Д.Амарбаясгалан: Санхүүгийн зах зээлд үйлчилж буй журмын тоог багасгаж, иргэн, ААН-үүдэд ойлгомжтой, бизнес эрхлэхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлнэ

С.Гандэлгэр
4 цаг 17 минутын өмнө

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Э.Батшугар, Б.Энхцэцэг, Г.Лувсанжамц, Р.Батболд, Л.Соронзонболд нарын хамтаар өнөөдөр /2024.10.22/ Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцаж, хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо. 


Өнөөдрийн байдлаар санхүүгийн зах зээлд хамааралтай 30 гаруй хууль, 139 журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Иймд, УИХ-аас хэм хэмжээ тогтоож байгаа харилцаануудыг журмаар бус хуулиар зохицуулдаг байхаар шинэчлэл явуулж, үр дүнд нь журмын тоог багасч,  иргэд, аж ахуйн нэгжүүдэд ойлгомжтой, бизнес хийх таатай эрх зүйн орчин бүрдүүлэх зорилго бүхий ажлын хэсгүүд ажиллаж эхэлснийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлов. Цаашлаад шинэ тутамд үүсэж буй санхүүгийн харилцааг Санхүүгийн зохицуулах хороо  зохицуулж чаддаг байхад анхааран ажиллахыг хүслээ.




Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Банк бус санхүүгийн байгууллагуудад СЗХ хяналт тавьж ажиллах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, ББСБ болон даатгалын компаниудаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн эрх ашгийг хангадаг тэгш, хүртээмжтэй хуулийн зохицуулалт хийнэ гэв.



УИХ-ын гишүүн Э.Батшугар, иргэдийн санхүүгийн сахилга баттай иргэдээ урамшуулах тогтолцоонд шилжих, жижиг хувьцаа эзэмшигч иргэдээ хамгаалах,  хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх зэрэг санал хэлэв. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, нийгмийн даатгалын санд хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллахад анхаарах, Л.Соронзонболд, байгалийн гамшигт малчид хоёр их наяд төгрөгөөр үнэлэх малаа алдсан. Тиймээс хөдөө орон нутагт даатгалын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй гэх зэрэг санал хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна