“Хайрлая, хамгаалъя, харуулъя” уриан дор "Ugii Winterland-2026" мөсний баяр хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ жилийн мөсний баярыг нийт 5000 орчим хүн зорьж ирсэн байв. Хүүхэд залуусын баяр хөөрөөр дүүрэн эхэсэн мөсний баяр мөсөн сурын харваа, мөсөн шагай наадгай, аймгийн тэшүүрийн аварга шалгаруулах тэмцээн, хоккейн тэмцээн гээд орчин үеийн болоод уламжлалт тоглоом, тэмцээн уралдаанаар дүүрэн байлаа.
Тус баяр оролцсон онцлох оролцогчид, зохион байгуулагч, үзэгчдийн сэтгэгдлийг манай сурвалжлах баг олон нийтэд хүргэж, ажилласан билээ.
Тэшүүрийн аваргаар тодорсон Э.Буянзаяа "Аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан"
“Би 10 настай. Аймгийн тэшүүрийн аваргаар шалгарсандаа маш их баяртай байна. Би Архангай аймгийн тэшүүрийн аварга болно гэдэгт итгэлтэй байсан. Анх гуравдугаар ангиасаа тэшүүрээр хичээллэж эхэлсэн.
Аав минь надад тэшүүр унахыг анх зааж өгч байлаа. Аавдаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэшүүр унаж эхлээд зөндөө унаж бэртдэг байсан. Одоо бол сурчихсан. Өвөл хурдан болоосой тэшүүрээ унах юмсан гэж боддог. Би цаашаагаа тэшүүрээ унаад л, тэшүүрээрээ хичээллээд л явна”.
Архангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал: Мөсөн шагай харваа бол Архангай аймгийн брэнд болсон спорт
Өгийнуурын мөсний баярын талаар болон өвлийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх тэр дундаа мөсөн шагайн харваан талаарх сонирхолтой мэдээллийг хуваалцлаа.
Тэрбээр, “Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү баярыг илүү өргөжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлагууд оролцож, зохион байгуулалт дээр илүү анхаарч ажиллалаа.
Мөсний шагайн харвааны үүсэл хөгжил маш эртнээс улбаатай. Тэмүүжин, Жамуха хоёр анд бололцохдоо Онон голын эрэг дээр шагалцан наадаж, хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Мөсөн шагай харваа бол олон зууны тэртээгээс үүссэн Архангай аймгийн брэнд болсон спорт. Мөсөн шагайн харьаа нь эрүүл агаарт цэц мэргэнээ сорьдог болохоор илүү эрүүл мэндэд тустай спорт гэж боддог.
Бид өвлийн аялал жуулчлал болон спортоо хөгжүүлэхээр олон арга хэмжээг зохион байгуулж байна. Аялагчдыг ая тухтай орчинд амраах нөгөө талаар нутгийн иргэдийг түр ажлын байраар хангах, эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс арга хэмжээнүүдийг зохион байгуулагдаж байна” гэлээ.
Архангай аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Н.Сэр-Од: Байгалийн эко системийг хамгаалах зорилгоор хориглосон бүсэд авто машин зорчуулахгүй байгаа
Архангай аймгийн Засаг даргын 2026-2027 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр мөсний баярыг зохион байгууллаа.
Энэхүү мөсний баярыг тохиолдуулан гурван жуулчны бааз, 32 гэр буудал гэх мэт аялагчдыг хүлээж авах газрууд ажиллаж байна. Мөн 20 орчим худалдааны цэгүүд ажиллаж байна.
Мөсний баяраар уламжлалт тоглоом наадгайгаа бусдад таниулах, нутгийн иргэлдийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, өвлийн улиралд аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлж байгаа иргэд аж ахуйн нэгжийн үйлчилгээг дэмжих зорилготой.
Байгалийн эко системийг хамгаалах зорилгоор хориглосон бүсэд авто машин зорчуулахгүй байгаа” гэлээ.
“Мөнх-Ундрах Өгий” ХХК-ийн захирал Ц.Долгорсүрэн: Өгийнуур бол хайрын домогтой нуур
Мөсний баяр “Хайрлая, хамгаалъя, харуулъя” гэдэг уриан дор зохион байгуулагдаж байна. Өгийнуур бол хайрын домогтой нуур. Тиймээс хөх бух болон лусын дагинаа алдаршуулж байна. Лус савдаг уул усныхаа сайн сайхныг ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээхийг хичээж байна” гэлээ.
Ийнхүү Арын сайхан хангай нутагт мөсний баяр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж, олон иргэдийн нүдийг баясгаж, чихийг хужирлав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна