Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэхээр болсон талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар мэдээлэл өглөө.
НЗД-ын орлогч А.Амартүвшин "Энэ өвөл Улаанбаатар хотын хэмжээнд ямар нэг байдлаар түүхий нүүрс оруулж ирэхийг хориглоно. Өнгөрсөн өвөл бид нийт 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн байна. Энэ нь 300 мянган тонн хагас кокс нүүрс хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдол үүсгэсэн гэсэн үг. ААН-үүдэд мидлингийг санал болгож байгаа. Сургууль, цэцэрлэгийг газ, цахилгаан руу шилжүүлэхээр ажиллаж байна.
Есдүгээр сарын 15-наас сайн карт болон гар утасны апп ашиглан нүүрсээ худалдан авах боломжтой. Харин аравдугаар сарын 15-наас зөвхөн гар утасны апп ашиглан нүүрс худалдан авдаг болно. Мидлинг буюу шахмал түлш нэг шуудай нь 25 кг. Борлуулагдах үнэ нь 3750 төгрөг байна. Шинэ хагас кокс 10 дугаар сарын 1-нээс худалдаанд гарна. 25 кг буюу нэг шуудай нь 5000 төгрөг байна. Хагас коксон нүүрсний хэрэглээг нэвтрүүлэхээс өмнө дээжүүдийг гаднын лабораториудад өгч шинжлүүлсэн" гэлээ.
Угаартах эрсдлээс сэргийлэх талаар тэрбээр "Өнгөрсөн жилүүдэд 60 орчим мянган ухаалаг угаар мэдрэгчийг айл, өрхүүдэд суурилуулсан. Айлуудад угаарын нөхцөл байдал үүсмэгц нийслэлийн хяналтын удирдлагын төв дээр мэдээлэл ирдэг. Улмаар бид 5-7 минутын дотор арга хэмжээ авч, айл өрхүүдэд очиж, арга хэмжээ авдаг системийг хэрэгжүүлээд эхэлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 51 өрхийг ухаалаг систем рүү оруулсан. Энэ сард нэмээд 61 мянган айлыг ухаалаг системд холбоно. Нийслэлийн төсөвт тодотгол орохоор дахиад 45 мянган айлыг ухаалаг угаар мэдрэгч суурилуулах боломжтой болно. Ингэснээрээ Нийслэлд гал түлж байгаа 172 мянган айл угаарын хяналтын системд бүрэн холбогдож, эрсдлээс сэргийлэх, хохирол багатай гарах боломж бүрдэнэ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна