МАН Хамтарсан Засгаас АН-ыг гаргасан үндэслэлээ олон нийтэд тайлбарлах ёстой

Zuv.mn
Өчигдөр 14 цаг 45 минут

МАН-ын гишүүн Х.Булгантуяа “МАН Бага хурлынхаа шийдвэрийг АН-д бичгээр хүргүүлэх албагүй” гэжээ. Тэрбээр энэ хариултаа “АН-ын шийдвэр манай намд ирэхгүй шүү дээ. АН-ын шийдвэр манай намд бичгээр бараг байдаггүй байх аа” хэмээн бататгасан байна.

Түүний хэлснээр МАН-ын шийдвэр АН-д, АН-ын шийдвэр МАН-д бичгээр очих албагүй. Гэхдээ шийдвэр нь нэг нам нь нөгөө намынхаа эрх ашгийг хөндсөн буюу Хамтарсан Засгийн газраас гаргах асуудал учраас АН үндэслэл шаардсан нь буруу биш. Хэрвээ үндэслэл байгаа бол МАН гаргаж өгөх л ёстой. Энэ нь заавал Бага хурлын шийдвэр байх албагүй, шийдвэр гарах үндэслэлүүдийг л дурдах асуудал. Ингэхдээ “Гэрээний тэддүгээр зүйл заалтыг төийд, тэгж, тэдэн удаа зөрчжээ” гэж баримттайгаар гаргаж тайлбарлахыг хүссэн.

Гэтэл өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй нь “АН гэрээгээ зөрчөөгүй юм биш үү” гэсэн эргэлзээ үүсгэж байгаа нь үнэн шүү дээ.

Тиймээс МАН АН-ын шаардлагыг биелүүлэх ёстой. Тэр бичгээ олон нийтэд ил тавих ёстой. Зөвхөн АН гэж бодож асуудалд хандах хэрэггүй. Учир нь. МАН бүхэл бүтэн сөрөг хүчнийг гэрээгээ зөрчөөгүй байхад гүжирддэг юм бол жирийн иргэдийг яах вэ гэдэг асуултын хариуг авмаар байна.

Үндэслэлгүй, хар муйхраар, эсвэл нэг хүний тушаал заавар дохио зангаагаар  шийдвэр гаргасан бол, дарга нар нь бусдыг гүтгэсэн бол тэрийг олон нийт мэдэж байх учиртай. Яагаад гэвэл, эрх баригч нам доторх асуудал хүссэн хүсээгүй Монгол төрийн асуудал болдог.    

Улс төрийн намд ухамсар, ёс зүй гэж байх ёстой. Монголын хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн төлөвшсөн МАН ийм соёлгүй байх юм бол бусад намууд яаж хамтрах вэ. Сая Бага хурал шийдвэр гаргахдаа саналын томъёоллоо "АН-ыг Засгаас гаргах" биш, "...Намуудыг" гэж тодорхойгүй байдлаар гарснаараа ХҮН намыг барьцаанд авсан. Өөрөөр хэлбэл, ХҮН намын төлөөлөл Ж.Золжаргал Хамтарсан Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурснаараа намаа МАН-ын барьцаанд аваачаад хийчихсэн. Одоо дахиж Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Ногоон эсвэл, ИЗН-ыг орууллаа гэхэд нэг өдөр худлаа гүжирдээд хөөж гаргахгүй гэсэн баталгааг АН-ын зүй ёсны шаардлагад зохих ёсоор хариулж байж л өгч чадна.      



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    Өчигдөр

    ARDIIN NAM CHIN IIM L NAM . BUGD HUDLAA BUUR ANH BAIGUULSAN 1920 ONII 6 SARIIN 25 NAA HURTEL YGYI GEDEG BUZARIIN NAM SHUU

    Хариулах