Дээд шүүхийн шүүгчийн томилгооны ард У.Отгонбаяр бий юу

Zuv.mn
1 цаг 48 минутын өмнө

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх сарын 2-ноор дуусгавар болох гэж байна. Түүнийг зургаан жилийн өмнө тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга томилж байв.

Өнгөрсөн хугацаанд шүүхийн ил тод байдлыг хангаж, шинэчлэл хийсэн гэдэг ч авлига, эрх ашгийн асар их шүүмжлэл дагасаар ирсэн нь нууц биш.

Түүний оронд Төмөрбаатарын Өсөхбаяр нэр дэвших нь тодорхой болоод байна. Өчигдөр болсон УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай асуудлыг хэлэлцсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг УИХ-д танилцуулав. Нэр дэвшигчийн танилцуулгыг ШЕЗ-ийн дарга П.Золзаяа илтгэхдээ, сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулсан.

16 хүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлж, оролцсон, бичгийн шалгалтад таван хүн тэнцсэн, дараагийн шатанд нэг хүн тэнцсэн нь Т.Өсөхбаяр гэв.

50 настай Т.Өсөхбаярын хувьд мэргэжлийн туршлага өндөр нэгэн. Тэрбээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хүн аж.

Улсын дээд шүүхийн шүүгчийг үе үеийн Ерөнхийлөгч нар “томилж” ирсэн байдаг. Энэ жишгээр Ерөнхийлөгчийн таалалд нийцсэн хүн гэх. Мөн Сүхбаатар аймагт Ерөнхийлөгчийн дүү нөлөөгөө тогтоож, зарим томилгоо, асуудлуудад найруулга хийж байгаа талаар улс төрийн хүрээнд яригдсаар ирэв.

Хоёрхон хоногийн өмнө олны анхаарлын төвд буй өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Н.Өсөхбаярын спортын арбитрын хурал хэдэнтээ хойшилж, энэ сарын 11-нд болсон.

Шүүхээс 2025 оны долдугаар сарын 12-ны өдөр Н.Өсөхбаяраас шинжилгээний дээж авахдаа Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон допингийн эсрэг үндэсний дүрмийн шинжилгээ, мөрдөн шалгалтын олон улсын стандартаас илт гажисныг тогтоосон. Нэгэнт илт гажсан шинжилгээний хариу цаашид үр дагавар үүсгэхгүй гэжээ.

Хэрэв баяр наадмын зохион байгуулах комисс дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл Н.Өсөхбаяр цолоо эргүүлэн авах, барилдах эрхээ сэргээлгэх боломж бүрдэх юм.

Энэ мэтчилэн сүүлийн хоёр хоногийн үйл явцаас Сүхбаатарынхан азтай, одтой байгааг харж болно. Нөгөө талд Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийнхэн, нутаг усныхан “бүтэмжтэй” яваа нь тохиолдол уу, эсвэл ард нь эрх ашиг ашиг тойрсон тохироо юу бий гэх таамаг ч хөвөрч байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.206
    13 минутын өмнө

    Хэ энэ сэтгүүл зүйг яанам вэ. Нэг нь дээд шүүхийн ерөнхий, нөгөөх нь дөнгөж дээд шүүхийн шүүгчээр одоо томилогдох гэж бга юмаа

    Хариулах