НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр Газын зурваст нэн даруй гал тогтоох асуудлаар тогтоол гаргах асуудлыг хэлэлцэхэд АНУ хориг тавьжээ. Вашингтоны энэ үйлдлийг Бээжин хурцаар зэмлэн буруушаасан талаар ВВС мэдээллээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр байнгын таван гишүүний 100 хувийн саналаар гардаг тул тогтоолын төсөл батлагдах боломжгүй болсон юм. Вашингтоны энэ үйлдлийг Бээжин “Газын зурвасын дайн цааш үргэлжлэхэд “Ногоон гэрэл асааж өгсөн үйлдэл” хэмээн хурцаар зэмлэн буруушаасныг эхэнд бичсэн.
Тэгвэл Вашингтон хариу тайлбартаа Алжирын санаачилсан уг тогтоолын төсөл батлагдвал дайныг зогсоох Израиль, Палестины хэлэлцээрийг ноцтой эрсдэл учруулна гэсэн байна. Тиймээс Газад галыг түр хугацаагаар зогсоох, энхийн хэлэлцээрийг үргэлжлүүлэх, Рафах хот руу довтлохгүй байхыг Израильд даалгах өөрийн гэсэн тогтоолын төсөл санаачилж байгаагаа мэдэгджээ.
Гал нэн даруй зогсоох тогтоолд хориг тавих АНУ-ын шийдвэр Аюулгүйн зөвлөл дотор багагүй маргаан үүсгэсэн ч 15 гишүүний 13 нь дэмжсэнээр тогтоолын төсөл унасан аж. Йеменд АНУ-тай хамт цохилт өгч буй Их Британи харин энэ санал хураалтад түдгэлзжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэхь БНХАУ-ын төлөөлөгч Чан Зюнь энэ шийдвэрийг одоо явагдаж байгаа энхийг тогтоох үйл явцад харин ч саад болно хэмээн, Вашингтоны тайлбартай санал нийлэхгүй гэдгээ илэрхийлжээ. Тодруулбал, хэлэлцээрт хүчээр илүү тал нь давуу байдалтай оролцох, улмаар энэ дайн өргөжин тэлж, илүү том хэмжээний дайн гарах эрсдлийг хэвээр үлдээлээ гэсэн санааг тэрбээр илэрхийлэв.
Тогтоолын төслийг санаачилсан Алжир улсын төлөөлөгч Амар Бенжам тогтоолын төслийг батлахаас татгалзсан АНУ болон энэ саналыг нь санал хураалтад дэмжсэн бусад гишүүдэд хандан “Храмсалтай нь, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүчин чармайлт дахиад амжилтад хүрсэнгүй. Хүн чанартаа итгээч, цаг хугацаа та бүхнийг шүүнэ гэдгийг бодооч” гэж хэлжээ.
Барууны орнуудаас Франц /Николя Де Ривер/ тогтоол батлагдаагүйд харамсаж байгаагаа илэрхийлсэн бол Их Британи түдгэлзсэн санал өгсөн ч төлөөлөгч Барбара Вудворд нь “Нэн даруй гал зогсоох нь сөргөлдөгч талууд тохиролцож гал зогсоохоос илүү богино настай, эрсдэлтэй байж болох юм” хэмээн, Вашингтоныг дэмжсэн байр суурь илэрхийлсэн байна.
Израиль, Палестины сөргөлдөөн өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд эхэлснээс хойш Израилийн талаас 1200 гаруй хүн амиа алдаж, 240 хүн барьцаалагдсан бол Палестины талаас 29 мянган хүн амиа алдаад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна