2025 оны онцлох 10 улстөрч

Zuv.mn
Өчигдөр 22 цаг 31 минут

Улиран одож буй 2025 он монголчуудад урьд өмнө болж өнгөрсөн олон үйл явцын учгийг ойлгуулсан, тэр хэрээрээ иргэдийг хэрсүүжүүлсэн жил болж өнгөрч байна. Уул уурхай хөгжих зурвас үед төрж гарсан баячууд улс төрд шургалж, улстөрчдийг санхүүжүүлж, эрх мэдлийг ээлжлэн барих явцдаа хоорондоо тэмцэл өрнүүлснээс болж улс орны эрх ашиг хохироод үлддэгийг бид бүхэн өмнө нь цөөнгүй харсан. Харамсалтай нь, 2025 он тэрхүү тэмцэл хурцдаж, засгийн эрх нэг бүлэглэлээс нөгөөд шилжин, нэгэнтээ явж байсан бодлого солигдож, төсөл хөтөлбөрүүд зогсох, хугацаа алдах эрсдэлтэй нөхцөл байдалд орж байна. Ялагч тал нь хуульгүй аяглаж, асуудлыг нэгнийгээ хохироох, өс санаж үлдэхээс өөр гарцгүй байдлаар шийддэг, ялагдсан нь цагаа хүлээж, бяр суухаараа өмнөх үеийнхээ дэвшилттэй бодлогыг адилхан аргаар үгүй хийдэг энэ “Чөтгөрийн тойрог”-оос болж улсын хөгжил, ард түмэн л хохирдог.  

Эд баялаг, эрх мэдлийн төлөөх тэмцэл энэ жил ч яг л энэ жишгээр, өмнөхөөсөө ч ил цагаан өрнөж, тэрхүү тэмцлээс нь яах аргагүй оны өнгийг тодорхойлсон онцлох улстөрчид тодорлоо. Ялагч, ялагдагч, тэмцэгч, хохирогч, хэлмэгдэгчийн дүрээр тодорсон тэдгээр улстөрчдийг та бүхэндээ танилцуулж байна.   

Ил гарсан НОЁН

Монголын Улс төр улирч буй жилд утгаараа бужигнасан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харин “бужинаан”-ы гол дүр байж, далд нэг, ил нэг “тоглож” үзүүлэв.  

Х.Баттулгын нөлөөг үгүй хийх зорилготой, МАН, АН-д зэрэг эхэлсэн энэ “ажиллагаа”-нд тэрбээр гол дүр нь болж, улс төрийн хөлөгт өрнөж буй үйл явцыг ажиглан, шаардлагатай үед хүү, бод түлхэж, бүр болохгүй бол өөрөө оролцон, тэр бүртээ нөхцөл байдлыг 180 хэм эргүүлж байлаа.

Парламент Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудал буюу Хамтарсан Засгийн газрын хувь заяаг хэлэлцэж байх үедээ асуудлаас халин засаглалын хэлбэр ярьж, үндсэн асуудлаасаа хөндийрөхөд тэрбээр анх ил гарч, Чуулганы танхимд орж ирэн, хэлэлцэх ёстой “Үндсэн асуудал”-ыг нь сануулсан. Ингэж Шинэ Засгийн газар байгуулах, намын даргыг томилох асуудалд гол үүрэгтэй оролцоно гэдгээ зарласан.

Л.Оюун-Эрдэнийг Г.Занданшатараар сэлгэхээс эхэлсэн түүний энэ төлөвлөгөө Засгийн газар бүрдүүлэх, МАН-ын даргын сонгууль, томоохон ТӨК, агентлагийн түвшинд шат дараатай хэрэгжээд явж байна.    

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэсэн гурван албан тушаалыг ээлжлэн хашихдаа аль, аль албан тушаалыг нь хамгийн эрх мэдэл бүхий болгож чаддаг байлаа. Тэрбээр хууль өөрчилж, тухайн үедээ хашиж буй албан тушаал дээрээ эрх мэдлийг төвлөрүүлдэг байв.

Харин У.Хүрэлсүх урьд өмнөх Ерөнхийлөгч нарыг бодвол эрх мэдэл нь хасагдсан ч ийм үр дүн гаргаж чадаж байна. Гадаад бодлого урьдын адил өө сэвгүй хэвээр, үндэсний аюулгүй байдалд чиглэсэн “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Цагаан алт” зэрэг хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, хүлээн зөвшөөрөгдөж буй.

Үүгээрээ тэрбээр яг одоо Монголын улс төрд албан тушаалаараа ч, жин нөлөөгөөрөө ч №1 улстөрч гэдгээ харуулж байна.    

 

Ирээдүйг ойртуулагч

2025 онд “Монголд хэн завгүй вэ” гэдэг санал асуулга явуулсан бол Хотын дарга Х.Нямбаатар гарцаагүй тэргүүлэх байсан биз ээ. Хууль зүйн сайд байхаасаа олон Ажлын хэсэгт багтаж, давхар, давхар ажил хариуцдагаараа нэрд гарсан тэрбээр Нийслэлийн Засаг даргын байр суурин дээр энэ давуу талаа харуулж, авто замын салбарт засвар шинэчлэл, Багануурын нөөцлүүрийн цахилгаан станцыг дуусган, олон түвшний уулзвар, дүүжин тээвэр, Сэлбэ, Баянхошуу, Толгойт зэрэг шинэ хот байгуулах төслийг эхлүүлж, ТЭЦ 5, Туулын хурдны зам, Улаанбаатар метро төслийг хэрэгжихэд бэлэн болгожээ.

Хүмүүс мэдэхгүй байж магадгүй, тавхан жилийн өмнө Улаанбаатар хот ирээдүйд баттай мөхөж сөнөх замаар явж байсан юм. Жилд 30,000 хүүхэд төрдөг, тэгсэн хэр нь сургууль, цэцэрлэгийн 5000 суудал ч нэмж чаддаггүй, энэ байдлаараа “Живж буй хөлөг онгоц” шиг байв.

Яг энэ үед буюу 2021 онд Нийслэл эрхзүйн байдлын тухай хуулиа шинэчилсэн юм. Шинэ хуулиар Нийслэл онцгой, дүүргүүд аймгийн статустай болж, Засаг дарга сайдын эрэмбэд хүрсэн. Санхүүгийн хувьд бие даасан үйл ажиллагаа явуулах, бүр тодорхой хэлбэл, “30 жил хуримтлагдсан”, тоочиж барахгүй олон асуудлаа ангилж, шаардлагатай заримыг нь дотоод, гадаадын түншүүдэд даатгах боломж бүрдсэн юм. Х.Нямбаатар одоо энэ боломжуудыг тултал нь ашиглан хотоо өөд нь татаж буй. 30 жилийн алдагдлыг нөхөж буй тул яарахаас ч өөр арга байхгүй.

Нийслэл өнгөрсөн жил 3933 нэгж талбарын газар чөлөөлсөн. Ирэх жил 26,982 нэгж талбарын газрыг нөхөн төлбөртэйгөөр чөлөөлнө. Бүтээн байгуулалт эрс идэвхжинэ. Улсын төсөв хүндрэх Нийслэлд хамаагүй. 55.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 70 хувийг үйлдвэрлэж буй Нийслэл хот санхүүгийн ачааллаа хангалттай даана. Тиймээс дэд бүтэц, тээвэр ложистик, нийгмийн үйлчилгээний хүртээмжээ сайжруулж, Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхийн төлөө илүү хурдтай ажиллах ёстой. Санхүүжилт босгох, төлөх нөөц бололцоо хангалттай бий. Д.Сумъяабазар Уул уурхайн сайд байхдаа “Орано”-гоос салгаж, хотын дарга болохдоо Нийслэлийн өмчид авчирсан “Эрдэнэс Баянбогд” төсөл байна. Энэ төсөл хөдөлнө.   

Яг одоо иргэд Нийслэлээс явуулж байгаа ажил бодитой болохыг мэдэрч, сэтгэлд нь нөхцлөө сайжруулах итгэлийн гал асаад байна. 1999 онд Ж.Наранцацралт Хотын дарга болоход иргэдийн нүдэнд ингэж итгэлийн гал асаж байсныг санаж байна. Түүнээс хойш Э.Бат-Үүл юм хийх гэж оролдсон ч хууль эрхзүйн орчин дутуугаас болоод чадаагүй. Харин Д.Сумъяабазарын үед Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, Х.Нямбаатар одоо ажил хэрэг болгож байна.  

 

"Мадлуулсан бэрс"

“Бэрсийн нүүдэлтэй Бэрхийн хүү” Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сонгуульд ялалт байгуулж, 2008 оны С.Баярын жишээг давтан Хамтарсан Засгийн газар байгуулсан билээ. “Стандарт бус” Засгийн газрын үед том төслүүд хөдөлдөг. Энэ жишгээр оны эхээр Францын “Орано”-той Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, араас нь Хил холболтын төмөр замын төслийг хөдөлгөлөө. Бусад мега төслүүд урагшилж, нэр хүнд нь ч гайгүй байв. 2028 он хүртэл засаглаж, Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан дээд амжилт тогтоох нь гэсэн сэтгэгдэл хүн бүхэнд л төрж байв. Гэтэл гэнэт орлогоо нотлохыг шаардсан “Огцрох амархан” жагсаал эхэлж, зургадугаар сарын эхээр огцорсон. Огцрох болсон шалтгаан нь өнгөндөө хүүгийн тансаглалаас болсон гэх ч үнэндээ одоо яригдаж байгаа “Онтрэ”-гийн хөрөнгө оруулалтын гэрээ, ТӨК-иуын хувьчлал, тэр дотор “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт”-ийн хувьчлал, Хабины гэрээ буюу хил холболтын төмөр замын гэрээтэй холбоотой эрх ашгууд зөрчилдөж, томчуудын зам салснаар огцрох болзол нь хангагдсан.

Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын харилцаа сайн байх үед “дундын хувилбар” гэдгээр Засаг тэргүүлсэн тэрбээр нэг хэсэг У.Хүрэлсүхийн талд зогссон ч сүүлдээ Х.Баттулгын нөлөөнд орсноороо огцрох нүхээ ухсан ч гэж хэлж болно.

Хувийн хэвшил рүү, тэр тусмаа “Ухаа худаг”, “Ачит Ихт” рүү хэтэрхий дайрч довтолсон нь Л.Оюун-Эрдэнийн гэхээсээ илүү Х.Баттулгын гараар үйлдэгдэж байгаа мэт харагдаж байсан нь үнэн.

Тэрбээр Ерөнхий сайдаас огцорсныхоо дараа Д.Амарбаясгаланг талдаа татаж, намын даргын суудлаа шилжүүлэхийг хүссэн ч бүтээгүй билээ. Шатарт бэрс “мадлуулна” гэж байдаггүй. Гэхдээ тэр яалт ч үгүй нүүдэлгүй болж, мадлуулсан ч ноён бас биш нь үнэн. Түүний энэ тушигдсан байдал хэдий болтол үргэлжлэхийг таашгүй ч цаг хугацаа явахын хэрээр нэр хүнд нь сэргэх нь тодорхой. Учир нь тэр бол эдийн засгаа хамгийн ихээр өсгөсөн Ерөнхий сайд. Харин, одоо түүнийг намнах хэрэгсэл болгохоор завдаж буй “Харбины гэрээ” буюу хил холболтын төмөр замын гэрээний тухайд, үнийн жишгийг нь Сү.Батболд “Чалько”-той хийсэн гэрээгээрээ тогтоож өгсөн байдаг. Монгол Улсын эрх ашгийг асар их хохироосон тэр гэрээг Хятадууд жишиг болгож, "Өмнөх гэрээнүүүдийн нөхцлөөс дордуулахгүй байх" шантааж хийсэн юм билээ. Гэхдээ "Чалько"-той хийсэн гэрээ арай дэндүү юм байсан учраас өөрөөр хийсэн байдаг. Сонголоор ил болно биз ээ.      

“Ноёны бөх”

Хэдий эсэргүүцэл ихтэй, улс төрийн өрсөлдөөнд нэг бус удаа ялагдаж, галын дундуур ажил үүргээ гүйцэтгэж яваа ч Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар яах аргагүй 2025 оны улс төрийн онцлох дүрүүдийн нэг мөн. 2024 оны сонгуульд ялагдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан тэрбээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унасны дараа Монгол Улсын Ерөнхий сайд болсон. Улмаар Бага хурлаар намын даргын сонгуульд өрсөлдсөн ч ялагдаж, Их хурлаар нэр дэвших боломжоо ч алдсан. Гэсэн ч тэрбээр өөрийг нь огцруулах удаа дараагийн оролдлогыг тухай бүрт нь няцааж, одоо ч няцаасаар байна.

Сайн талыг нь харвал, тэрбээр Ерөнхий сайд болсноороо л Монголыг хөмөрч мэдэх баялгийн “анархист” бодлогыг эерүүлсэн. Өмнөх Засгийн газрын явуулж байсан “2007 оноос хойших ашгийг нөхөж авна”, “Тусгай зөвшөөрлийг хурааж, 100 хувь төрд авна” гэх муйхарлалаас татгалзаж, Баялгийн сангийн тухай хуулийг бодитойгоор хэрэгжүүлэх боломж түүнд бий. Илүү тогтвортой, салбарт дарамт болохооргүй, үр өгөөжтэй шинэ хувилбарыг авч үзэх ч боломжтой.

Оюутолгойн хэлэлцээрийг амжилттай болгохын тулд буюу “Маргаашийн өөх”-ний төлөө түрдээ бүсээ чангалж байгаа тал ч бий байх. Валютын нөөцийг зургаан тэрбум ам.доллар болтол өсгөж түүхэн дээд хэмжээнд хүргэсэн, төсвийн зардлыг 2.2 их наядаар танасан, улмаар Оюутолгойн хэлэлцээр эхлэхийн өмнө Монгол Улсын зээлжих зэрэглэл “B+ эерэг”-ээс 'BB-, тогтвортой” болгож өсгөж амжсан. “Рио Тинто”-той хийх зээлийн хүүг бууруулахад энэ үзүүлэлтийг л чухалчилж үзэх болно. Харин үр дүн нь долоон жил /хэрвээ манай тал нөхцлөө хүлээн зөвшөөрүүлж чадвал гурван жил/ үргэлжилнэ гэхээр улсад ашигтай.    

2030 он хүртэлх Хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа зорилт, шалгуур үзүүлэлтийг он, оноор нь маш тодорхой, “тэнэг хүн ч ойлгохоор” төлөвлөсөн, зорилтоо биелүүлээгүй төсвийн ерөнхийлөн захирагчид хариуцлага тоооцох механизмыг боловсруулж эхэлснээрээ үндсэндээ төсвийн зарцуулалтад хувьсгал хийсэн гэдгийг ч дурдах ёстой. “Энэ үзүүлэлтдээ хүрээгүй бол ойлгомжтой, дүнгээ тавиулна” гэж хэлсэн нь, биелүүлж чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ нотолсон хэрэг. Энэ бол Монголын улс төрд том дэвшил. 2028 оны сонгуульд иргэд тоо ярина, сонголтдоо хариуцлагатай хандана.

Ялагдаж, ялагдах бүртээ босож, тэрнээсээ болоод “Ноёны бөх” гэж цоллуулж байгаа ч Г.Занданшатарын Засгийн газар муу ажиллаагүй, үр дүн нь гарна гэдгийг л баттай хэлэх байна.    

 

Дайсангүй ТЭМЦЭГЧ

Б.Энхбаярын тухайд, гэнэт гарч ирж, эрх баригч намын даргын суудлын төлөөх тэмцлийг хурцатгасан дүр. Телевизийн ярилцлагад орж, Д.Амарбаясгаланг гүтгэх /Одоогоор нотлогдоогүй байгаа учир/ хүртэл үнэндээ түүний нэр нэг ч дурдагдаагүй. “Б.Энхбаяр тэгсэн, ингэсэн” гэж ноцсон хүн нэг ч байгаагүй.

Анхны зорилгоосоо ихэд гажиж, Тавантолгойгоос Сү.Батболдын нэрийг холдуулж цэвэрлэх, Д.Амарбаясгаланг холбох явцуу хүрээнд зохион байгуулагдсан “Нүүрсний сонсгол”-ыг удирдсан, ХШТХ-ны дарга байсан нь түүнийг намын даргын төлөөх тэмцэлд татаж оруулах ганц шалтгаан байсан болов уу.

Д.Амарбаясгалангийн талаар, Л.Оюун-Эрдэнийн талаар тэрбээр олон ноцтой зүйлс ярьсан ч одоогоор батлагдаж нотлогдсон зүйлгүй. Нөгөө хоёр нь ч түүнийг өөрсдийг нь гүтгэлээ гэж учиргүй буруутгаж, дайсан нь болсон юм байхгүй. Гагцхүү өөрөө л тэмцэж буй.

Ямартай ч нүүрсний хулгайчтай тэмцэнэ гэж Засагт орж ирсэн түүний үед Нүүрсний том хулгай илрээгүй, ял авсан хүн ч алга. Б.Энхбаяр Хуульзүйн сайд болсон нь нүүрсний хулгайтай тэмцэх гэсэндээ ч биш, харин Монголын хуулийн салбарыг Сү.Батболдын мэдэлд шилжүүлэх ажиллагаа болсон гэсэн яриа гарч байгаа нь үнэн ч байж мэднэ.   

 "Мэхт мэхэндээ"

Энэ онд Монголын улс төрд явагдсан эрх мэдлийн төлөөх тэмцэлд нэг талаас Сү.Батболд, У.Хүрэлсүх, С.Баярцогт тэргүүтнүүд, нөгөө талаас Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүд голлож оролцсон билээ. Тэр тэмцэлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай аль, алинтай нь давгүй харилцаатай хэрнээ татагдан орж, Л.Оюун-Эрдэнийн талд ороод ялагдсан Д.Амарбаясгаланг оны онцлох улстөрчийн нэгээр нэрлэж байна.

Магадгүй, 2025 онд хамгийн ихийг алдсан улстөрчийг нэрлэ гэвэл гарцаагүй Д.Амарбаясгаланг нэрлэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн албан тушаалын хувьд бөгөөд нэр хүнд, манлайллын хувьд алдаагүй, харин ч олсон байж мэднэ. Ямар ч байсан нам дотор өрнүүлсэн тэмцлээрээ тэрбээр нь олон хүний өөрийг хардаг өнцгийг өөрчилж чадсан. 

Тавдугаар сард болсон МАН-ын Бага хурал дээр хэлсэн үг, хамгаалсан байр суурь, эцсээ хүртэл өрнүүлсэн тэмцлээрээ тэрбээр намыхаа залуу гишүүд дэмжигчдэд итгэл өгч чадсан. Бага хурлаас намын даргаар сонгогдсон тэрбээр Их хурлаар ч амжилтаа давтаж болох байсан. Гэтэл яагаад ч юм бэ, Засгийн газрыг огцруулах оролдлого хийж, түүнийгээ хэрэгжүүлэхдээ хэрэглэсэн аргаас болоод алдчихсан билээ.

Тодруулбал, Чуулганы хуралдаанд суугаагүй гишүүдийн саналыг өөрийн талд ашиглахыг оролдоод тэр нь Үндсэн хуулийн цэц дээр буруудсанаар тэмцлийн ялагчийг шийдсэн. Үнэндээ Үндсэн хуулийн 43.1-ийг ҮХЦ тайлбарлаж дүгнэлт гаргасны дараа л огцруулах процесс буруу байж гэж ойлгож авцгааснаас бус яг хэлоэлцэж байх үед бол хуулийн ямар ч зөрчил байгаагүй, мөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт процессоор яваагүй гэдэг утгаараа энэ маргаан дууссан эсэх нь одоо ч тодорхой биш хэвээр байгаа гэдгийг энд зориуд хэлэх ёстой.  

  

GenZ

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг оны онцлох улстөрчөөр нэрлэж байна. Тэрбээр УИХ-ын хамгийн залуу гишүүн. УИХ дээр илэрхийлж байгаа байр суурийг н ь харвал либерал, чөлөөт өрсөлдөөнийг дэмждэг, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгахын талд зогсдог нэгэн болох нь шууд харагддаг. Жаахан өрөөсгөл ч гэсэн, хэрвээ түүнийг залуу үеийнхний нэлээд хэсгийг төлөөлж байгаа гэж үзвэл 1990 оноос эхлэлтэй ардчиллын үзэл санаа залууст бат суужээ гэсэн итгэл найдвар төрөхөөр. С.Цэнгүүн гишүүнийг үг хэлж, байр сууриа илэрхийлэх үед ийм өег бодол өөрийн эрхгүй орж ирдэг.

Заримдаа хэлсэн үгнээсээ болж шүүмжлэлд өртдөг ч энэ нь эсрэгээрээ сурталчилгаа болдог гэхэд хилсдэхгүй. Парламентад орж ирснээсээ хойш олон нийтэд эерэгээр танигдаж, дэмжигчдийнхээ дуу хоолой болж чадаж байгаа залуу улстөрч түүнийг 2025 оны онцлох улстөрчөөр нэрлэж байна.   

 

Цаг нь болоогүй учрал

Бид энэ  жагсаалтад багтсан улстөрчдөөс Д.Амарбаясгаланг “2025 онд хамгийн ихийг алдсан ч нөгөө талаараа түүнээс ч ихийг олсон байж мэднэ” гэж тодорхойлсон. Тэгвэл Н.Учралыг үүний яг эсрэгээр нь тодорхойлж болно.

МАН-д өрнөсөн үе  хоорондын тэмцлийн ялагч тодорсон ч хэзээ ч хамаагүй сэргэн дүрэлзэх магадлалтай болсон үед тэрбээр МАН-ын дарга, УИХ-ын даргаар сонгогдсон. Өөрөөр хэлбэл, тэрбээр нам дотроо тавигдсан цагтай “тэсрэх бөмбөг”-ийг салгах үүрэг хүлээсэн бөгөөд аль, аль тал нь ихэд найдлага тавьж байгааг сонгогдсон саналыг хувь /94.95 хувийн саналаар намын дарга болсон/ нь шууд харуулна.

Орчин үетэйгээ хөл нийлүүлэхийг эрмэлздэг, залуу хүнийхээ хувь тэрбээр МАН-ыг үзэл баримтлалын хувьд ч шинэчилж, орчин үеийн улс төрийн хүчин болгож чадах уу, ер нь ямар хэмжээнд хүртэл шинэчилж дөнгөх вэ гэдэг асуулт одоо олон хүний сонирхлыг татаж байна.

Нөгөөтэйгүүр, МАН-ын дарга гэдэг маш өндөр сэнтий. МАН-ын дарга болсон хүмүүсээс цаашдаа тогтвортой сайн яваа нь бараг ганц У.Хүрэлсүх л байх. Тэр утгаараа арай л болоогүй байхад хэтэрхий өндөрт гарчихав уу гэж эргэлзэх ч нэг хэсэг байна. Нөөц бололцоотой, улс төрд хол давхина гэж итгэдэг хүмүүсийн хувьд, гэнэт урагшаа тасарсанд санаа зовж байгааг буруутгах аргагүй. Аль нь болохыг цаг хугацаа харуулна биз ээ.  


 

Ганцаардаагүй ганц дайчин

Ардчилсан Монгол Улсын түүхэн дэхь хамгийн том уул уурхайн төсөл Оюутолгойн асуудлаар УИХ анх удаа Нээлттэй сонсгол явууллаа. Сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий 11 гишүүнтэй Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн О.Батнайрамдал удирдав. Энэхүү сонсгол нь Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой төсөлд олон нийтийн анхаарлыг хандуулж, бүрэн бүтэн биш ч боломжтой хэмжээнд нь мэдээлэл өгч, олон нийтийн анхааралд оруулж чадсан. Түүнчлэн, “Рио Тинто”, Засгийн газрын хэлэлцээрт Монголын эрх ашгийг хангах нөлөө үзүүлэх ач холбогдолтой болсон гэж үзэж байгаа. Энэ утгаар нь О.Батнайрамдалыг оны онцлох улстөрчөөр нэрлэв.  

Оюутолгойн асуудлаар ХШТХ-ны боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үед О.Батнайрамдалыг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын дарга Н.Учрал нар “Ганцаараа эх оронч юм шиг аашлахаа боль” хэмээн зэмлэсэн. Магадгүй, О.Батнайрамдал тодрохыг хүссэн мэт харагдсан байж болно. Гэхдээ тэр бол ХШТХ-ны дарга, олон нийтэд дэлгэж болохгүй нууцын бичгүүдтэй танилцсан хүн гэдгийг мартаж болохгүй.

Тийм ч учраас УИХ-ын гишүүдийг эх оронч биш гэдэг үгийг санамсаргүй унагах, зарим нэг асуудлын талаар ярихдаа огшиж байгааг нь ойлгож болно.


Хэлмэгдэгч

УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг 2025 оны онцлох улстөрчөөр нэрлэж байна. Тэрбээр Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах УИХ-ын 95 дугаар тогтоолыг гаргасан дуулиант хуралдааныг удирдсанаар Үндсэн хуулийн цэц түүхэнд хараар бичигдэж үлдэх нь дамжиггүй 08 дугаар дүгнэлтээ гаргах эхлэлийг тавьсан юм.

Асуудлыг эргээд харъя. Засгийн газрыг Үндсэн хуулийн 43.1 “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэсэн зүйл заалтаар огцруулсан.

“УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ” гэдэг нь Парламент асуудал хэлэлцдэг журмаараа хэлэлцэж шийдвэрлэнэ л гэсэн үг. “Дэмжвэл” гэсэн нь саналыг заавал “Дэмжих эсэх” гэсэн томъёоллоор оруулж ирнэ гэсэн үг биш. Гэхдээ энийг ҮХЦ сүүлд 08 дугаар дүгнэлтээрээ тайлбарласан учир цаашид тогтож байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулахдаа саналын томъёоллыг заавал “Дэмжих эсэх” гэж оруулж ирэх ёстой юм байна гэлэг нь ҮХЦ-ийн дүгнэлтээр л тодорхой болсон. Тиймээс Цэцэ дүгнэхээс өмнө асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн Х.Булгантуяаг хурал даргалсных нь төлөө огцруулж, тэр байтугай яллагдагчаар татаж байгаа нь эргэлзээтэй.

Хоёрдугаарт, сөргөлдөгч талууд аль, аль нь Чуулганд суугаагүй гишүүний санал эсрэг гарах Дэгийн тухай хуулийн 10.11 дүгээр заалтыг өөрсдөдөө ашигтай байлгахыг хичээсэн. Энэ бол Парламент хүссэн шийдвэрээ гаргах боломж, хуулийн том цоорхой. Гэтэл ҮХЦ 08 дугаар дүгнэлтдээ “Гишүүд яг биеэрээ санал өгөөгүй нь зөрчил гэж үзэхэд хүргэсэн нэг шалтгаан” гэж дурдсан мөртлөө 10.11 дүгээр заалтыг хүчингүй болгох асуудлыг хөндөөгүй.

Түүнчлэн, ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан нь “Үндсэн хуулийн цэц үндсэн хуулийг сахиулах баталгаа болсны хувьд, түүний их суудлын хуралдаанаас Үндсэн хуулийн талаар гарсан бүх шийдвэр эцсийнх байна. Иймээс Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хууль нийцээгүй тухай энэхүү дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр бөгөөд УИХ энэ талаар хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахгүй” гэдэг том толгойлсон дүгнэлтээ Үндсэн хууль, бусад хуулиас биш, ердөө 1995 онд гарсан Цэцийн дүгнэлтээс авч ашигласан. Жишээлбэл, УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьдаг. УИХ дахиж хэлэлцээд хүлээж авахгүй гэвэл шийдвэр хүчинтэй хэвээр үлдэнэ. Гэхдээ УИХ л эцсийн шийдвэр гаргах юм чинь гээд шийдвэр дотроо “Энэ бол УИХ-ын эцсийн шийдвэр бөгөөд Ерөнхийлөгч хориг тавих эрхгүй” гэж бичиж болохгүй.

Тэгэхээр, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт УИХ-аар заавал хэлэлцэгдэж байж эцсийн шийдвэр болох процессыг гүйцээх асуудал ирээдүйд заавал сөхөгдөнө. Тэр үед УИХ илүү бэлтгэлтэй байна байх. Бас О.Мөнхсайханаас өөр гишүүнээр хэргийг шалгуулна. Тиймээс Х.Булгантуяагийн нэр 2026 онд ч тод дуулдсан хэвээр байх бөгөөд дутуу үлдсэн энэ процесс дуусаагүй байхад яллагдагчаар татах нь хэлмэгдүүлж байгаа хэрэг.    



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.108
    2 минутын өмнө

    Супер тойм байна аа

    Хариулах
  • 202.126.89.150
    1 цагийн өмнө

    Батнайрамдал бол үнэхээр супер байлаа. Бусад нь тэгээд албан тушаалаараа байх даа. Ажил хийж үр дүн үзүүл эхлээд!

    Хариулах