Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэхүү хуульд шинэ хот байгуулах чиглэлээр хийгдсэн ажлууд, үзэл баримтлалыг тусгаж өгсөн бөгөөд хөрөнгө оруулалтын орчин нөхцлийг тодорхой болгосноор хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалтын ажил эрчимжинэ гэж тооцож байна.
Нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь зам харгүй бүхий бүхий ногоон хот төлөвлөгдөөд байна
Төрийн дээд түвшинд олон жил яригдаж, тодорхой хөдөлгөөн хийгдэж байсан боловч биелүүлж чадаагүй эртний нийслэл, Хархорумыг сэргээн байгуулах санаачилга ажил хэрэг болох эхлэл 2022 онд УИХ-ын тогтоол батлагдсанаар эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ ажлыг сэргээхдээ хий хоосон уриалга гаргаж сүржигнэлгүй, нэлээд их ажлыг чимээгүйхэн амжуулсныхаа дараа УИХ-аас тогтоол батлуулж, Засгийн газарт үүрэг өгсөн нь энэ удаад ямар ч байсан урьд өмнөхөөс өөр байх юм байна гэсэн итгэл төрүүлсэн юм. Тодруулбал, товлосон бүс нутагт тусгайлан судалгаа шинжилгээний ажил хийлгэж, барих газрыг товложээ. Дараа нь “Орхоны хөндийд шинэ хот байгуулах тухай” тогтоолын төслийг боловсруулан УИХ-аар батлуулж, төслийн нэгж байгуулсан. Архангай, Өвөрхангай аймгийн нутгийн заагт байршлаа сонгож, геологийн судалгааны ажил явуулсан.
"Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, “Хятадын зам, гүүрийн корпорац, хятадын төрийн барилгын инженерийн корпорац, хятадын харилцаа холбоо, барилгын компанийн салбар хурдны замын зөвлөх үйлчилгээний компанийн хамтарсан баг шалгарсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдэж байна.
Хөдлөхөөс аргагүй хүнд нөхцөл
Монгол Улсын нийт хүн амын 46 /зарим эх сурвалжид талаас илүү нь гэжээ/ хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.4 хувьд 1.4 сая хүн оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг үйлдвэрлэн, нийт хөрөнгө оруулалтын 50 хувийг “шингээж” байгаа юм.
Эдийн засаг, улс төрийн гол төв болохынхоо хэрээр төрөлтийн хувь улсын дунджаас үргэлж дээгүүр байгаа бөгөөд шилжиж ирсэн иргэдийг оролцуулаад жил бүр дөрвөн хувиар өсч байна. ҮСХ-ноос гаргасан хэтийн төлөвт нийслэлийн хүн амыг 2040 онд 2.44 саяд хүрнэ гэж тооцоолжээ. Тэр үед Монгол Улсын нийт хүн ам 3.94 сая болно гэснийг хувьд шилжүүлбэл, нийт хүн амын 61 хувь нь зөвхөн Улаанбаатар хотод төвлөрнө гэсэн үг юм.
Дэлхий нийтийн улс төрийн байдал тогтворгүй, мөргөлдөөн, дайн тулаан хаа сайгүй гарч байна. Ийм үед бид нэг газраа шаваад байж таарах уу гэдэг асуудлыг ч бодож үзэх цаг нь болсон. Хүн амыг хэт нягтаршуулж, бага талбайд цуглуулж байгаа нь цэрэг дайны талаас нь аваад үзвэл маш ноцтой үр дагаварт ч хүргэж мэднэ. Муугаар бодоход, дайсны тал ганц бөмбөгдөхөд хүн амын тал нь үгүй болно гэсэн үг шүү дээ.
Нийслэлийн хүн ам эрчимтэй өсөхийн хэрээр шилжилт хөдөлгөөнийг багасгах аргыг хотын удирдлагууд санаачлан хэрэгжүүлэх болсон. Гэвч энэ нь татвар авах, шилжилтийн төлбөр авах, тодорхой хугацаанаас хойш шилжин ирэгсдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэхгүй байх гэх мэт хааж, боосон шинжтэй.
