Г.Өлзийхишиг: Урлаг надад амьдралын өөр өөр өнгийг харуулсан

Х.Есү
4 цаг 3 минутын өмнө

Бид энэ удаагийн “Зөв хүн” ярилцлагын нэвтрүүлэгтээ зураач, багш Г.Өлзийхишигийг урьж оролцууллаа. Түүний хувьд зураач мэргэжлийг сонгоод 10 гаруй жил багшилж байгаа ба Artu shop-г үүсгэн байгуулжээ.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Намайг Г.Өлзийхишиг гэдэг. Би зураач мэргэжилтэй.

- Artu shop-г анх хэзээ үүсгэн байгуулсан бэ? Бас яагаад бусдаас өвөрмөц байлгахаар шийдэв?

-Artu shop маань анх 2025 оны наймдугаар сард нээгдсэн. 2026 оны дөрөвдүгээр сард өргөжүүлээд үйл ажиллагаагаа явуулж байна. Жижиг деталь хэсэг бүр дээр нь маш их сэтгэл гаргаж, хүнд урлагийг түгээе гэсэн зорилготой анх нээж байсан.

Ер нь манай Монголчуудад урлагийн мэдрэмж маш их хэрэгтэй санагдсан. Тийм болохоор урлагийг түгээх сонирхолтой байгаа. Адал явдал хэцүү зүйлсүүдтэй тулгараад явж байгаа. Гэхдээ түүнийгээ асуудал гэж үзэхгүйгээр хийж бүтээхийн төлөө явж байгаа.

-Та яагаад зураач гэдэг мэргэжлийг сонгох болсон бэ?

-Өмнө нь өөрийгөө олоогүй маш удаан явсан. Ер нь жоохон хожуу сурч байсан. Амьдралын утга учир гэж юу юм бэ гэдгийг ч бараг мэддэггүй байсан. Дараа нь бодож байхдаа хүнд үнэхээр мэргэжил хэрэгтэй юм байна гэж ойлгоод график дизайнераар сурч байсан.

Тухайн үед урлагийн түүх хичээл ордог байсан. Тэгэхэд урлаг үнэхээр ямар гайхалтай юм бэ, хүнд ийм гоё орон зай байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэр үеэс хойш л амьдралаа урлагтай холбохоор бүрэн шийдсэн.

Би 23 настайгаасаа л эхэлж зураач болно гэж шийдсэн. Урлагийн маш утга учиртай зүйлийг ойлгосон болохоор энэ зүйлд өөрийнхөө амьдралыг зорилна л гэж шийдсэн дээ. Урлаггүйгээр миний өмнөх амьдрал болон одоогийн амьдрал хоёр шал өөр.

Миний өмнөх амьдрал хараагүй хүн таягаараа газрыг мэдрээд, гараараа ямар нэгэн зүйл хайгаад ч явж байгаа юм шиг байдаг байсан. Хараагүй хүн хараа орохоор яадаг билээ дээ. Амьдрал маш гоё өнгөтэй. Тэр өнгийг харж байгаа мэдрэмж бол маш гайхалтай.

-Artu shop-д орж ирсэн хүмүүсин хэлж байсан хамгийн гоё сэтгэгдлээс хуваалцаач?

-Сүүлд шавиасаа гоё үг сонссон. Манай шавь өөрөө маш их ажилтай. Тэр олон ажлынхаа дараа гэртээ харьж амархаасаа илүүтэйгээр энд ирээд байх нь илүү тухтай байна. Стресс ядаргаа маань илүү их тайлагдаж байна баярлалаа гэж байсан. Тэр үг нь надад их учир утгатай санагдсан.

-Таны ирээдүйн зорилго юу вэ?

-Би өөрөө уран бүтээлч хүн. Ирээдүйд гадагшаа сурах мөрөөдөлтэй байгаа. Монголынхоо дүрслэх урлагт нандин өв бүтээх юмсан гэж хүсэж байгаа.

-Залуу хүний хувьд залуучууддаа хандаж юу гэж хэлэхийг хүсэж байна вэ?

-Өөрийнхөө мэдрэмжээрээ аливаа зүйлийг хийнэ гэдэг бол амьдралын маш гоё зүйл. Баян эсвэл ядуу байх нь чухал биш хийж байгаа зүйлээ аз жаргалтай хийж, өөртөө хайртай амьдраарай. Энэ амьдралдаа өөрт таалагдах нь зүйлээ хийгээрэй гэж хэлмээр байдаг. Хүнд таалагдах гэж биш, эсвэл заавал мөнгөний төлөө биш өөрт таалагдаж байгаа зүйлээ л хийгээрэй гэж хэлмээр байна. Өөртөө хайртай байгаарай гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна