УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Очирбат, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарын хооронд өрнөсөн асуулт, хариулт маш том эргэлзээг үүсгэж орхилоо.
Г.Очирбат гишүүн “Эрчим хүчний төслүүдийг дандаа гаднын зээлээр шийдэхийг дэмжихгүй. Хашааны 0.07 га газарт нь “Ногоон зээл”-ээр 20 кВт-ын сэргээгдэх станц барих боломжийг иргэдэдээ олгочихьё л доо. Төвийн эрчим хүчинд нийлүүлээд өрх бүр сард 500,000 төгрөг олно шүү дээ. Банкууд дээр нэг их наядын эко зээл байна. Хаашаа гарахаа мэдэхгүй. Энэ ажил руугаа оруулъя л даа. Өрхүүд үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн системд нийлүүлж орлого олох боломж бий. Хууль эрхзүйн орчин бүрдсэн. Үүнийгээ ашиглая. Энэ зээл эргээд төлөгдөнө. 2028 онд энэ УИХ буухдаа хүүхдүүддээ бөөн өр зээл үлдээмээргүй байна шүү дээ” гэдэг байр суурь илэрхийлсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн нэг нь Эрчим хүчний тархмал эх үүсвэр буюу сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих ажил. Энэ төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхонгор, Говь-Алтай аймгийн эрчим хүчний дутагдалтай, алслагдсан 60 суманд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барихаар төлөвлөж буй.
Энэ ажлын арай өргөтгөсөн хэлбэр нь иргэд өөрийн хөрөнгөөр сэргээгдэх эрчи хүчний эх үүсвэр байгуулан төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх замаар орлого олох явдао бөгөөд хууль эрхзүйн орчин нь бүрдэж, одоо журамд багахан өөрчлөлт оруулах асуудал л үлдээд буй.
Г.Очирбат гишүүн яг энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийн талаар Эрчим хүчний сайдын байр суурийг сонсохыг хүссэн бөгөөд энэ нь хэлэлцэж буй асуудалтай тэгтлээ их холбоогүй байсан юм.
Гэтэл Эрчим хүчний сайд “Чуулганы танхимд улс төр хийж шоудахаа болье. Айл болгон хашаандаа сэргээгдэх эрчим хүчний панель хийгээд төвийн системд нийлүүлж мөнгө олно гэхээс сайхан санагдаж байгаа. Гэхдээ системийн тогтвортой байдлыг хангахын тулд өөр ажлууд хийх ёстой байдаг. Техникийн хувьд боломжгүй” гэж хариулсан нь тархмал эх үүсвэрийг айл өрхийн хэмжээнд аваачих зорилт биелэх боломжгүй гээсэнтэй ялгаагүй боллоо.
Боломжтой иргэд өөрсдийн чадал хэрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, өрхийн хэрэглээгээ хангахын зэрэгцээ илүү гарсныг нь төвийн эрчим хүчний сситемд борлуулан орлого олдог жишиг дэлхийн олон оронд бий.
Манайх ч энэ жишгээр, алдаа оноотой ч гэсэн хууль эрх зүйн орчноо бүрдүүлээд явж байгаа. Тухайлбал,
-Засгийн газар 2016 онд 198 дугаар тогтоол баталж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвар, нэмэгдсэн өрхийн албан татвараас чөлөөлсөн.
-2020 онд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 159 дүгээр тушаал гаргаж, “ХЭРЭГЛЭГЧИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮРЭЭС ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ” баталсан бөгөөд энэ журамд иргэн 20кВт, албан байгууллага техникийн нөхцөлөөр олгогдсон хүчин чадлынхаа 50 хувь хүртэл түгээх сүлжээнд нийлүүлж болох тухай заасан байдаг.
-2022 онд Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэр гаргаж, СЭХ-ний үүсгүүрээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх үнийг 06:00-17:00 цагийн хооронд 140,18 төгрөг, 17:00-22:00 цагийн хооронд 221,89 төгрөг байхаар зохицуулсан.
Сэргээгдэх эрчим хүч буюу тархмал эх үүсвэр Мега төслийн нэгт тооцогдох болсноор төрөөс үзүүлэх дэмжлэгийг бодитой өсгөх буюу ОХУ-аас “Үнэтэй” худалдаж авдаг тэр жишгээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс худалдаж авах асуудал ч яригдаж буй. Гэтэл Эрчим хүчний сайд “Техникийн хувьд боломжгүй” гэх ганц өгүүлбэрээрээ энэ асуудлыг судалж, сонирхож байгаа олон хүнд эргэлзээ үүсгэж орхилоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.16
Taavindehiigee eechleed l baisan biz deeJuarm ni baigaa yum chini Choijootoi vhoijoogui yavah ajil bish uu Irged eersdee tehnikiin bolomj garaad hiij boloh yum bish uu? Tsaana chini 12-too huuhed tiireltet nuujin heergeed. Baina
Хариулах