Энэ нь Үндсэн хуульд заасан хүн амьдрах газар орноо сонгох эрхийг зөрчиж байгаа хэрэг. Зүй нь, төр санаачилга гаргаж, аймгуудад нийслэлд амьдарч байгаа мэт тэгш нөхцөлийг бүрдүүлж ажиллах ёстой юм. Алслагдсан газар суурьшиж байгаа иргэд тээврийн зардлаас үүдэлтэй үнийн өсөлтийн золиос болж амьдардаг. Нийслэлд байгаа бараа бүтээгдэхүүнийг 10-20 хувийн нэмэгдэлтэйгээр худалдаж авдаг ч цалин, тэтгэврийн нэмэгдэл байдаггүй. Алслагдсан аймгуудын төрийн албан хаагчдад “Бүсийн нэмэгдэл” олгох талаар санаачилга гарч УИХ-аар хэлэлцэгдсэн ч хоосон яриа болоод өнгөрсөн. Бүсийн нэмэгдэл олгох асуудал УИХ-аар хэлэлцэгдэх үед “Хилийн бүс нутагт хүн амын 12 хувь нь л амьдарч байна” гэсэн жишээ дурьдагдаж байсныг ч анхаарахгүй орхиж боломгүй.
Улаанбаатар хот Монголын хамгийн том сул тал болохыг цар тахал ойлгуулсан
Цар тахал бидний байгуулж буй нийгмийн олон гажиг, согогийг илрүүлж өгсөн билээ. Тэдний нэг нь хүн амын хэт төвлөрөл, хот байгуулалтын оновчгүй зохион байгуулалт юм. Ялангуяа манай улсын хувьд, цар тахлын тархалтыг хумихаар ажиллаж байх тэр үеэс сул талаа харуулсан.
Тухайлбал, бүх нийтийн хөл хорио тогтоож “0 зогсолт” хийх туршилт хийсэн ч боломжгүй нь батлагдсан юм. Гэтэл Дархан-Уул аймаг “0” зогсолт хийж байгаад голомтуудаа илрүүлж, хотоо дөрвөн бүсчлэлд хуваагаад хөдөлгөөнөө нээчихсэн. Харин нийслэлд өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдэж, хянах бололцоогүй болсон. Аз болж вакцин гараагүй бол манай улс яах байсан нь ер нь л ойлгомжтой болчихсон.
Тэгэхээр, бид бүхэн цаашдаа Монгол улсын нийт хүн амын бараг тал хувийг ийм өндөр эрсдэлтэй байлгасаар байх уу, зохион байгуулалтын ажил хийх үү гэдэг сонголтын өмнө ирсэн гэсэн үг.
Төр ч хөдөлж эхэллээ. Гэхдээ цоо шинэ хот байгуулахаас гадна Нийслэлийг нүүлгэх, өөр газар шинэ нийслэл барих, одоо байгаа Эрдэнэт, Дархан хотууд, аймгийн төвүүдийг хөгжүүлэх, тэнд амьдралын илүү таатай нөхцөл, бололмжуудыг бүрдүүлэх ажлаа бодитой хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ шийдлүүдийн аль ч хэрэгжсэн одоо байгаа байдлыг дээрдүүлэх юм.
“Хархорумыг дахин барих нь цоо шиинэ зүйл биш буюу ”Эртний нийслэлээ сэргээх санаачилгууд
1996 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ “Монгол Улсын нийслэлийг XXI зуунд Хархоринд шилжүүлэх шаардлага, хугацаа, бололцоо, нөхцлийг судалж дүгнэлт гаргах УИХ-ын Ажлын хэсэг”-ийг Р.Бадамдамдин гишүүнээр ахлуулан байгуулж, түүхч, доктор Д.Хоролдамба нарийн бичгийн даргаар нь ажиллаж байв.
Сүүлд 2004 онд мөн Засгийн газрын Ажлын хэсэг байгуулсан, сайхан санал санаачлага, шийдвэр бэлдсэн байдаг. Үндсэндээ бол шийдвэр гарахад бараг бэлэн болсон байсан гэсэн үг. Д.Хоролдамба доктор одоо ч энэ асуудлыг орхилгүй байнга хөндсөөр байсныг энд зориуд дурдмаар байна. Уншигчдад ч сонин байх болов уу.
Тэрээр энэ сэдвээр өгсөн нэгэн ярилцлагадаа “Манай ажлын хэсэгт Д.Лүндээжанцан, Лу.Болд, Э.Бат-Үүл, Т.Султан, Д.Энхтайван, бурхан болооч С.Төмөр, М.Зэнээ, О.Дашбалбар гишүүн гээд дээр нь ШУА-ийн Ерөнхийлөгч, МУИС-ийн ректор ордог, 20-иод хүний бүрэлдэхүүнтэй байв. УИХ-ын эрхэм гишүүн М.Зэнээ гуай бид хоёр 1999 оны тавдугаар сарын 24-нд Үндэсний Телевизийн нэвтрүүлэгт орсон минь санаанаас гардаггүй юм. М.Зэнээ гишүүн инээмсэглэж байгаад Хархориныг улсын нийслэл болгох шаардлага, бололцоо, ач холбогдлын тухай яриаг минь дэмжин ярьж байсан нь тодхон санагддаг. Харин О.Дашбалбар гишүүн эхлээд уулзахад “Р.Бадамдамдин, та хоёр Улаанбаатарыг хаяна гэж байж тархиа хага цохиулав!” гэж загнаж байв. Учир начрийг нь тайлбарлахад тун сайн ойлгож, надад сайхан сэтгэгдэл төрүүлж байж билээ. Ер нь Хархоринд нийслэлийг шилжүүлье, нийслэлээ шинээр байгуулъя гэдэг маань хөгжилдөө бүтээлчээр хандах гэсэн сэтгэлгээний тэсрэлт байхгүй юу даа. Улсын хөгжилд үнэхээр том дэвшил гарна” гэж өгүүлж байв.
Үүнээс арай хожуу Нийслэлийг Их Монголын эртний нийслэл Хархоринд шилжүүлэх санаачилгыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гаргаж, олон нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулж чадаж байлаа.
Тэрбээр улс төрийн ямар ч ирээдүйгүй болсон үедээ тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “Намайг Хархорины захирагч болгочих” гэж гуйж байсан талаар сонсоогүй хүн ховор биз. Тэр ингэж гуйхдаа өөрийгөө жижиг хотын захирагч хэвээр дуусна гэнэ төсөөлөөгүй нь лавтай. Харин иргэдийн хүсэл тэмүүлэл, сэтгэл зүрхэнд эртний нийслэл нь оршиж байгааг олж харсан хэрэг. Товчхондоо, Хархорум бол улс төрийн замнал нь эрсдэлд орсон, ирээдүй нь бүрхэгдэж нэр хүнд нь унасан хүнийг ч дээш нь сэвхийтэл өргөөд гаргаад ирж чадах сэдэв юм.
Дархан, Эрдэнэт, Чингисийн боломжууд буюу давхар төлөвлөгөө
Дээр хэлсэнчлэн, 1990-ээд оноос нийслэлийг Хархорин руу шилжүүлэх асуудлыг судлахдаа Дархан, Эрдэнэт, Өндөрхаан гэх мэт бүс нутгийн хөгжлийн төв болох боломжтой хотуудыг бас давхар судалсан юм билээ. Энэ санаачилгыг гаргаж тавьдаг гишүүд ч үе, үеийн парламентад байсаар ирсэн.
Ялангуяа тухайн бүс нутгаас сонгогдсон гишүүд энэ асуудлыг сонирхдог нь харагддаг. Дээрх хотууд руу шилжүүлбэл зардал бага гарах давуу талтай. Тэгэхээр дээрх хотуудад бүгдэд нь боломж бий. Хархорумыг барихын хажуугаар аймгуудаа хөгжүүлнэ гэсэн үг. Засгийн газраас хөнгөлөлтүүд олгосон, одоо иргэд хэрэгжүүлэх дутуу буй. Мэдээж хугацаа орно.
Дэлхий дээр хоёр, тэр байтугай гурван нийслэлтэй улсууд бий. Бенин, Боливи, Бурунди, Чили, Нелерланд, ӨАБНУ, Шри Ланка зэрэг 20 шахам улс байна.
Тэд бараг бүгд хуучин нийслэл нь өнөөгийн Улаанбаатар шиг бэрхшээлтэй тулгараад засаг захиргааны төвөө шилжүүлсэн байдаг. Огт шинэ газар шинэ хот байгуулсан туршлага ч бий. Гэхдээ ингэхийн тулд ажлаа эрт эхлэх хэрэгтэй. Шинэ хот байгуулсан хамгийн амжилттай жишээнд Казахстан Алма атагаас Астанад шилжүүлсэн жишээ гарцаагүй бичигдэнэ. Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Парламентын дарга М.Оспанов нар 1997 оны аравдугаар сарын 20-ны өдөр нийслэлээ шилжүүлэх шийдвэр гаргаж байсан байдаг.
Өөрөөр хэлбэл, шинэ нийслэл байгуулахад дор хаяж 15 жил шаардагддаг ажээ.
Манай улсын хувьд, өмнөх Парламентын үед баталсан “Алсын хараа 2050” “Орхон, тамирын хөндийд шинэ нийслэл барих” тухай заалт орсон. Ямартай ч гурван Парламентын бүрэн эрхийн хугацаанд ажил хийх боломжтой болоод байна.
С.Болдхэт: Хархоринд дээд зэргийн төлөвлөлттэй орчин үеийн хот байгуулах юм сан
/УИХ-ын гишүүн асан/
Хархорин бол Их Монгол Улсын үед эдийн засаг, соёл, хөгжил, баян тансаг байдлаараа гайхагдсан, дэлхийн №1 нийслэл хот байлаа шүү дээ. Тэгэхээр энэ түүхээ бид маргааш биш юм гэхэд хэзээ нэгэн цагт сэргээх ёстой. Монгол үндэстний соёлын төв гэдэг утгаар хөгжүүлбэл их гоё. Соёлын холбогдолтой үндэсний их сургуулиуд, төв театр, төв музей, үндэсний архивын газар зэрэг байгууллагуудыг тэнд байгуулна. Мэдээж, Засгийн газрын ордон, төрийн яамд бас тийшээ нүүх ёстой. Улаанбаатарынхаа жишээнээс суралцаад, дээд зэргийн төлөвлөлттэй орчин үеийн хот байгуулах юм сан гэж боддог.
/”Монголын мэдээ” сонинд өгсөн ярилцлагаас... 2015 оны IV сар/
О.Баасанхүү: Хоёр нийслэлтэй байж болох уу
/УИХ-ын гишүүн асан/
Хоёр нийслэлтэй байж болдоггүй юм уу. Уг хуулийн төслийг баталснаар ийм гарц гарах боломж байна уу. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байна гэж заасныг өөрчилж хоёр нийслэлтэй болгож болох уу. Дэлхийн улс оронд ийм жишиг бий. 1976 онд байгуулагдсан Эрдэнэт хот удахгүй хаягдсан хот болох гээд байна.
Тиймээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилж байж Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийн төслийг оруулж ирэх хэрэгтэй. Дан ганц нийслэлд зориулсан хуулийн төслийг батлахаар өөр бусад асуудал хаягдана шүү дээ
/УИХ-ын нэгдсэн чуулган 2017 оны VI сар/
Д.Хоролдамба: Хүчээ 21 аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлэхэд дайчлах хэрэгтэй
/Түүхч, доктор/
Одоо сум гэсэн статустай 21 аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлэхэд дайчлах хэрэгтэй. Улаанбатар хотын зүй зохистой бус төвлөрөлийг хуваарилах ёстой. Хэт төвлөрлийг сааруулая л гэж байгаа бол энэ мэтээс эхлээд олон арга байна шүү дээ. Нийслэл хот бол харьцангуй цомхон, цэвэр цэмцгэр, амгалан тайван орчинтой байж, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг зэрэг нийгмийн элдэв сөрөг үзэгдэлгүй, засаг захиргаа, соёл, оюун санааны төв болж, тухайн орны өнгө төрх-нүүр царайг эерэгээр илэрхийлэхүйц байх учиртай.
/polit.mn сайтад өгсөн ярилцлагаас. 2020 оны V сар/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.139
Ер нь АН-ынхан улс орны ирээдүйг болсон ажил үйлсийг эхлүүлдэг юм байна.
Хариулах