Дэлхийн бүх алтаар цутгасан шоо ямар хэмжээтэй байх вэ

Х.Батсайхан
3 цаг 7 минутын өмнө

-Дэлхийн улс орнууд улиралд 75-100 тонн алт олборлодог -

Х.Батсайхан

Алтны талаар та юу мэдэх вэ. Алт нь дэлхий дээрх хамгийн үнэтэй метал биш. Ховор ч биш. Харин ч хамгийн түгээмэл тархацтай металлд тооцогдоно. 

Тухайлбал, дэлхийн хаанаас ч гэсэн нэг тонн шороог угаахад тодорхой хэмжээний алт гарч ирдэг гэж үздэг. Энэ хэмжээ нь 0.5 граммаас дээш бол эдийн засгийн ашигтай, өөрөөр хэлбэл орд гэж тооцогддог аж. Мөн дэлхий дээрх алтны гол нөөц нь далай тэнгисийн усанд агуулагддаг гэсэн сонирхолтой баримт ч байдаг ажээ. 

Хэрвээ та хамгийн харамч хүн байгаад, энэ дэлхийн бүх алтыг өөртөө цуглуулж авсан гэж төсөөлье. Тэгээд түүнийгээ нэг дор цуглуулж, шоо хийж гэж бодьё. Хааш, хаашаагаа хэчнээн метр болох бол.

Хэдэн зуу юу, эсвэл хэдэн мянга юм болов уу. Үнэн хэрэгтээ бол та ч сонсоод гайхахаар тийм жаахан юм байна. 

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, хөрөнгө оруулагч Уоррен Баффет газар дээр байгаа бүх алтыг хааш хаашаагаа 20 метр шоонд багтааж болно гэж үзжээ. Түүний хэлсэнд итгэж болох уу. 

Хөрөнгө оруулагчид ихэд чухалчлан ажил хэрэгтээ ашигладаг Thompson Reuters GFMS хэмээх байгууллагаас жил бүр гаргадаг алт олборлолтын тайланг харъя. Тэдний хамгийн сүүлчийн тооцоогоор бол хүмүүс газар дээр 172 100 тонн шар металлыг гаргаж ирээд байгаа аж. Ийм хэмжээний алтыг хааш хаашаа 20.701 метр хайрцганд багтааж болно.

Гэхдээ GFMS-ийн тайланд бүрэн итгэж бас болохгүй гэнэ. Тэдний тооцоолсноос арай бага 155244 тонн, хамаагүй их буюу 2,5 сая тонн гэсэн тоонууд бас явдаг юм байна. Хэрвээ сүүлчийнхэд нь итгэх юм бол хааш хаашаа 50 метр хэмжээтэй шоо, Уимблдоны теннисний талбайн хэмжээтэй 143 метр өндөр багана босгох хэмжээ ажээ. 


Дэлхий дээр олборлогдсон алтны хэмжээний талаарх таамаг­лал яагаад ийм хол зөрүүтэй байна вэ. Шалтгаан нь маш эрт­нээс буюу 6000 жилийн өмнөөс олбор­логдсонтой холбоотой гэж алтны түүх судлаач Тимоти Грин ярьж байна. Дэлхийн хамгийн анхны алтан зоосыг одоогийн Туркийн нутаг дээр оршиж байсан улсын хаан Крез Лидия МЭӨ 550 оны орчимд хийлгэсэн гэж үздэг. Энэ нь тэр дорхноо Газар дундын тэнгис орчимд түгэн тархаж, худалдаачид, хөлсний цэргүүдийн гол хэрэглээ болжээ. Үүнээс хойш 1492 он буюу Х.Колумб Америкийг нээх хүртэл 12780 тонн алт олборлогдсон гэж GFMS үздэг байна. 

Тэгвэл зоосон мөнгө хийж ашиг олсоор нэрд гарсан бизнесмэн Жеймс Турк дээрхээс хамаагүй их буюу 297 тонн алт олборлогдсон гэж үздэг юм. Тэрээр дэлхий дээр олборлогдсон нийт алтыг 155 244-160056 тонн, эсвэл Thompson Reuters GFMS-ийн үнэлгээнээс 10 хувиар бага гэж үздэг юм. 

Хүндийн хэмжээсээр бодоход харьцангуй бага зөрүүтэй юм шиг боловч зөвхөн нэг хувь нь л өнөөгийн үнэлгээгээр 950 тэрбум ам.доллар гээд бодогтун. Ж.Туркийг зүгээр л олны анхааралд өртөх гэж Thompson Reuters GFMS-тэй тэрсэлддэг гэж үздэг хөрөнгө оруулагчид ч байдаг байна. Гэхдээ тэдний аль алины талд орол­гүй маш их тоо хэлдэг хүмүүс ч бий. 

“Тутанхамоны бунхан 1.5 тонн алтаар хийгдсэн байсан. Яг л өөр бусад хаадын бунхан шиг. Тэгэхээр алтны талаарх таа­маглал нь дэндүү бага байж мэдэх юм” гэж “The Real Asset Company” хэмээх алтны фирмийн ажилтан Ян Скойлес өгүүлж байна. Тиймээс хууль бусаар олборлосон алтыг нэмбэл хамаагүй их тоо гарна гэдэгт олон хүн итгэлтэй байдаг юм байна. Жишээ нь Колумбид гэхэд л одоо ч гэсэн жил бүр маш их алт хууль бусаар олборлогддог аж. Ингэхээр банк болон хүмүүсийн гар дээр 2.5 сая тонн алт ч байж мэдэхээр болж таарав. 

Хүмүүс алтны хойноос тэгтлээ махран хөөцөлддөгийг бодож үзвэл 2.5 сая тонн гэдэг тоо ортой л байх. Хүмүүс одоо ч алтны хойноос “амиа тавьсаар” байгааг бид бүгд мэдэж байгаа шүү дээ. Гэхдээ саяхнаас нэгэн сайхан мэдээлэл гарч эхэлсэн нь дэлхийн алтны нөөц шавхагдах болоогүй байгаа тухай юм. АНУ-ын Газар судлалын хүрээлэн улсдаа байгаа олборлогдоогүй алтны хэмжээг 52000 тонн гэж зарласан. Харин муу мэдээ нь бид алтны хэрэглээгээ улам багасгаж байгаа явдал. Алт бол хэзээ ч алга болдоггүй маш онцлог шинж чанартай металл юм. Дээр нэр нь дурдагдсан Жеймс Турк “Дэлхий дээр олборлогдсон бүх алт устаж алга болоогүй. Хаа нэгэн газар байж л байгаа. Жишээлбэл, таны зүүж байгаа алтан цаганд орсон алт 2000 жилийн тэртээ эртний Египетэд олбор­логд­сон байж ч болно гэсэн үг” хэмээн ярьж байна. 

Британийн геологийн судалгааны албаны хийсэн судалгаагаар, дэлхий дээр олборлогдож байгаа нийт алтны 12 хувь нь дахин ашиглахад хэмнэлт гарахааргүй өндөр тех­нологийн бүтээгдэхүүнд хэрэглэгддэг ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна