимсний цэвэр шүүс, зөгийн бал зэргийг сахаргүй, байсан ч хүний биед хоргүй мэтээр сурталчилдаг нь үнэн болов уу. Тийм биш юм. Тэдгээр нь бүгд цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлдэг төдийгүй триглицеридийг /энгийнээр хэлбэл өөх тос/ 25 хувиар өсгөдөг байна. Гэхдээ жимс, зөгийн баланд агуулагдах бусад ашигтай бодисыг авахын тулд хэрэглэхээс өөр сонголт үгүй.      

Сахарын хамаарлаас яаж салах вэ

Амаргүй сорилт, гэхдээ боломжтой зорилт. Ингэхийн түрүүнд юуны түрүүнд хоногт сайхан унтаж амардаг байх шаардлагатай. Хоногт дор хаяж найман цаг. Энэ хэмжээнд унтаж амарсан байхад бие организм тань цусан дахь глюкозын хэмжээг хэвийн хэмжээнд барьж дөнгөнө.  

Хоёрдугаарт, спортоор хичээллэх, боломжгүй бол ядаж хөдөлгөөнтэй байх. Ингэснээр ходоод руу орсон илүүдэл илчлэгийг шатаана. Харин спортоор тууштай хичээллэвэл тархинд дофмин гэдэг аз жаргалын гормон ялгарах болно. Энэ нь чихэрлэг зүйл амсахад ялгардаг тэр гормон мөн болохыг та санаж байгаа биз ээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна