Боловсролын сайд П.Наранбаяр хамаарал бүхий ТББ руугаа ₮1.2 тэрбумыг шилжүүлсэн үү

Zuv.mn
9 цаг 48 минутын өмнө

Өнөөдөр /2025.06.25/ Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр, Боловсролын сайд П.Наранбаяр нь өөрийн өмнө ажиллаж байсан хуулийн этгээд рүү улсын төсвөөс 1.2 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байж болзошгүй асуудлыг хөндлөө.

Тодруулбал, П.Наранбаяр сайд 2024 оны есдүгээр сарын 9-нд гаргасан А/72 тоот тушаалаараа ЕБС-ийн менежментийг сайжруулах зорилгоор “Шинэ Монгол” сургуулийн туршлагыг төрийн 120 сургуульд нэвтрүүлэх шийдвэр гаргажээ. Энэхүү тушаалын хүрээнд төсвөөс 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болжээ. Ингэхдээ 800 саяыг нь 2024 оны улсын төсвөөс, үлдсэн 400 саяыг 2025 оны улсын төсвөөс гаргах шийдвэр гаргасан байна. Үүний дараа 2025 оны 10 сарын 10-нд гаргасан А/136 тушаалаар 120 сургуулийн жагсаалт батлагдаж, тус бүрт 10 сая төгрөг хуваарилагджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС-ийн 120 сургууль тус бүрийн дансанд 10,000,000 (арван сая) төгрөг орж, сургуулиуд гэрээнд заагдсан 459063724 тоот дансанд буцаан шилжүүлжээ. Энэ нь "Шинэ Монгол Төв" НҮТББ-ын данс аж. Шинэ Монгол Төв” Холбоо НҮТББ нь УИХ-ын гишүүн Ж.Галбадрах тухайн үедээ Шинэ Монгол сургуулийн УЗ-ийн даргаар ажиллаж байх үедээ үүсгэн байгуулжээ.

  • Нэгдүгээрт, ашиг сонирхлын зөрчил: П.Наранбаяр нь өмнө нь ажиллаж байсан, Ж.Галбадрахын гэр бүлийн оролцоотой байгууллагад төсөв хуваарилсан нь Нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлийг хориглосон хуулийн 20.2, 20.3-т харшилж байна.
  • Хоёрдугаарт, эрүүгийн шинжтэй үйлдэл: Улсын төсвийн хөрөнгийг харилцан хамаарал бүхий этгээдэд шилжүүлэх нь Эрүүгийн хуулийн 22.1 (Албан тушаалаа урвуулан ашиглах)-ийн заалтыг зөрчсөн байж болзошгүй.
  • Гуравдугаарт, Үндсэн хуулийн зөрчил: УИХ-ын гишүүн П.Наранбаярын энэ үйлдэл нь өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хуулийн 29.3-т заасан "эгүүлэн татах" нөхцөлд нийцэж болзошгүй нөхцөл үүссэн гэж зарим хуульчид үзэж байна.

Иймд хуульчид болон боловсролын салбарын зарим ТББ, иргэд энэхүү үйл явдлыг Авлигатай тэмцэх газар, Төрийн аудит, УИХ-ын Ёс зүйн дэд хороо зэрэг байгууллагад шалгуулах хүсэлт гаргахаар зэхэж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна