Нууц, гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтыг Ерөнхийлөгчөөс УИХ-д шилжүүлэх төлөвлөгөө

Zuv.mn
11 цаг 28 минутын өмнө

-Х.Тэмүүжин нарын санаачилсан, хүчний байгууллагыг "Гестапо"-гийн Монгол хувилбар болохоос сэргийлэх хууль батлагдаж чадах уу-

УИХ-ын гишүүд өнөөдөр өмнө нь Байнгын хороонд дээр хэлэлцэгдээд дэмжээгүй УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль буюу хуулийн байгууллагаас иргэд дээр явуулдаг нууц болон гүйцэтгэх ажиллагаанд УИХ тусгай бүтцээр дамжуулан хяналт тавьдаг болох агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцээд, “Хэлэлцэх нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргасан билээ.

Эдүгээ тагнуул болон цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, улс орны аюулгүй байдлыг сахихтай холбоотойгоор иргэдэд нууц болон гүйцэтгэх ажиллагаа явуулдаг бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль эрхзүйн хүрээнд УИХ энэ ажиллагаанд хяналт тавих боломжгүй аж.

Энэ нь хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа нэг хүний эрх мэдэлд очих, улмаар тухайн хүнийхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор ашиглагдах магадлалтай учир Х.Тэмүүжин нарын УИХ-ын гишүүд уг хуулийг өргөн барьсан юм.

Уг хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг Байнгын хороогоор хэлэлцэхэд дэмжлэг аваагүй юм. Тэгвэл уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд Байнгын хороо дэмжээгүйг үл харгалзан анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсон юм.

Хуулийн гол санаа

Монгол Улс Парламентын засаглалтай. Гэвч Парламент нь хуулийн байгууллагын хэрэгжүүлдэг, иргэдийн эрх, эрх чөлөөний эсрэг “ажиллах” магадлалтай нууц болон гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих боломжгүй гэдгийг эхэнд дурдсан. Тиймээс хуулийн байгууллагынхны явуулдаг гүйцэтгэх болон нууц ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий  Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороог Хууль зүйн байнгын хорооны харъяанд байгуулах юм.

Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Тэмүүжин нар  хууль хяналтын байгууллага нэг хүний мэдэлд байснаар хяналтаас гарч, УИХ-ын хараат бус үйл ажиллагаа явуулах эрхэд халдах эрсдэлтэй, улмаар дарангуйлал ч тогтох магадлалтай гэдэг байдлаар үг хэлж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Б.Энхбаяр гишүүн мөн “Хууль хүчний байгууллагын хэрэгжүүлдэг нууц болон тусгай ажиллагааг хянах асуудал 1930-аад оноос эхэлсэн байдаг. Тухайн үед А.Хитлер Нууц цагдаагийн газар Гестапо гэгчийг Парламентын хяналтаас гадуур байгуулсан нь эрх мэдлийг нь өсгөж, дэлхийн дайнд хүргэсэн. Үүнээс хойш Парламент нь хүчний байгууллагынхаа явуулж буй нууц, гүйцэтгэх ажиллагааг хэрхэн хянах вэ гэдэг асуудлыг судалж эхэлсэн байдаг. Би УИХ-д анх сонгогдож орж ирснийхээ дараа энэ асуудлаар судалгаа хийлгэж, хуулийн төсөл боловсруулж өргөн барьж байлаа. Харамсалтай нь энэ хуулийн төсөл батлагдаагүй.

Гэхдээ энэ хуулийн төслийг би илүү нарийн боловсруулах ёстой гэж үзэж байгаа учраас би дэмжихгүй. Хууль хүчний байгууллага өөр дээр нь нууц ажиллагаа явуулсан гэдгийг мэдсэн УИХ-ын гишүүн Ажлын хэсэгт орж байгаад нууцын зэрэглэлд оруулсан байсан өөрийнхөө хэргийг авч уншсан тохиолдол гарч байсан. Тиймээс энэ хуулийн төслийг УИХ дахь намын төлөөллийг оруулсан ажлын хэсэг гаргаж, нухацтай хэлэлцэх шаардлагатай” гэж ярьсан юм.

  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэсэн энгийн нэртэй ч цаанаа том агуулгатай уг хуулийн төслийн талаар мэдээлэл цуглуулснаа хүргэлээ.

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

 

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 27.5.6 дахь заалт нэмсүгэй:

“27.5.6.Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо нь хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаа болон энэ зорилгоор явуулж байгаа гүйцэтгэх ажил /нууц мөрдөн шалгах ажиллагаа/-ын талаарх хууль тогтоомжийн биелэлт.”

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4 дэх заалтын “Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн” гэсний дараа “, Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.1 дэх заалтын “тагнуул болон гүйцэтгэх” гэснийг “тагнуулын гүйцэтгэх” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.106
    6 цагийн өмнө

    ИХ-ийн гишүүд чинь болж бүтэхгүй асуудал гаргагчид байгаад л байгаа юм шиг байдаг, тэгээд тэр асуудлыг нь хуулийн заалтаар шийдэх гэхээр зөрчил гараад өөрт нь халтай шийдвэр гардаг тул өөрсдийгөө хамгаалах л асуудал оруулаад байгаа мэт харагдаж байна даа.

    Хариулах
  • 66.181.189.126
    7 цагийн өмнө

    Хулгайчууд төрийн эрхэнд гарсан тул өөрсдийгөө хамгаалах нүх гаргаж байж болзошгүй тул яаран батлах шаардлагагүй.олон нийтээр хэлэлцүүлж уг уншихыг нь ялгаж байж батлах ёстой.олигархууд л ийм хууль санаачилж,идсэн ууснаа хамгаалах болно.энэ нь жирийн иргэдэд ямар хамааралгүй юм Хууль бус үйл ажиллагаа явуулдаг э тгээдүүд,хуулиуд захирагдаггүй хэсэг хүмүүсийн эрх,ашиг сонирхолд нийцэх хууль гаргаад дураар нь авирлуулах заалт болохоос сэрэмжлэх ёстой.төрийн нууцыг төрийн аюулгүйн зөвлөл хамгаалах ёстой.

    Хариулах
  • 59.153.86.202
    10 цагийн өмнө

    УИХ -д Тэмүүжин мэтийн шудрага бус, болж бүтэхгүй нөхдүүд олноороо орчихоод байгаа учраас тэд өөрсдийнхөө эсрэг хууль хяналтын байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулж байна уу үгүй юу гэдгээ хянаад, өөрийгөө хамгаалах зорилготой хийгдэж байгаа ажиллагаа гэж ойлгогдож байна

    Хариулах