Монголын цагаар өчигдөр болж өндөрлөсөн “Алтан бөмбөрцөг” кино наадмын инээдэм, хөгжимт киноны төрөлд “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр шалгарсан жүжигчин Дэми Мур шагнал гардсаныхаа дараа хэлсэн үг танхимд цуглагсдын сэтгэлийг шимшрүүлжээ.
Деми Мур мэдээж, Холливудын алдартай жүжигчдийн нэг боловч өөрийгөө мэргэжлийнхээ хувьд үнэлэгдэнэ гэж огт итгэхээ болиод байжээ. Өмнө нь бусдыг хүсдгийг хүсэж, мөрөөддөгийг мөрөөдөж явсан ч 30 жилийн өмнө нэгэн продюсер түүнийг маш ихээр голж, “Авьяасгүй” гэх зэргээр доромжилсон нь сэтгэлзүйд нь гэмтэл учруулсан аж.
Тийм ч учраас түүнээс хойш жүжигчний ажлаараа салбартаа үнэлэгдэнэ гэж огт бодохоо больсон гэнэ. Өчигдөр “Алтан бөмбөрцөг” ёслолд очихдоо ч тийм л байжээ.
Гэтэл санаанд оромгүй зүйл болж, хөгжимт, инээдмийн киноны “Шилдэг эмэгтэй жүжигчин” цом авсан нь дотоод сэтгэлээ уудлахад хүргэсэн байна.
“30 жилийн өмнө нэг продюсер намайг миний тоглолтыг “эрдэнэшиш идэхэд л тохирно” гэж хэлсэн юм. Түүнээс хойш би өөрийгөө үнэлэгдэнэ гэж бодохоо больсон. Мэдээж, би олон кинонд тоглож, их мөнгө олсон, гэвч яг жүжигчний уран чадварын хувьд хэн ч үнэлэхгүй гэдэгтэй эвлэрсэн байлаа. Бүр жүжигчний мэргэжлээ больж, хаях тухай ч бодож байсан үе бий...
...Өнөөдөр ялна гэж бодоогүй болохоор үнэхээр цочирдлоо. Би жүжигчин мэргэжлээр 45 жил ажиллажээ. Энэ хугацаанд анх удаа мэргэжлээрээ үнэлэгдлээ. Сэтгэл хөдөлж байна. Шүүгчдэд маш их баярлалаа” гэж тэрбээр өгүүлжээ.
Деми Мурын авьяасыг үнэлэх газар ганц “Алтан бөмбөрцөг”-өөр ч тогтохгүй байж магадгүй бөгөөд түүнийг удахгүй болох “Оскар 2025” шалгаруулалтын “Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин” номинацийн гол өрсөлдөгч гэж нэг бус хэвлэлд бичиж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна