СУРВАЛЖИЛГА: Алга дарам ногоон газрыг ард иргэддээ үлдээгээч

Х.Есү
3 цаг 17 минутын өмнө

Сүхбаатар дүүргийн 5-р хороо 13.2 13.1 дүгээр байрны голд байрлах тоосгон грашуудыг 2023 онд буулгажээ. Тухайн үед граш чөлөөлсөн газрыг ногоон байгууламж хэвээр үлдээнэ гэсэн боловч “Талын хар хайрхан” компани хоёр блок 16 давхар орон сууц барихаар төлөвлөжээ.

Ойр хавийн оршин суугчид үүнийг эсэргүүцсэн ч тус компаниас хэд хэдэн удаа хүч түрэн барилга барьж, хашаалахыг завдсан байна. Тухайн байршилд машины орц гарц болон хүүхдүүдээ салхилуулах ногоон байгууламж дутагдалтай, инженерийн шугам нь ачааллаа даахгүй амралтын өдрүүдээр халуун ус нь тасардаг гэх мэт олон асуудалтай. 

Үүнтэй холбогдуулан иргэд манай сайтын редакцид хандан мэдээлэл өглөө.

СӨХ-ны дарга: Сүхбаатар дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт нийтдээ 5000 гаруй айл өрх амьдарч байна. Одоогоор бидний амьдрах орчинд орц гарц маш бага, усны хэрэглээ амралтын өдрүүдэд багасчихдаг.

Бид хоёр байрныхаа голд граш чөлөөлсөн газарт өөрсдөө ногоон байгууламж барьж, хашиж хамгаалж, тарьж ургуулж ирсэн. Гэтэл “Талын хар хайрхан” гэдэг компани хоёр блок 16 давхар барилга барина гэж байна. Зарим нэг айлуудаар санал тавьж одоо байгаа байрыг нь нураагаад нэмж мкВ олгоно гэж мэдээлэл өгөөд яваад байгаа юм. Энэ компаниас янз янзын хүмүүс ирдэг. Баяр наадмын өдрүүд шөнө оройгоор иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж 22 цагаас хойш том биетэй хүмүүсийг авчирч хашаа барихыг оролдсон. Бид нар энд барилгаа барина та нарт хамаа байхгүй, миний газар гээд хүч түрэн орж ирдэг.

Иргэд бид маш их хохирч байна. Энэ хавийн оршин суугчид бид өөрсдөө ч зогсоолын хүрэлцээгүй байхад дахиад 16 давхар хоёр байр барихаар юу болох вэ?

Оршин суугч: Улаанбаатар хот бетонон ширэнгэ болж байна. Бидний эргэн тойронд байгаа цементүүдээс ганц үлдсэн ногоон байгууламж нь энэ. Нийслэлийн үе үеийн дарга нараа бидэнд байгаа алга дарам газрыг минь үлдээгээч ээ. Хувь хэвшлийн байгууллага иргэд олон нийтээ битгий алалцуулаач ээ. Бид нарт өнөөдөр энэ амьд байгалийг маань нэгхэн удаа үлдээчих. Дараа дараагийн хүүхдүүд маань энэ дээр ирээд навчис, ногоо, шороо гэдэг нь ийм юм байдаг юм байна гээд мэдрэг л дээ.

Алга дарам газраа хамгаалахын тулд бид цаашдаа ч тэмцсээр байх болно. Газрыг цуцалж өгөөч.

Иргэн: Анх граш чөлөөлж байхад нь энд барилга барих гэж байна уу даа гэсэн хардлага байсан. Тэгэхэд ерөөсөө байр барихгүй, ногоон байгууламж л байлгана гэж байсан. Гэтэл 2019 онд Талын хар хайрхан хэмээх энэ компани энэ газарт эмнэлэг барина гэх нэрийдлээр өөрийн болгож авсан байсан.

Манай хороо инженерчлэлийн шугам муу. Одоо амьдарч байгаа иргэдийнхээ ус дулааныг ч даахгүй байхад дахиад байр баригдвал бид яах вэ" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна