Б.Цэрэннадмид: Хангайн бүсийн чуулганаас тулгамдсан асуудлыг шийдэх шийдвэрүүд гарна гэсэн хүлээлттэй байна

Х.Батсайхан
2025/04/14

Архангай аймаг, "Ара" цогцолборт өнөөдөр зохион байгуулагдсан Бүсийн зөвлөлийн Анхдугаар чуулганы Хангайн бүсийн чуулганы үеэр аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидтай ярилцлаа. 

-Бүсчилсэн хөгжлийн чуулганы анхных нь Хангайн бүсэд болж байна. Чуулганы онцлог, ач холбогдол юу вэ. Ямар хүлээлттэй байна вэ?  

-Бүсчилсэн хөгжлийн чуулганы анхныхыг Хангайн бүсийн чуулган болгож зохион байгуулж байна. Нэг талаараа шинэ тутам, нөгөө талаараа бас боломж гэж харж байгаа. 

Монгол Улсын Засгийн газар Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйд тулгуурласан төрөлжсөн бүс, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалттай холбоотой “Хот төлөвлөлтийн дэд бүс” гэсэн концепциор хөгжүүлэхээр байгаа. Хэдий энэ хоёр концепц байгаа ч гэсэн Хангайн бүсийн хувьд МАА, ХАА-н салбараас гадна аялал жуулчлалын салбар бас чухал байгаа юм. 

Тиймээс өнөөдөр хэлэлцэх асуудал бол ард иргэдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх, бүсийн хөгжлийг дэмжсэн дэд бүтцийн чиглэлээр олон асуудал хэлэлцэгдэж яригдаж байна. Энэ бол манай бүсийн давуу тал гэж харж байгаа.

Манай гурван аймаг нийлээд Хангайн бүс болж байгаа нь засаг захиргаа, нутаг дэвсгэр, хүн ам, газар нутаг, шашин соёл, малчин өрх, хүн амын тоо гээд бүх үзүүлэлтээр хоорондоо их адилхан байгаа юм.

Тэгэхээр, байршлын хувьд хоорондоо 200,200 км зайтай энэ гурван аймагт мал аж ахуй, аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх вэ, Шинэ Хархорум хотын төлөвлөлтөөс үр шимийг нь яаж хүртэж, яаж оролцох вэ гэдэг манай Хангасйн бүсийн онцлог болоод байна.

-Эмчилгээний буюу рашаан сувиллын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж хэр байгаа гэж та харж байна вэ

-Монгол Улсын хэмжээнд цөөхөн хэдэн рашаан сувилал байгаагийн голлох нь Хангайн бүсэд байгаад байна. Баянхонгорын Шаргалжуут, Өвөрхангайн Хужирт, Архангайн Цэнхэр, Шивэрт, Цагаан сүмийн халуун рашаан гээд хэд, хэдэн рашаан сувиллын төвлөрлүүд байгаад байна. Хэдий хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр энэ газрууд харилцан адилгүй хөгжиж байгаа ч гэсэн яг одоо төрийн зохицуулалт, бодлого хэрэгтэй байгаа юм.

Төвлөрсөн ариун цэврийн байгууламж байгуулах, том хэмжээний парк байгуулах шаардлага. Хоёрдугаарт, халуун рашаануудыг түшиглэсэн дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Ингэснээр аялал жуулчлалыг эрүүл мэндийн аялал жуулал болгож хөгжүүлэх боломж байгаа гэж харж байна. Үүний тулд зам, дэд бүтэц, төвлөрсөн ариун цэврийн байгууламж зэрэг дэд бүтэц тулгамдаж байна. Энэ удаагийн Хангайн бүсийн зөвлөгөөнөөс энэ чиглэлээр шийдвэр гараасай гэсэн хүлээлттэй байна.

-Хангайн бүс 17 сая орчим малтай. Хөгжүүлэх тал дээр юу хийх шаардлагатай вэ

-Монгол Улсын хүн амын 8.3 хувь нь л Хангайн бүсэд байгаа юм. Гэтэл яг одоо 13 сая шахам малтай байгаад байна.  Тэгээд хамгийн олон хонь байна, ямаа байна, үхэр байна, адуу байна гээд үндсэндээ тэмээнээс бусад хамгийн олон мал байна. Тийм учраас  мал аж ахуйн гаралтай түүхий эдэд түшиглэсмэн үйлдвэрлэл  хөгжүүлэх боломж байгаа.

Тийм учраас махны чиглэлийн, сүүний чиглэлийн, арьс ширний чиглэлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх Одоогоор Өвөрхангай ахймаг бага хэмжээгээр хөгжүүлж байгаа ч гэсэн бүс нутгийн хэмжээнд хүрч чадахгүй байгаа юм.

Таны асуусан, цагаан идээний тухайд, Монгол Улсын нийт сүү саальны 50 гаруй хувь нь бас л манай Хангайн бүсэд байгаад байгаа. Тэгэхээр бас хуурай сүүний үйлдвэр байгуулах шаардлага гарч байна. Одоогоор цагаан идээгээ малчид уламжлалт аргаар бэлтгэж байгаа. Тиймээс инновац шингээх шаардлага байна гэж харж байгаа.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна