-УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын бүрэн эрхтэй холбоотой өргөдөл Үндсэн хуулийн Цэцэд иржээ-
Улсын дээд шүүхээс ял сонссон УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар бүрэн эрхээ хэрэгжүүлсээр байна. Хууль тогтоох танхимд суугаа ял сонссон гишүүнээ яах эсэхээ парламент шийдэж чадахгүй бараг хагас жил болох нь. Одоогоор “Хуулийн мухардалд орсон” гэх ганц тайлбарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өгөөд байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар хуульч гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж, маргааныг хагалах газар нь Г.Баясгалан даргатай Үндсэн хуулийн Цэц гээд дуугараад эхэлээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр “О.Алтангэрэл сайд нэг мэдэгдэл хийсэн байна лээ. Даваагийн Цогтбаатар гишүүний асуудлаар Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гараад гэм буруутай гээд үзсэн, энэ бол хуулийн мухардалд орчихсон гээд хэлчихсэн байна лээ. Хуульд бол мухардал гэж байхгүй. Хууль мухардсан бол Үндсэн хуулийн Цэц өөрөө энэ мухардлыг арилгаж байх чиг үүрэгтэй. Хэрэв УИХ мухардчихаад байгаа юм бол Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргаж энэ асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Бид Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна гэсэн Үндсэн хуультай. Ийм байж одоо УИХ нь ард иргэдээсээ хууль биелүүл гээд шаардаад байх улс төр, эрх зүйн, ёс суртахууны эрхгүй болж байгаа юм. Шүүхийн эцсийн шийдвэр гарчихаад байна шүү дээ” гэсэн юм.
Эндээс харахад, Дав.Цогтбаатар гишүүний бүрэн эрх тойрсон асуудлаар эцсийн шийдвэр гаргах эрхтэй байгууллага нь Үндсэн хуулийн Цэц болчихоод байна. Гэхдээ заавал УИХ-аас Цэцэд хандах ч шаардлага үгүй болжээ. Учир нь, иргэн Р.Мөнхзул яг энэ асуудлаар Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан үүсгүүлэхээр Цэцэд хандаад байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Цэц маргаан үүсгэх эсэх, үүсгээд ямар шийдвэр гаргах эсэх нь цаашдаа хууль зүйн салбарт жишиг болж тогтох юм.
Гэхдээ энэ бол хөшигний наана болж буй үйл явдал. Харин хөшигний цаана ямар улс төр өрнөж буйг одоо өгүүлье. Б.Гүнбилэг зэрэг хуульчдын зүгээс шүүхийн шийдвэр албажсан өдрөөс л УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг асуудлыг УИХ-д оруулж, тогтоол батлуулан Дав.Цогтбаатарыг Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн дагуу эгүүлэн татах ёстойг хэлсэн. Гэвч ийм зүйл болоогүйг бид бүгд мэднэ. Ямар учир шалтгаантай нь тодорхой бус ч, УИХ-д ялтай гишүүн сууж байгаа нь бодит үнэн юмдаг. Тэгвэл одоо асуудал Цэц дээр шилжихэд ч их сонирхолтой улс төр хөшигний цаана өрнөж байгаа юм байна.
Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй. Иргэнээс Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай өргөдөл ирвэл Цэцийн дарга аль нэг гишүүнд хуваарилж маргаан үүсгэх эсэхийг хянуулдаг. Маргаан үүсгэсэн тохиолдолд Бага, Дунд суудлаар уг маргааныг хэлэлцдэг хуультай. Хэрэв өргөдөл хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан үүсгэхээс татгалзвал энэ асуудал хаагддаг процесстой юм. Гэтэл Цэцийн дарга Г.Баясгалан УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын бүрэн эрхтэй холбоотой иргэний гомдлыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Б.Болдбаатарт хуваарилсан байна. Энэ нь хэдийгээр Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрх боловч цаана нь ашиг сонирхол нуугдаж байх талтай юм.
Нэгдүгээрт, Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүнээс Б.Болдбаатар л ганцаараа АН-ын угшилтай хүн. Өмнө нь УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга хийж, З.Энхболдыг спикер байхад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. АН дотроо “Чандмань” фракцад харьяалагдаж явсан намтартай Баянхонгор аймагт төрсөн хүн. Цэцийн дарга Г.Баясгалан ч бас Баянхонгор аймагт төрсөн бөгөөд Баянхонгорт АН-аас нэр дэвшиж сонгогдсон Баянхонгорын Дав.Цогтбаатарын бүрэн эрхтэй холбоотой маргааныг Цэцийн гишүүн Б.Болдбаатарт хариуцуулсан байгаа юм. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар энэ бол Баянхонгорынхон фракцлаад байгаа хэрэг огт биш ажээ. Харин ч Цэцэд ирсэн энэ өргөдөл Цэцийн дарга Г.Баясгалангийн “виз сунгуулах” боломж байж болох юм байна.
Г.Баясгалангийн бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа ирэх зургаадугаар сарын эхээр дуусна. Тэр бол УИХ-аас нэр дэвшиж Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр сонгогдсон гурван гишүүний нэг. Өөрөөр хэлбэл, түүний орны нэр дэвшигчийг УИХ-ын дарга санал болгож УИХ томилох ёстой юм. Тиймээс л Г.Баясгалан Цэцийн гишүүнээр дахин зургаан жил ажиллах “виз”-ээ сунгуулахын тулд Дав.Цогтбаатарын бүрэн эрхтэй холбоотой энэ өргөдлийг цааш явуулахгүй байх магадлалтай гэх. Ямар боловч энэ бүх улс төр эцэстээ юу болж дуусахыг иргэн Р.Мөнхзулын гаргасан өргөдлийг Цэцийн гишүүн Б.Болдбаатар хэрхэн хянаж шийдвэрлэхээс харагдах биз ээ. Тэр маргаан үүсгэх болов уу? Хэрэв маргаан үүсгэхгүй бол өнөөг хүртэл ашиглаагүй УИХ шууд өөрөө Цэцэд хандах хувилбар бас бий. УИХ өөрөө Цэцэд хандвал ҮХЦ шууд их суудлаа хуралдуулж, асуудлыг шуурхай шийддэг. Гэвч энэ боломжийг УИХ ч ашиглахгүй байгаа нь анхаарал татаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.157
Арай арай
Хариулах202.55.191.194
гошин шог ч чаашаа
Хариулах124.158.104.86
дампуу юм даа, ялтанг их хурлаас гаргах хэрэгтэй
Хариулах