Эквадор улс алан хядагчидтай дайн зарлалаа

Х.Батсайхан
2024/01/10

Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа өчигдөр орой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулж, улсынх нь нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг алан хядагч зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг авах арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Улмаар бүлэглэлүүдийн жагсаалтыг гаргаж, тэдний эсрэг хийх тэмцэлд цэрэг арми, цагдаагийн хүчийг дайчлахаа зарласан байна. Жагсаалтад дотоодын болон улс дамнасан 20 орчим бүлэглэл бичигджээ.
Өчигдөр баг зүүсэн зэвсэгт этгээдүүд Гуаякиль хотын “TC Televisión” телевизийн байранд шууд эфирийн үеэр дайран орж, ажилчдыг барьцаанд авсны дараа Даниэль Нобоа ийнхүү зэвсэгт бүлэглэлүүдтэй дайн зарлажээ. 


Цагдаа нар халдлага үйлдсэн 13 этгээдийг баривчилж, барьцааны хүмүүсийг сулласан аж.

Халдлага гарахаас өмнөх улс орны нөхцөл байдлын тухайд, тус улсын хамгийн зартай “Лос Чонерос” мафийн толгойлогч Фито хочит Адольфо Вильяамара энэ сарын 7-ны өдөр шоронгоос оргосонтой холбогдуулан нэг бус шоронд бослого гарч, Ерөнхийлөгч энэ сарын 8-наас онц байдал зарлан, хөл хорио тогтоогоод байв. 

Гэсэн ч маргааш нь буюу нэгдүгээр сарын 9-ны өглөө тус улсын хоёр дахь том мафийн толгойлогч Фабрисио Колон ПикоЧимборасо” шоронгоос оргосон болохыг мэдсэн аж. Телевиз барьцаалсан хэрэг энэ үйл явдлын дараахан болжээ.

Засгийн газар зэвсэгт бүлэглэлүүдтэй дайн зарласантай холбоотойгоор хотуудад хуягт техник орж ирсэн бөгөөд нийтийн тээвэр зогсож, сургууль цэцэрлэгүүдийг баасан гараг хүртэл ажиллахгүй болгосон байна. Үйлчилгээний байгууллагууд ч үндсэндээ ажиллахгүй болжээ.
Эквадорт болж байгаа үйл явдалтай холбоотойгоор хөрш Перу улс Эквадортой хиллэх хилийн дагуу цэргийн хүчээ нэмэгдүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна