БНХАУ-ын Шүүх Мьянмарт үйл ажиллагаа явуулдаг луйврын сүлжээнүүдийн нэгийг ажилуулдаг Бай гэгчийн гэр бүлийн дөрвөн гишүүнийг цаазаар авчээ. Гуандун мужийн шүүх нь Байгийн гэр бүл буюу мафийн 21 хүнийг баривчилж, хүн амь, залилан мэхлэлт болон бусад олон гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгасан бөгөөд гэм бурууг нь гишүүн бүрээр нэгбүрчлэн тогтоосны эцэст яллаж байгаа нь энэ юм.
Өмнө нь энэ гэр үлийн таван гишүүнийг цаазалсан бөгөөд тэдэн дунд Байгийн гэр бүлийн тэргүүн, цаазын ял авсныхаа дараа өвчнөөр нас барсан Бай Суочэн багтаж байгаа аж.
Хятадын хууль, хүчний байгууллага өөрийн улсынх нь иргэдийг хохироож байгаа Зүүн Өмнөд Азийн гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг хөдөлж эхэлсэн бөгөөд Байгийн гэр бүлийн нэг адил Мьянмарт төвлөрч ажилладаг байсан Мингийн гэр бүлийн мафийг мөн баривчилж, 11 гишүүнд нь цаазын ял оноогоод байв.
Бай, Мингийн гэр бүлийнхэн Мьянмарын Лауккаинг хотод эрхшээлээ тогтоож, онлайн луйвар, казино ажиллуулан гэмт хэргээ үйлддэг байсан аж.
Байгийн гэр бүлийн мафи зөвхөн казино гэхэд 41-ийг байгуулсан байсан гэх бөгөөд хятад иргэдийг өрөнд оруулж, өрийг нь төлүүлэхийн тулд алж хядаж, бэртээж байсан аж.
Бай, Мин тэргүүтнүүд Лауккаинг хотын цэргийн захирагч байсан Мин Аунг Хлайныг 2000-аад оны эхээр түлхэн унагаж, улмаар гэмт хэргийн замд орсон улсууд аж. Тэдэнд түлхэгдэж унасан Мин Аунг Хлайн өдгөө Мьянмарын цэргийн эрхтнүүдийн нэг болон хүчирхэгжиж, Лауккаинг хотдоо нөлөөгөө тогтоосон тул Бай, Мингийн гэр бүл хятад иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийнхээ шийтгэлийг амсах нөхцөл бүрджээ. Тодруулбал, БНХАУ Мьянмарын цэргийн эргэлтийг дэмжихдээ иргэдийнх нь эсрэг гэмт хэрэг үйлддэг мафийг устгаж, эздийг нь шилжүүлж авах тохироо хийсэн юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна