УИХ: ИТХ-ын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны алба хаших боломжтой болгох хуулийн төслийг хэлэлцлээ

С.Гандэлгэр
2 цаг 49 минутын өмнө

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон 10 асуудлын долоо дахь асуудал буюу Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүний энэ оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцууллаа.

Монгол Улсын Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байгаа юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйл, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу шууд болон төлөөллийн байгууллагаараа уламжлан нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцох эрхтэй.” гэж зааснаар шат шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн орон нутгийн нийт иргэд, сонгогчдийн төлөөллийн байгууллага хэмээн төсөл санаачлагч илтгэлийнхээ эхэнд танилцуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, төлөөллийн байгууллагаараа дамжуулан нутгийн удирдлагын үйл ажиллагаанд оролцох эрхийг хуульчилсан атлаа шат, шатны иргэдийн төлөөлөгч нарыг хуульд заасан үндэслэл, журам нэрийн дор эрх зүйн байдлын хувьд ялгамжтай байдал үүсгэж байгаа нь төлөөллийн байгууллагаараа дамжуулан нутгийн удирдах ёсны үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ялгаатай түвшинд хүргэж байна гэв.


Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэж заасан дээрх зохицуулалтын хамрах хүрээг өргөжүүлж, хувь хэмжээг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.

Улсын хэмжээнд ажиллах хүчний хүний нөөц эрс багасч, төрийн бүх шатны байгууллага, түүнчлэн төсвийн болон орон нутгийн өмчит компани, аж ахуй нэгж байгууллагуудад хүний нөөцийн дутагдал бодитой үүсэж байгаа бөгөөд уг асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэх зайлшгүй шаардлагатайг У.Отгонбаяр гишүүн төслийн танилцуулгадаа дурдсан. Хүний нөөцийн дутагдлыг нөхөх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид харьяалагдаж буй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын тодорхой хувийг төрийн захиргааны албан хаагч байхаар хуульд өөрчлөлт оруулж, Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын шаардлагыг хангахаар төслийг боловсруулжээ.


Энэхүү хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа явуулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн С.Зулпхар гишүүн танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, Н.Алтаншагай, Б.Бейсен, П.Сайнзориг, Б.Мөнхсоёл, П.Батчимэг, Ц.Сандаг-Очир, М.Мандхай, Ц.Баатархүү, Ц.Мөнхбат нар асуулт асууж, хариулт авсан.

Улсын хэмжээнд бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8031 төлөөлөгч байгаагийн 6922 нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бол нийслэлд 45, аймагт 751, нийслэлийн дүүргүүдэд 313 төлөөлөгч ажиллаж байгаа. Одоо мөрдөгдөж буй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны албан хаагч байх зохицуулалттай аж. Иймд аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1109 төлөөлөгчид ялгаатайгаар үйлчилж буй зохицуулалтыг өөрчлөх гэж байгааг дэмжиж буйгаа зарим гишүүн илэрхийлсэн. Сүүлийн 12 жилийн турш, гурван удаагийн орон нутгийн сонгуулийн дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ажил эрхлэлттэй холбоотой зохицуулалтын үр дагавар өнөөдөр илэрч байгааг хэлж байв. Төсөл дэх хувь хэмжээг хэлэлцүүлгийн шатанд оновчтой болгох нь зүйтэй гэдгийг Ц.Сандаг-Очир гишүүн хэлсэн. Үүний зэрэгцээ зөвхөн төрийн захиргааны алба төдийгүй төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг хашиж болохоор зохицуулалтыг өргөжүүлэх шаардлага бий гэдэг санал хэлж байлаа. Нөгөөтээгүүр, гишүүд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон Засаг дарга нарын эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах зарчмыг дурдаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэх саналыг гаргаж, төсөл санаачлагч У.Отгонбаяр гишүүн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир нараас хариулт авсан.



Хуулийн төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр суурьтай бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, эсрэг байр суурьтай бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан нар индрээс үг хэлэв. Орон нутгийн түвшинд ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлж, бүтээмжтэй, улс төрөөс ангид, тухайн нутаг орон, дүүргийнхээ түвшинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг дэмжиж буйгаа П.Сайнзориг гишүүн илэрхийлээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг өөрчлөн, оновчтой, хэмнэлттэй хэлбэрээр шийдэх, төрийн үйлчилгээ болон төрийн захиргаад ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд орон нутгийнхаа түвшинд иргэдээ төлөөлөх бололцоог бүрдүүлэх, төрийн албаны шинэчлэл хийж орон нутгийн захиргаанд ажиллах ажилтан, албан тушаалын ангилал, шалгуурыг ялгаатай тогтоох зэрэг саналыг хэлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн “… Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно” гэснийг Д.Жаргалсайхан гишүүн эшлээд, төрийн албыг улс төржилтөөс ангид, иргэдэд төрийн үйлчилгээг ялгаварлалгүй хүргэдэг байх зарчмын хүрээнд хийсэн эрх зүйн өөрчлөлтийг буцааж, өмнөх зохицуулалтыг сэргээх гэж байгааг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.


Ийнхүү гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг хойшлууллаа.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүний 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хороонд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 58 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд байгуулсан гэрээ хэлэлцээр, түүний бэлтгэл ажил, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээ, баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулжээ.


Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг баримтлан тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан эсэх талаар санал хураалт явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64.7 хувь нь Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэнийг П.Батчимэг гишүүн танилцуулсан.


“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Ж.Баярмаа гишүүний танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл асуулт асууж, төсөл санаачлагч болон Засгийн газрын гишүүн Б.Дэлгэрсайхан нараас хариулт авсан. Үүгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав хэмээн Улсын их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна