Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа оролцож, Хангайн нурууны экосистемийг хамгаалах бодлого, бүсийн хөгжлийн төслүүдийг байгаль орчинд сөрөг нөлөө багатай хэрэгжүүлэх боломжийн талаар танилцууллаа.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Ойн тухай, Хөрс хамгаалах, Цөлжилтийг бууруулах тухай, Амьтны тухай, Усны тухай зэрэг 12 хуулийг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд 2050 он хүртэл Хангайн нурууны байгаль, түүх, соёлын өв бүхий 5.4 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг тэргүүлэх зорилт болгон тусгасан.
Энэхүү бодлогыг хэрэгжүүлж, сүлжээг өргөжүүлснээр өндөр уулын хээрийн экосистемийг хамгаалахад чухал ач холбогдолтой Төв Азийн гадагш урсгалгүй ай савын урсацыг бүрдүүлдэг эх, ойн санг хамгаалж, цэвдгийн алдралыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.
Шинээр хамгаалалтад авахаар судалгаа хийгдсэн газар нутгийн 70 орчим хувь нь нутгийн иргэдийн оролцоотой хамтын менежментийн зарчмаар хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжтой газрууд байгаа.
Хангайн бүсэд ойг нөхөн сэргээх ажлыг 51.15 мянган га талбайд хэрэгжүүлж, 127.8 сая га мод тарина
Хангайн бүс монгол орны ойн сангийн 11.4 хувийг бүрдүүлдэг. Цаашид энэ бүс нутагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд доройтсон ойг нөхөн сэргээх ажлыг 51.15 мян.га талбайд хэрэгжүүлж, 127.8 сая га мод тарина.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хангайн бүсийн аймгууд 60 сая мод тарихаар амлалт авч, 2024 оны эцсийн мэдээгээр 1.8 сая мод тарьсан байна.
Энэ ажлын хүрээнд Архангай, Өвөрхангай аймгийн 16 суманд 32 мод үржүүлгийн газарт 6.1 сая ширхэг тарьц, суулгац үржүүлж байна. Түүнчлэн Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслөөр Өвөрхангай аймагт мод үржүүлгийн газар байгуулан 5.3 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлээд байна.
Цаашид “Оюу толгой” ХХК-ны санхүүжилтээр Архангай аймагт 0.5 сая ширхэг тарьц, суулгац үржүүлэх хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэн хангайн бүсэд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Тавантолгой ХХК, Оюу толгой ХХК-нууд 19.8 сая мод тарихаар төлөвлөж байна.
Хархорум хотын ногоон бүсийг байгуулах ажлын хүрээнд 2025 онд 1500 га талбайд 1.1 сая мод тарина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар түүхэн нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулж, Монгол үндэстний түүх, язгуур өв, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хотыг төлөвлөх, бүтээн байгуулах ажлын бэлтгэл үе шат ид үргэлжилж байна.
Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин суманд Хархорум хотын ногоон бүсийг байгуулах ажлын хүрээнд 2025 онд 1500 га талбайд 1.1 сая мод тарих ажлыг эхлүүлээд байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Монгол орон даяар хашаатай айл бүрт 5 мод тарих аяныг өрнүүлж, ногоон дээвэр хөдөлгөөнийг хэрэгжүүлэх уриалгыг гаргаад байна. Ингэснээрээ иргэд амьдарч байгаа орчноо ногооруулах, тарьсан модоо услах усаа нөөцлөж хурын усыг хуримтлуулж ногоон байгууламжийн усалгаа, ахуйн хэрэглээнд ашиглах боломж бүрдэх юм.
Байгалийн ойг хомсдож доройтохоос урьдчилан сэргийлж хөнөөлт шавжийн тархалтыг бүрэн хяналтад авах, хөнөөлийн голомтыг хязгаарлах үйл ажиллагааг энэ жил Архангай аймгийн 51.5 мян.га, Өвөрхангай аймгийн 10.0 мян.га, Баянхонгор аймгийн 9.8 мян.га ойн санд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Хангайн бүсэд 60 хөв цөөрөм байгуулна
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар Баруун бүсэд гадаргын ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажилд 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталсан.
Хангайн бүсийн 3 аймгийн хувьд эхний ээлжид 60 гаруй хөв цөөрөм байгуулахаар санал ирснээс усалгаатай газар тариалан 9, мал болон зэрлэг ан амьтны усалгаанд 43, ногоон байгууламжийн усалгаанд 5 хөв цөөрөм, үерийн хамгаалалт 3 хөв цөөрмийг байгуулахаар байна.
Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог дэмжинэ
Энэхүү ажилд хувийн хэвшлийг татан оролцуулж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1 хувийн хөнгөлөлтөд хамруулах төсөл арга хэмжээний шаардлагыг боловсруулж, 2025 оны А/93 дугаар тушаалаар батлуулсан. Энэ журмыг хууль, тогтоомжийн нэгдсэн мэдээллийн (www.legalinfo.mn) сайтаас танилцах боломжтой.
Энд зөвхөн ус, хөв цөөрөм гэлтгүй агаар, орчны бохирдлыг бууруулах, хог хаягдал дахин боловсруулах, стандартын шаардлага хангасан хог шатаах зуух, техник хэрэгсэл авах, бохир ус цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж, ойжуулалт, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, хортон шавжтай тэмцэх зэрэг 7 чиглэлээр 34 арга хэмжээг тусгасан. Орон нутгийн захиргааны байгууллагаас энэ татварын хөнгөлөлтийг сурталчлан, хувийн хэвшлийн хөрөнө оруулалтыг байгаль орчныг хамгаалах ажилд татан оролцуулахад идэвхтэй хамтран ажиллана гэж итгэж байна.
Орхон-Онгийн төслийн хүрээнд онги цагаан бургастайн төсөл хэрэгжинэ
Орхон голоос Онги голын урсац нэмэгдүүлэх замаар Улаан нуурыг сэргээх, улмаар Говийн бүсийн усны нөөцийг нэмэгдүүлж тухайн бүс нутгийн усны хэрэгцээг хангах зорилго бүхий “Орхон-Онги” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг 2020-2021 онд боловсруулж барилгын ажлын зураг төсөл, судалгаа тооцооллын ажлыг хийж гүйцэтгэсэн.
5-8 жилд бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд нийт 6МВт хүчин чадал бүхий усан цахилгаан станц 3-ыг барьж байгуулахаас гадна нийт 51.6 тэрбум.м3/с цэвэр усыг хуримтлуулах боломжтой бүрдэнэ.
Хог хаягдлын хуулиар хүлээсэн үүргээ туйлын хангалтгүй биелүүлж байна
Хог хаягдлын тухай хууль 2017 онд батлагдсан боловч өнөөдрийн байдлаар аймаг, орон нутагт хэрэгжилт хангалтгүй байгаа. Тухайлбал: Хангай бүсэд /Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд/ хог хаягдлын хуулиар хүлээсэн эрх зүйн баримт бичгүүдийг батлуулж, мөрдүүлэх ажил нь туйлын хангалтгүй байна.
Аймгийн төвүүдийн төвлөрсөн хогийн цэгүүд нь стандартын шаардлага хангаагүйгээс байнга ил задгай хог шатааж агаар бохирдуулах, салхинд хийсэж мал амьтан идэх, хөрс бохирдуулах, цаашлаад хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж байгаа боловч хог тээврийн байгууллагууд нийлүүлж ачиж байгаагаас ангилан ялгах ажил үр дүнгүй болж хог хаягдлын хууль хэрэгжихгүй байдалд хүрээд байна.
Иймээс Тохижилт үйлчилгээний компаниудын үйл ажиллагааг шинэчлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шилжүүлэх ажлыг нэн яаралтай хийх шаардлагатай байна.
Мөн 2024 онд хог хаягдлын төвлөрсөн цэгийн жишиг зураг болон ангилан ялгах төвийн жишиг зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөр батлуулан аймгууд руу хүргүүлсэн.
Энэхүү зургийн дагуу орон нутаг өөрдсийн хөрөнгөөр үе шаттайгаар хог ахягдлын төвлөрсөн цэг болон ангилан ялгах төвийг сумдуудад байгуулах нь зүйтэй байна. Ингэснээр хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, орчны бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, булж устгах хог хаягдлын хэмжээг багасгах зэрэг өндөр ач холбогдолтой юм.
Хангайн бүсийн лабораторийг Өвөрхангай аймагт байгуулна
Монгол Улсад орчны хяналт шинжилгээний төлөв байдлыг үнэлэх судалгаа шинжилгээний ажил 1976 оноос тасралтгүй хийгдэж байгаа боловч орон нутгийн орчны хяналт шинжилгээний лабораториудад нарийн хэмжлийн олон үзүүлэлт нэгэн зэрэг тодорхойлдог автомат багаж байхгүй, гар аргаар шинжилгээ хийж цөөхөн үзүүлэлт тодорхойлж байгаа зэрэг нь хүрээлэн байгаа орчны чанарын төлөв байдалд бүрэн үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй, хүрээлэн байгаа орчны чанарын талаарх мэдээллийн эрэлт хэрэгцээг төдийлөн хангаж чадахгүй байна.
Иймээс орчны бохирдлын хяналт шинжилгээний чадавхыг сайжруулах хүрээнд байгаль орчны лабораторийг бүсчилсэн байдлаар байгуулах асуудлыг анхаарч ажиллаж байна. Хангайн бүсийн лабораторийг Өвөрхангай аймагт байгуулахаар байрны асуудлыг шийдвэрлээд байна.
Хархорум ххотод радарын станц байгуулснаар цаг агаарын аюулт үзэгдлээс эрт сэрэмжлүүлэх боломжтой
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс болно” гэж тодорхойлсон.
Иймд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлийн эрсдэлийг бууруулах эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх ажлыг одооноос хэрэгжүүлэх нь чухал юм. Энэ хүрээнд Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулах асуудлыг "Хархорум" хотын бүтээн байгуулалтын үндэсний хорооны төлөвлөгөөнд тусган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулснаар Монгол Улсын хүн амын нягтрал өндөртэй хэсэг болох Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн ихэнх сумд, Дундговь, Өмнөговь, Төв, Завхан зэрэг аймгийн зарим сумдын нутагт цаг агаарын аюулт үзэгдлээс эрт сэрэмжлүүлэх техникийн боломж бүрдэнэ.
Бүсийн дэд бүтцийн төслүүдийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах боломжтой
Бүсийн дэд бүтцийн хөгжлийн төслүүдийг байгаль орчны бодлого, үйл ажиллагаатай уялдуулах асуудал чухал. Бүс орон нутаг хөгжих ёстой гэхдээ хүндээ ээлтэй, байгаль орчинд сөрөг нөлөө багатай ногоон шийдэл бүхий дэд бүтэц, бүтээн байгуулалтыг хийх нь чухал.
Хангайн бүсэд төлөвлөгдөж байгаа дэд бүтцийн томоохон төслүүд (Улаанбаатар Хархорин чиглэлийн төмөр зам, Арцсуурь боомт-Шивээхүрэн боомт чиглэлийн баруун босоо төмөр замын бүсэд ногдох хэсэг, гэх мэт)-ийг хэрэгжүүлэхэд байгаль орчинд сөрөг нөлөө багатай байх шийдэл, саналыг боловсруулж, салбарын яамдтай хамтран ажиллана, орон нутгийн хэмжээнд мөн энэ асуудалд анхаарч, нэгдсэн ойлголттой байх нь зүйтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна