Жил бүрийн зургаадугаар сарын 17-нд тохиодог “Цөлжилт, ган гачигтай тэмцэх” дэлхийн өдрийг тохиолдуулан, бүс нутгийн байгаль орчны бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газар хамтран Говийн бүсийн Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн талуудыг оролцуулан “Бүсчилсэн хөгжил ба биологийн олон янз байдал” семинарыг энэ сарын 24-нд Мандалговь хотноо зохион байгууллаа.
Семинарыг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нээж үг хэлсэн бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн менежер П.Мөнхчимэг, Төслийн хөдөө, аж ахуй хариуцсан ахлах зөвлөх В.Энхчимэг, Төслийн санхүүгийн ахлах зөвлөх У.Чулуунцэцэг нар болон Говийн бүсийн аймгуудын төлөөллүүд оролцов.
Энэхүү семинар нь бүс, аймаг, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаль ба хүн (нийгэм, эдийн засаг) хоорондын харилцан үйлчлэлд дүн шинжилгээ хийх IPBES Conceptual Framework, DPSIR, сценар анализ зэрэг аргачлалын талаар оролцогчдод мэдлэг олгох, биологийн олон янз байдлын талаарх Монгол улсын VII тайлан боловсруулах ажилд говийн бүсийн холбогдох талуудын оролцоог хангах, үр дүнд суурилсан байгаль орчны салбарын төсөв боловсруулах, тайлагнах орон нутгийн чадавхыг сайжруулах, говийн бүсийн аймаг тус бүрээр байгаль орчин, биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээний хандлага, төлөв байдлын өөрчлөлтүүд, тэдгээрт нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, технологийн суурь хүчин зүйлсийг нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байдлаар дүн шинжилгээ хийх, биологийн олон янз байдал, ус, хүнс, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах асуудлуудыг нэгдмэл, харилцан уялдаатай тодорхойлох, нийгэм, эдийн засгийг тэтгэгч экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалах, биологийн олон янз байдлыг хамгаалах талаар нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай хариу арга хэмжээг бүх талуудын эрх ашигт нийцүүлэн, нөөц, эх үүсвэрт үндэслэсэн эрэмбэлэн тодорхойлох зорилготой аж.
Семинарын үр дүнд үндэслэн экосистемийн үйлчилгээний үнэлгээний тайланг төвийн бүсийн аймаг тус бүрээр энэ онд багтаан НҮБ-н Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр боловсруулан гаргах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна