Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр болно

Х.Есү
2 цаг 33 минутын өмнө

- БНХАУ-ын айлчлал Аж үйлдвэржилтийн эхлэлийн цэг болов -

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шинэ оны эхний айлчлалаа БНХАУ-аас эхлүүллээ. Тэрбээр 2026 оны нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийх үеэр гангийн үйлдвэрлэлтэй танилцсан юм.  Энэ нь гангийн үйлдвэртэй болохоор зорьж буй манай улсын хувьд чухал хөшүүрэг болох түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал болж байна. 

Дэлхийд гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч 10 улсын жагсаалтыг түүчээлж буй Хятадын хувьд Монгол Улсын хамгийн том худалдааны түнш. Гангийн гол түүхий эд болох коксжих нүүрс, төмрийн хүдрийн арвин нөөцтэй манай улсын хувьд урд хөршийн зах зээл том боломж. Бас мөнхийн хөрш. Энэ агуулгаараа манай улс геополитикийн давуу тал өндөр. Энэ салбарт дэлхийн том тоглогч орны тухайд хойд хэсгээрээ буюу аж үйлдвэржсэн бүсүүд нь Монголтой ойр учир төмөр замын хил холболт хийх, түүхий эд-ган хэмээх гинжин хэлхээг нэг газарт төвлөрүүлэх боломж бий.Хэдий гангийн үйлдвэр барьж байгуулах нь өндөр технологи, ихээхэн хөрөнгө хүч шаардах ч зориглоод хийх ажил мөн үү гэвэл мөн.

No description available.

Засгийн газар  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барих тогтоолын төслийг 2025 оны 2-дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар гаргасан байдаг. Дотоодын хэрэгцээг бүрэн хангах гангийн үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хэрэвзээ үйлдвэрээ товлосон хугацаандаа нээвэл 1200 ажлын байр бий болж, жилд нэг саяас дээш тонны ган үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг бүрэн хангах төдийгүй жил бүр гадагшаа урсаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг дотооддоо шингээх тооцоо бий.

Өөрөөр хэлбэл, Гангийн үйлдвэрлэл ашиглалтад орсон цагаас Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь ирээдүйн аж үйлдвэрийн бүс болох нь тодорхой. Товчхондоо, эдийн засгийн гагнаас нь гангийн үйлдвэр болно. Тус үйлдвэр нь 1990 онд Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Дархан хотод байгуулагдсан бөгөөд хүнд үйлдвэрийн бүс болоход тохиромжтой. Тиймээс гангийн үйлдвэрийг барих нь бүс нутгийн хувьд ч тэр, зах зээлийн хувьд ашигтай болохыг МУИС-ийн Эдийн засаг, математикийн тэнхимийн багш, дэд профессор Н.Ууганбаатар хэлсэн юм. Тэрбээр “Хүнд үйлдвэр хөгжих суурь нь зөв газраа зөв л байдлаар тавигдсан. Үүнийг өнгөрсөн хугацаанд авч явж чадаагүй байна. Тиймээс үүнийг л хийх хэрэгтэй. Харин гангийн үйлдвэртэй болоход өнөөдрийн  хамгийн сүүлийн технологи бидэнд хүнд тусах байх. Одоогийн байдлаар хэдий сүүлийн үеийнх биш ч ноу хау нь хямдарсан, хамгийн сайн технологийг нэвтрүүлмээр юм билээ. Гангийн үйлдвэртэй болох нь бүх зүйлд /дотоодын хэрэгцээ, валютын урсгалыг дотоодод шингээх/ хэрэгтэй болох нь мэдээж. Хятадын зах зээлийн боломж нь бидэнд  нээлттэй байгаа шүү дээ” гэсэн юм. 

Аж үйлдвэржсэн улс болно гэдэг нь зөвхөн уул уурхайгаас түүхий эд экспортлох бус, түүнийг дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээх явдал. Энэ утгаараа гангийн үйлдвэр нь улсын эдийн засгийн бүтцийг тэнцвэржүүлж, импортоос хараат байдлыг бууруулах, ажлын байр бий болгох бодлогын чухал хэрэгсэлд тооцогддог.

Олон улс гангийн үйлдвэрлэлийг улсын бодлогын түвшинд дэмжиж ирсэн нь санамсаргүй хэрэг биш. Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг орон гангийн үйлдвэрээ хөгжүүлснээр барилга, машин үйлдвэрлэл, экспортын салбараа зэрэг хөгжүүлж чадсан жишээ олон. Өнөөдөр Хятад дэлхийн гангийн нийлүүлэлтийн талаас илүү хувийг үйлдвэрлэж 2024 онд 1 тэрбум тонн хүрэх хэмжээнд хүрсэн. Энэ бол дотоодын үл хөдлөх салбарын өсөлт, дэд бүтцийн төслүүдээ  дэмжиж  ирсний жишээ. Гэвч урд хөршийн зах зээлээс савлах төдийд манай улс доргидог нь нууц биш. Үүний тод жишээ нь, үл хөдлөх хөрөнгийн салбарын “хямрал”-ыг дагасан гангийн үйлдвэрлэл буурах явдал юм.

Энэ нь манай улсын коксжих нүүрсний эрэлт, борлуулалттай шууд хамаарал бүхий гинжин хэлхээтэй. Эдийн засаг нь нүүрснээс хамааралтай явж ирсэн манай улсын хувьд үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал үргэлж том эрсдэл дагуулсаар ирсэн нь нууц биш. Тийм болов ч тэнгэр баганадсан барилгуудаас авхуулаад зам тээвэр, дэд бүтэц, гэр ахуйн бараанд хүртэл ашиглаж буй гангийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн чиг хандлага нь өндөр цамхгууд хэр баригдах вэ, усан онгоц зэрэг хүнд механизмд ашиглах боломжтой юу гэх хоёр зээл зээлийн ерөнхий төлөвөөс шууд хамаарах гэнэ. 

Энэ талаар Н.Ууганбаатар профессор “Өндөр цамхгууд каркас нь сайн чанарын ган. Цементтэй харьцуулахад хөнгөн бас газар хөдлөлтөд тэсвэртэй. Магадгүй 50 давхраас дээш барилгыг цементээр барих ямар ч боломжгүй. Хүнд учраас шууд л нурна. Тиймээс Хятадад өндөр барилга барихаас өөр аргагүй. Газар нь дууссан, хүн ам нь шигүү учир Шанхайгаас эхлээд өндөр барилгууд явсан шүү дээ. Дараагийн асуудал нь, усан онгоц хийж зарах юм уу, өмнөх шигээ хүнд механизм техник хийх үү гэх асуулт бий. Ерөнхийдөө зах зээлийн энэ хоёр прогноз бий” гэсэн юм.

Нөгөөтэйгүүр, дэлхийд тренд болж буй ногоон технологи, ногоон эдийн засгийн бодлого нь Монголын хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн гангийн үйлдвэртэй болох нь ашигтай юу гэх асуулт энэ цаг үед урган гарна. Өнөөдрийн нөхцөлд ногоон гэгдэж буй бүх бодлого татаастай бөгөөд манай улсын хувьд нэг хэсэгтээ уламжлалт технологи зардлын хувьд хямд тусна. Учир нь, коксоо нийлүүлээд төмрийн хүдэр хайлуулах нь ногоон байдлаар боловсруулснаас өртгийн хувьд хямд тул одоогийн нөхцөлд давуу тал болохыг Н.Ууганбаатар профессор яриандаа дурдаж байлаа. Цаашид Хятад ногоон эдийн засгийн бодлого барих нь эхний ээлжид манай улсад муу мэдээ байж болох ч бид алсдаа ногоон технологи, ногоон эдийн засагт шилжих нь цаг хугацаа харуулах биз ээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна