Иргэдэд хувьцаа, ногдол ашиг хуваарилах боломжтой Тавантолгойгоос өөр ордууд

Х.Батсайхан
2024/02/02

-Стратегийн ордуудыг эргэн санах шалтгаан-

Монголчууд Тавантолгойн коксжих нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс ТавантолгойХК-иас ногдол ашиг авсан билээ. Энэ нь монголчууд байгалийн баялгаасаа ногдол ашиг хүртсэн хоёр дахь тохиолдол бөгөөд өмнө нь мөн л тус компаниас 90 орчим мянган төгрөгийн ногдол ашиг авч байсан удаатай. Ирэх гуравдугаар сард мөн “Эрдэнэс ТавантолгойХК-ийн 2023 оны ашгаас ногдол ашиг авна. Гэхдээ энэ удаад бид иргэдэд хувьцаа эзэмшүүлж, ногдол ашиг тараах боломжтой өөр ААН, эргэлтэд оруулах боломжтой ордуудын асуудлыг хөндөхөөр бэлдлээ. 

Засгийн газраас “Баялгийн сангийн тухай” хуулийг боловсруулж эхэлсэн, бэлэн болохоор нь УИХ-д өргөн барих гэж байгаа билээ. Төр өөрт байгаа ашигт малтмалын ордуудыг эргэлтэд оруулж, иргэддээ хувь эзэмшүүлэн, ногдол ашиг хуваарилж, тусгай санд байршуулан иргэдийнхээ нэр дээр бичилт хийж, амьдралын баталгаа болгох асуудлыг энэ хуулиар зохицуулахаар төлөвлөж буй. 

Тэгвэл иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, улмаар ногдол ашиг хуваарилах /бэлэн, бэлэн бус/ боломжтой ямар, ямар ААН, ашигт малтмалын орд байгаа талаарх мэдээллийг хүргэж байна. 

Төрийн мэдэлд байгаа ашигт малтмалын орд, ААН гэдэгт юун түрүүнд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд байгаа ААН, ашигт малтмалын лицензүүд орно. Тус компанийн хөгжлийн стратегид “Эрдэнэсийг иргэн бүрт” гэж бий. Одоогийн байдлаар тус компанийн эзэмшилд доорх ААН-үүд байна.

ААН /34 ба түүнээс дээш хувь эзэмшилтэй/

“Эрдэнэс Тавантолгой” ХК
“Эрдэнэс Оюутолгой” ХХК
“Багануур” ХК,
Шивээ-Овоо” ХК
Мон-Атом” ХХК
“Эрдэнэс Шивээ Энержи” ХХК
“Эрдэнэс Метан” ХХК
“Эрдэнэс Ассет Менежмент” ХХК

Дээрх ААН-үүдийн зарим нь ашигт малтмалын ордоос гадна эрчим хүчний төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд шийдэл нь гарчихвал иргэд “ЭТТ” ХК-ийн 1072 хувьцааныхаа ногдол ашгаар хөрөнгө оруулан хувь эзэмших боломжтой. Жил бүр иргэдийн саналаар хамгийн хэрэгтэй байгаа төслийг шалгаруулж, тэр төсөлдөө ногдол ашгаар хөрөнгө оруулалт хийж хувь эзэмших боломжийг олгоод явах боломж ч бий. 

2022 оны байдлаар “Эрдэнэс Монгол” ХК-ийн мэдэлд ашигт малтмалын 34 лиценз байсны 27 нь ашиглалт, үлдсэн 7 нь хайгуулын лиценз байв. Тэдгээрээс Оюутолгой, Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо, Асгат, Салхит зэрэг ордууд эргэлтэд орж, ураны төсөл эргэлтэд ороход ойрхон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна