Даатгал шийтгэл биш

Zuv.mn
10 цаг 59 минутын өмнө

“Осол аваар гаргадаг, хариуцлагагүй жолоочийг хариуцлагажуулах” гэх нэрийдлээр жолоочийн хариуцлагын даатгал буюу албан журмын даатгалын хураамжийг хувь нэмэгдүүлж тооцох зохицуулалт үйлчилж эхлээд байгаа билээ.

Тодруулбал,

  • Жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд замын хөдөлгөөний хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн үедээ зам тээврийн осол гаргасан 
  • Жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан 
  • Жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурд хэтрүүлж, зам тээврийн осол гаргасан 
  • Жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, зохицуулагчийн дохиог зөрчсөн зам тээврийн осол гаргасан тохиолдолд даатгалын хураамжийг 40 хувь нэмэгдүүлэхээр болсон.

Гэхдээ үнэн хэрэгтээ энэ бол дээрэм юм. Монгол Улс 2012 оноос Жолоочийн хариуцлагын даатгалыг албан журмынх болгосон. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд үйлчилдэг даатгалыг заавал хийлгэж байж замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болсон.

Тухайн үед уг хуулийг Даатгалын компаниудын захиалгат хууль гэж хардаж байсныг нуухгүй. Гэсэн ч жолооч нарт ногдуулах хураамжаа Даатгалын компани өөрөө мэддэг байсан юм.

Даатгалын байгуулага хувийн хэвшил, бас ашгийн төлөө учраас балансаа хамгийн боломжтойгоор тохируулж чаддаг. Хураамж өндөр бол даатгуулагч орж ирэхгүй, бага бол компани алдагдалд орно гэдэг дэнсийг тохируулдаг байсан гэсэн үг.

Гэтэл одоо Санхүүгийн зохицуулах хороо ч гэнэ үү, нэг агентлагийн дарга Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам гэгчийг гаргаад осол гаргасан жолоочийг шийтгэдэг боллоо.

Даатгалын компанийн үндсэн үүрэг нь осол гаргасан жолоочийн эрсдлийг үүрэх, осол хийсэн жолооч даатгалд мөнгө төлсний шалтгаан гай таараад осол хийсэн үедээ санхүүгийн хариуцлагаа хөнгөлөх. Осол хийсэн жолоочийн эрсдэл нэмэгдэж, хураамж өсөн, буцаан олголтын хувь хэмжээ буурах зарчим байх нь байдаг, гэхдээ ямар ч тохиолдолд хувь хэмжээг компани өөрөө бизнесийн алтан зарчмаа бариад тогтоодог.

Нэг агентлагийн дарга /төр/ журам гаргаад энэ зарчмыг эвддэггүй юм. Өмнөх нийгмийн үеийг бидний үеийнхэн мэдэхгүй, үзээгүй. Гэхдээ яг одоо дарга нарын асуудалд хандаж байгаа арга барил нь социализмын үеэс ч дор орчихсон байна гэж ахмад жолооч нар ярьж байна. Монгол Улсад даатгал гэгч зүйл анх бий болох үед иргэд хамрагдах тийм ч дуртай байгаагүй гэдэг. Тэр үед Монгол оронд нэг намын дарангуйлал, захиргаадалт жинхэнэ утгаараа оршиж байсан ч иргэдийг сайн дураар нь даатгалд хамруулж байсан түүхтэй. Төр засгийн бодлогыг эсэргүүцсэн үйлдэл хийх нь байтугай үг хэлэх хориотой байсан болохоор уг нь иргэдийг бүгдийг нь даатгалд хамруулахад ганц тушаал л хангалттай байсан ч тэгээгүй. Яагаад гэвэл даатгал бол яг л гэрлэлт шиг цэвэр сайн дурын үндсэн дээр хийгддэг зүйл юм. Хэнбугай нь ч, тэр ч байтугай төр ч хүнийг хэн нэгэнтэй гэрлэхийг албаддаггүй шиг даатгалд заавал хамрагд гэж шахаад, авах ёстой үйлчилгээгээ авсных нь төлөө илүү мөнгө төл гэж шаардах эрхгүй.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.160
    6 цагийн өмнө

    хулгайч нарын даатгалын компанууд бүр даварчихсан зөрчил гаргаад арга хэмжээ авахуулана даатгал бас арга хэмжээ авдаг болчихсон юм уу хууль гууль болждээ шулаач нар

    Хариулах
  • 139.5.217.131
    9 цагийн өмнө

    ЗӨВ. СЗХ ны дарга албан тушаалаасаа буухдаа ТОМ АВЛИГА авлаа даа. ИНГЭЖ ИРГЭДИЙГ дарамталдагаа даатгалын компаниуд болих ёстой. ТӨР байна уу? ИРГЭДИЙНХЭЭ төлөө ажлаач.

    Хариулах