Төр “Энержи ресурс”-ээс хувиа олж авах уу

Zuv.mn
7 цаг 5 минутын өмнө

Монголчууд уул уурхайн баялгаасаа хувь хүртэх эхлэлийг "Эрдэнэс Тавантолгой" тавьж, иргэдэд ногдол ашиг тараасан билээ. Гэхдээ үүнээс ч өмнө эхлүүлэх боломж байсан бөгөөд тэр нь  төр Ухаа худагаас өөрт ногдох ёстой хувиа хуулийн дагуу эргүүлэн олж авах арга байсан юм. Ардчилсан нам өмнө яг энэ асуудлыг хөндөж, "Ухаа худагийн 51 хувийг төр эзэмших ёстой" гэсэн байр суурийг илэрхийлж байсан. 

Уг орд нь одоогийн байдлаар "Энержи ресурс" буюу MCS-ийн мэдэлд байгаа. Тавантолгойн бүлэг ордын хамгийн сайн судлагдсан, нөөц нь баттай тогтоогдсон төдийгүй хамгийн чанартай гэдгээрээ "Тавантолгойн өрөм" гэж нэрлэгдэж байгаа орд. Батлагдсан нөөц нь 200 гаруй сая тонн гэгдэж буй. Энэ ордод Энержи ресурс компани олборлолт явуулж байгаа. Засгийн газраас шилжүүлж авахдаа "Нөөц нь тогтоогдоогүй хоосон газар авлаа" гэж байсан ч яван явсаар "өрөм"-ийг нь авсан болж таарсан. “Судлагдаагүй” гээд байгаа орд газарт хуучнаар БНМАУ, ЗХУ-ын геологичидын хамтарсан экспедицийнхэн судалгаа хийгээд бүх нөөцийг нь тогтоосон баримт сүүлд нь гарч ирснийг хэвлэлийнхэн илчилсэн. Уг баримтыг БНМАУ-ын ГУУЯ-ны сайд З.Барсаар ахлуулсан Зөвлөлт-Монголын геологичдын ажлын хэсэг 1989 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 08 тоот тайланд бичсэн байсан гэх.

Орд газарт хийсэн судалгаанд тухайн үеийн ханшаар 3.5 сая долларын хөрөнгө зарцуулж, техник эдийн засгийн үндэслэл, тайлан тооцоо, хайгуулын ажил, нөөцийн дүгнэлт гээд бүгдийг нь жин тан болгосон байсан хэмээн учир мэдэх хүмүүс өгүүлж буй. 

"Эм Си Эс" "Тавантолгойн ордын 98 хувийг төрд өглөө, хоёр хувийг нь авч үлдлээ" гэдэг пи ар хэрэгжүүлснийхээ дараа яаралтай IPO гаргаж олон улсын компани болсон нь ч нэгийг хэлнэ. Энд нэг анхаарах асуудал байдаг нь, "Ухаа худаг"-ийг эргэлтэд оруулахаас хамаагүй их мөнгө босгоод тэрбумтан Роберт Куок 90 хувь, MCS Minerals гэх компани 10 хувийг нь эзэмшиж байсан Баруун нарангийн нүүрсний ордыг хэт хөөрөгдсөн үнээр буюу 414 сая ам.доллараар худалдаж авч байсан. Роберт Куок уг ордыг түүнээс хоёр жил орчны өмнө хоёр дахин бага үнээр худалдаж авсан байдаг бөгөөд удалгүй Баруун нарангийн ордын үнэлгээ хөрсөн дээрээ буусан. Улмаар энэ бонд дээрээ дефолт зарласан байдаг. 

Энэ бүхнийг дурдсаны шалтгаан юу гэвэл,  Сү.Батболд Ерөнхий сайд болсны дараа MCS үнэхээр том байсан бөгөөд opengovernment гээд Монгол Улсын Засгийн газрын албан ёсны сайт дээр хүртэл зар сурталчилгаагаа битүү тавиулчихсан байдаг байсан юм. 

Тэр битгий хэл Засгийн газраас зарласан тендерүүдийг эхлээд MCS авч, цааш гүйцэтгэгч компаниудтай хувь тохирч шилжүүлдэг, ер нь хөрөнгөжих гол эх үүсвэр нь энэ байсан яриа ч явдаг байлаа. Тэгэхээр энэ том компани хэрвээ зарим хэвлэлд бичсэн шиг Засаг унагах акцийн ард байгаа нь үнэн бол Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын холболтын хэлэлцээрээс болж Тавантолгойн ордыг бүхэлд нь авах санаархал нь бүтэхгүй болсон гэхээсээ илүү /Иргэд хувьцаа эзэмшиж, хүн ам өсөхийн хэрээр хувь эзэмшил нь нэмэгдээд явах нь ойлгомжтой болсон учир/ "Хил холболтын төмөр замыг ганц "Эрдэнэс Тавантолгой" тултал нь ашиглаж, бусад ААН-үүдэд орон зай олдохгүй байх хүчин чадалтай хийхээр болсон, Баялгийн сангийн тухай хуультай холбоотойгоор  Ухаа худаг дахь ордоосоо өгөх болзошгүй нөхцөл байдлаас болсон байх магадлал өндөр байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна