Засгийн газар “Алт III” аяны хүрээнд 100 тонн алт олборлох боломжтой үндсэн ордуудыг “Урт нэртэй хууль”-ийн үйлчлэлээс гаргах агуулга бүхий тогтоолыг гаргасан билээ.
Гэвч энэхүү тогтоолын төсөлд хуулийн үйлчлэлээс гаргах үндсэн ордын нэр солигдож, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хөдөлгөхөөр зэхэж байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Гацуурт, Баавгай, Эрээн, Хэнтий аймагт байдаг Шургадагийн голын ордуудыг хасан, өөр ордуудын нэрийг оруулсан талаар бид өчигдөр мэдээлж байсан.
Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Засгийн газар тогтоол гаргахдаа өмнөх Засгийн газрын тогтооолоос зөрсөн талаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдаас тодруулсан.
Аж үйлдвэр, эрдэсбаялгийн сайд Г.Дамдинням гишүүний асуултад “Алт аяны хүрээнд энэ оны төгсгөл гэхэд шууд металлаа өгөх боломжтой үндсэн ордуудыг эргэлтэд оруулах эрх зүйн боломжийг нээж өгье гэдэг асуудал яригдаж байгаа. Тогтоолын төсөл боловсруулсан. Шороон ордууд бол байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл өндөр байдаг учраас энэ удаад үлдээсэн
Алтны нөөц гурван тонноос дээш гараад ирэхээр үндсэн орд болдог. Алтны ханш өндөр байна. Гэхдээ алтыг төсвийн алдагдал нөхөх гэхээсээ мөнгөний бодлого талдаа илүү нэмэртэй.
Хэрвээ тогтоолын төсөл шаардлагад хүрэхгүй байна гэвэл УИХ дээр гишүүд өөрчлөлт оруулаад, зарчмын зөрүүтэй санал гаргаад оруулж ирэх боломжтой. Засгийн газар бол тогтоолын төслийг томъёолж болох хэмжээнд нь томъёолоод оруулаад ирчихсэн байгаа” гэж хариулсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна