НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангийн сошиал хуудсандаа бичсэн сэтгэгдлийг олон нийт “Бусдыг ялгаварлан гадуурхсан агуулгатай байсан” хэмээн шүүмжилж байна.
Олон нийтээс сонгогдож, бусдыг төлөөлж ажиллаж байгаа хүний гол шалгуур нь тухайн хүн өөрөө ёс зүйтэй, үлгэрлэгч шинж чанар байдаг тул ийм хүмүүст хувийн орон зай гэж байдаггүй.
Яг энэ шалтгаанаар буюу тэрбээр НИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг нь шүүмжлэх гол үндэслэл болж байгаа бөгөөд шалгаж үзвэл үнэхээр НИТХ-ын төлөөлөгч хүн ёс зүйн дүрмийг чанд сахих, зөрчвөл эргүүлэн татах үндэслэл хууль, журамтай байдаг аж.
Гэхдээ үүнээс ч илүүтэй иргэдийн "Төлөөлөгчдийн ёс зүйн асуудлыг тодорхой болгох", "Иргэд өөрсдөө сонгосон төлөөлөгчөө эргүүлж татах эрх" асуудал дээр НИТХ-ын байгаа байдал, илэрхийлсэн байр суурь аюултай санагдсан тул Ж.Энхжаргалангийн асуудал олон нийтийн анхааралд орсонтой холбон хөндөж байна.
Ж.Энхжаргаланг ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзвэл эргүүлэн татах боломжтой
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлд энэ талаар заасан байдаг бөгөөд
41.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:
41.1.1.нас барсан;
41.1.2.хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
41.1.3.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;
41.1.4.тухайн орон нутгаас шилжсэн;
41.1.5.энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон;
41.1.6.энэ хуулийн 40.1-д заасныг зөрчсөн;
41.1.7.Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;
41.1.8.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон бол хэмээн найман үндэслэл зааж өгчээ.
Ж.Энхжаргаланд 41.1.7-д хамаарахаар байна.
Гэсэн ч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн ёс зүйн дүрэм нээлттэй эх сурвалжид алга
Эндээс Хурлын төлөөлөгчдөд Ёс зүйн дүрэм гэж байдаг юм байна, түүн дотор нь ноцтой зөрчил гэдэг тодорхойлолттой заалт байдаг байх нь гэж ойлгогдож байгаа биз. Ингээд хайж үзтэл үнэхээр ийм дүрэм байдаг юм байна.
Харин нутаг дэвсгэрийн нэгжүүд Иргэдийн төлөөлөгчдийнхөө ёс зүйн дүрмийг тус, тусдаа баталдаг байдал тодорхой болов.
Тодруулбал, аймаг, сумд тус бүр төлөөлөгчийнхөө ёс зүйн дүрмийг баталдаг бололтой. Ингэхдээ тухайн хуралд байгаа нөлөө бүхий төлөөлөгчийн лобби ордог юм болов уу гэж хардмаар, явцуу хүрээнд авч үзсэн нь байхад өргөн агуулгаар авч үзэж дэлгэрэнгүй оруулсан нь ч байна.
Тухайлбал, Дархан-Уул аймаг Иргэдийн хурлын төлөөлөгчийнхөө ёс зүйн дүрэмд энэ талаар нарийн тодорхой заалтууд /2.1.5/ оруулж өгсөн байна /Зурагт харуулав/. Энэ ёс зүйн дүрмээр бол Ж.Энхжаргаланг ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзэх үндэслэл бүрэн байна.
Харин Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн Ёс зүйн дүрмийг нээлттэй эх сурвалжаас хайгаад олсонгүй.
Тэгэхээр, нэгдүгээрт Дархан-Уул, Сэлэнгэ зэрэг аймгууд, Сүхбаатар аймгийн Онгон сумын ИТХ хүртэл батлаад цахим орчинд нээлттэй байршуулж болоод байгаа Ёс зүйн дүрмийг Нийслэлийн ИТХ яагаад байршуулж болдоггүй хэрэг вэ.
Хоёрдугаарт, Хурлын төлөөлөгчийг эргүүлэн татах журмын төслийг УИХ, ЗГ-аас боловсруулж, аймгуудаас санал авч байгаа юм байна. Аймгууд тэрхүү журамд байгаа зүйл заалт, эргүүлэн татах үндэслэлийн талаар саналуудаа илгээсэн байх бөгөөд НИТХ-аас ирүүлсэн санал нь аймгуудаасаа илүүтэй иргэдийнхээ эрхийг хассан шинжтэй байх юм.
Жишээ нь, журмын төслийн 7.1.4 “Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсвэл ноцтой зөрчсөн” гэдэг дээр аймгууд “Удаа дараа гэж яг хэдэн удаа вэ, Ноцтой зөрчил гэж яаг юуг хэлэх вэ гэдгийг тодруулах” гэсэн санал өгсөн байхад НИТХ “ЗЗНДНТУТХуулийн “41.1.7” дугаар заалтаар зохицуулсан тул хасах санал гаргажээ.
Аймгууд ёс зүйн дүрээ баталсан тул ёс зүй гэж юу вэ гэж асуусангүй. Харин НИТХ ямар ч тодорхойгүй, ёс зүйн зөрчил гэж юуг хэлэхийг ч тусгаагүй хуулийн заалт дурдаж, хасах гэсэн нь үнэхээр ойлгомжгүй байна.
Шууд хэлэхэд ёс зүйн зөрчлийг тодорхой болголгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан хэвээр буюу "амьгүй" чигээр нь үлдээхийг санаархжээ.
Мөн 15.2 Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах санал хураалтыг товлон зарлахад тухайн хурхлын төлөөлөгчийн сонгогдсон тойргийн нийт сонгогчдын хоёр хувиас багагүй тооны гарын үсэг цуглуулсан байвал зохино” гэсэн заалт дээр ихэнх аймгууд зөвгшөөрсөн, цөөн аймаг “Аймагт байж болох ч сумын хэмжээнд хоёр хувь гэдэг хэтэрхий бага тоо” гэдэг үндэслэлээр “10 хувь болгож нэмэх” санал ирүүлсэн байхад НИТХ “75 хувь” гэжээ.
Улсын нийт хүн амын талаас илүү нь амьдарч байгаа Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг эргүүлэн татах санал хураалтыг товлохын тулд тойргийн 75 хувийн гарын үсэг цуглуулах гээд явж байх юм гэнэ.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид сонгуульт албандаа ямар дуртай, албан тушаалтайгаа зууралдсан хандлагатай юм бэ.
Ж.Энхжаргалангийн асуудал ёс зүйгүй үйлдэл мөн гэдэг нь тодорхой. Тэтэл тэрнээс ч илүү асуудал эндээс гарч ирж байна. НИТХ-ын төлөөлөгчдөд Ёс зүйн дүрэм гэж байдаг эсэх нь тодорхойгүй /Нээлттэй эх сурвалжид лав алга/, дээр нь эргүүлэн татах журмын төсөлд болохгүй санал өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна