-Үйлдвэрлэгчид нь бараа бүтээгдэхүүн биш, итгэл найдвар худалддаг болсон улс хөгждөг-
Өнөөгийн нийгэмд бизнес асар хурдацтай цэцэглэн хөгжиж, үүнийг дагаад маш олон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нийлүүлэгдэх болсон. Заримдаа хэрэглэгчид тэрхүү бизнесийн хөгжил, технологийн дэвшлийг гүйцэх гэж сандрах нь холгүй болсон мэт санагддаг юм. Дэлхийд нэртэй гоо сайхны бүтээгдэхүүний компанийг үндэслэгч эмэгтэй, “Бид хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг биш, итгэл найдварыг худалддаг” хэмээн хэлсэн байдаг. Үнэндээ, ямар ч хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнээс хүртэх үр ашгаа л бодож худалдан авалт хийдэг нь тодорхой. Харин бид ямарваа бараа бүтээгдэхүүн, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа юуг анхаарах, ямар шалгуур тавих талаар хэр мэдлэгтэй билээ?
Бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх тухай мэдлэгийг “Хэрэглэгчийн боловсрол” хэмээх ойлголтонд хамааруулдаг ба хөгжингүй улс орнуудын хувьд энэ талын хөтөлбөрийг ЕБС-ийн бага ангиас нь эхлэн оруулдаг байна. Өөрөөр хэлбэл хүүхдийг бага байхаас нь эхлэн бараа худалдан авахдаа юуг анхаарвал зохих, хүнсний бүтээгдэхүүнд ямар шалгуур тавих, хэрхэн хэрэглэх гээд шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголтуудыг өгдөг. Ерөнхийдөө хэрэглэгч тухайн барааг хэрхэн хэрэглэх, чанартай эсэх тухай ойлголтыг бүтээгдэхүүний шошгоос авдаг гэхэд болно. Барууны судлаачид хүний эрүүл мэндийн боловсрол өндөр байх тусмаа барааны шошго дахь мэдээллийг түлхүү хэрэглэдэг болохыг судалгаагаар нотолсон байдаг.
Харин манай улсын хувьд энэ асуудалд төдий анхаардаггүй бөгөөд жил бүрийн гуравдугаар сарын 15-нд тохиодог "Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр"-ийг тохиолдуулан ганц цагийн хичээл орохоор хязгаарлагдаж байна. Энэ нь "Оргүйгээс охинтой" гэгчээр огт байхгүйгээс дээр боловч шаардлагатай мэдлэгийг суулгахад даанч хангалтгүй.
Монголд хэрэглэгчдийн төлөөллөөс түүвэрлэн “хэрэглээний соёл, боловсрол”-ын талаар судалгаа авахад түүнд хамрагдагсдын 50 гаруй хувь нь тухайн бүтээгдэхүүнийг авч заншсан, эсвэл үйлдвэрлэгч нь нэр хүндтэй болохоор шууд худалдан авдаг, харин 30 гаруй хувь нь л барааны шошго дээрх мэдээлэлтэй танилцаж байж авдаг гэж хариулсан. Мөн анх удаа бүтээгдэхүүн худалдан авч буй тохиолдолд хэрхэн хэрэглэх тухай мэдээллийг судалгаанд хамрагдагсдын 47 хувь нь барааны шошгоноос хардаг, бусад нь худалдагчаас асуудаг, туршлагдаа тулгуурладаг зэрэг хариултыг өгсөн байна.
Үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүнээрээ дамжуулан хэрэглэгчидтэй харилцаж байгаагийн хувьд барааны шошгодоо шаардлагатай мэдээллүүдийг үнэн зөвөөр оруулах үүрэгтэй. Импортлогчдын хувьд гаднаас оруулж ирж буй барааныхаа шошгыг орчуулж хэрэглэгчдэдээ хүргэх нь зах зээлд танигдах өргөн боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнээ таниулахын тулд заавал их хэмжээний зар сурталчилгаа хийлгүйгээр барааны шошго дахь мэдээллээр дамжуулан өөрсдийгөө рекламдаж болно гэсэн үг.
Барааны шошго дээрээс бид ямар мэдээллийг харах ёстой вэ? Америкийн хүнс, эм хариуцсан нэгэн яамнаас хүнсний бүтээгдэхүүний сав баглаан дээрх шошгоос хэрэглэгчид дараах мэдээллүүдийг харах хэрэгтэйг заасан байна. Эдгээрт:
А. Хүнсний үзүүлэлт (Nutrition fact). Үүнд:
1.Нэг удаад хэрэглэх хэмжээ
2.Калорийн хэмжээ
3.Шим тэжээлийн талаарх мэдээлэл /уураг, өөх тос, нүүрс усны үзүүлэлт гэх мэт/
4.Орц найрлага дахь элементийн эзлэх хувь
5.Нэмэлтээр баяжуулсан витамин, эрдэсийн эзлэх хувь
6.Өдрийн калорийн хэрэглээний ямар хэмжээнд суурилж тооцсон эсэх
Б. Эрүүл мэндийн аюулгүй байдалтай холбоотой заалт
В. Үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа-г гэсэн мэдээллийг хэрэглэгч заавал харах ёстой юм.
Эдгээр мэдээллийг ашиглахын тулд хэрэглэгч юуны өмнө өдөрт хичнээн калорийн хүнс хэрэглэх ёстойгоо, дунджаар хэдэн грамм давс(өдөрт 2,3гр) болон бусад эрдэс бодис өөрт шаардлагатайг мэддэг байх хэрэгтэй.
Мөн аль ч бүтээгдэхүүний хэрэглэх заалтанд ямар хүмүүс хэрэглэж болохгүй тухай заавал тусгасан байх ёстой байдаг. Харин үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааны хувьд хэрэглэгчид бүтээгдэхүүнийг заасан хугацаанаас өмнө л хэрэглэвэл болно гэх хандлагатай байдаг нь ташаа ойлголт юм. Бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа нь урт байх тусмаа түүнд бэхжүүлэгч, нөөшлөгч, хадгалалтын хугацаа уртасгагч химийн гаралтай бодис байгааг илтгэж байдгийг санах хэрэгтэй.
Өмнө дурьдсан судалгаанд хамрагдагсдын 65 хувь нь бараа худалдан авахдаа үйлдвэрлэсэн хугацааг, 32 хувь нь орц найрлагыг, үлдэх цөөн хувь нь калорийг анхаарч хардаг гэжээ. Мөн манайд худалдаалагддаг хүнсний бүтээгдэхүүний шошго нь барааг төдийлөн сайн илэрхийлж чаддаггүй гэж дийлэнх хувь нь үзсэн байна.
-Хэрэглэгч бүтээгдэхүүн худалдаж авахдаа заавал шошго дээрх мэдээлэлтэй танилцах
-Хэрвээ шошго дээрх мэдээлэл хангалтгүй бол үйлдвэрлэгчид хандаж, сайжруулахыг хүсэх бүрэн эрхтэй
-Бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх тухай мэдлэгийг “Хэрэглэгчийн боловсрол” хэмээх ойлголтонд хамаатуулдаг ба хөгжингүй улс орнууд энэ талын хөтөлбөрийг ЕБС-ийн бага ангиас нь эхлэн оруулдаг байна.
Хэрэглэгчид яагаад шошгыг бараагаа бүрэн илэрхийлдэггүй гэж хариулсаныг тодруулахаар, ямар асуудал тулгардаг талаар судалгаанд хамрагдагсдаас асуухад 40% гаруй нь өөр хэл дээр бичсэн байдаг, үлдэх хувь нь орц найрлага дахь элементүүд болон зарим тэмдэглэгээг ойлгодоггүй гэж хариулсан байна. Эндээс харахад барааны сав баглаан дээрх заавар танилцуулга нь эх хэл дээрээ, ойлгомжтой, тайлбартай байх нь зөв хэрэглээ тогтооход чухал нөлөөтэй байна. Үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүнээрээ дамжуулан хэрэглэгчидтэй харилцаж байгаагийн хувьд барааны шошгодоо шаардлагатай мэдээллүүдийг үнэн зөвөөр оруулах үүрэгтэй. Импортлогчдын хувьд гаднаас оруулж ирж буй барааныхаа шошгыг орчуулж хэрэглэгчдэдээ хүргэх нь зах зээлд танигдах өргөн боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнээ таниулахын тулд заавал их хэмжээний зар сурталчилгаа хийлгүйгээр барааны шошго дахь мэдээллээр дамжуулан өөрсдийгөө рекламдаж болно гэсэн үг.
Харин хэрэглэгчдийн хувьд аль ч бүтээгдэхүүнийг худалдан авахдаа заавал шошго дээрх мэдээлэлтэй танилцаж байх, хэрэв мэдээлэл хангалтгүй бол үйлдвэрлэгчид хандаж, сайжруулахыг хүсэх бүрэн эрхтэй. Ингэснээр хэрэглэгчийн хариуцлагаа ухамсарлан, үйлдвэрлэгчийн үйл ажиллагааг ч сайжруулах бүрэн боломжтой юм.
ХЭРЭГЛЭГЧИЙН БОЛОВСРОЛЫГ нэмэгдүүлснээр бидний үйлдвэрлэгчид тавигдах шаардлага нэмэгдэж, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээ сайжирахаас гадна төр засгаас ч үүнд анхаарал хандуулан дэмжих нь дамжиггүй.
“Хэрэглэгчийн эрх” гэсэн ойлголтыг тэртээ 1962 онд АНУ-ийн Ерөнхийлөгч Ж.Кеннеди конгресст анх тунхагласнаас хойш хэрэглэгчийн боловсролыг олгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажлууд амжилттай болж олон улс орон үүнд онцгой анхаарч, дуу хоолойг нь сонсдог болжээ. Манай оронд энэ талаар хууль тогтоомжууд тодорхой хэмжээнд боловсруулагдан батлагдсан байдаг ч хэрэгжилт нь бодит нөхцөл байдалд хангалтгүй байдаг.
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШИГ ЗӨРЧИГДӨХ, ХЭРЭГЛЭГЧИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭХ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ гэсэн асуудлууд сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэж байгаа нь харамсалтай.
Иймд хэрэглэгчид бид юун түрүүнд үнэн зөв, бодит мэдээлэл, зохистой норм стандарт, зөв дадал зуршилтай болж, тэр бүгдийгээ амьдралдаа хэвшүүлж чадвал өөрсдийгөө болон өөрсдийн хамгийн ҮНЭ ЦЭНЭТЭЙ зүйлс болох Гэр бүлийнхнийхээ эрүүл мэнд, бусад болзошгүй эрсдэлүүдээс хамгаалахаас гадна ЦАГ ХУГАЦАА, ЭД ХӨРӨНГӨӨ давхар хамгаалж чадна. Ингэж ХЭРЭГЛЭГЧИЙН БОЛОВСРОЛЫГ нэмэгдүүлснээр бидний үйлдвэрлэгчид тавигдах шаардлага нэмэгдэж, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээ сайжирахаас гадна төр засгаас ч үүнд анхаарал хандуулан дэмжих нь дамжиггүй. Монгол Хэрэглэгчийн боловсролыг нэмэгдүүлэх, эрхийг хамгаалах хамгийн гол санаачлагч нь хэрэглэгчид өөрсдөө юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.107
ямар үнэ тийм л бүтээгдэхүүн. ямар цалин тэтгэвэр тийм л эрүүл мэнд
Хариулах