СУРВАЛЖИЛГА: Иргэд хоногийн хоол арай ядан залгуулж байхад улстөрчид сандал суудлын тэмцлээ л хийж байна

Т.Отгонсувд
3 цаг 7 минутын өмнө

Хотын зах, хүнсний дэлгүүрүүдээр өглөө эртлэн хөл хөдөлгөөн нэмэгдэнэ. Иргэдийн ихэнх нь өдөр тутмынхаа хоол хүнсийг базаах гэж үнэ асууж, халаасаа тэмтэрч зогсох нь хэвийн үзэгдэл болжээ. Махны үнэ тэнгэрт хадаж, өрхийн орлого хүрэлцэхгүй болсон энэ үед хүмүүс хоногийн хоолоо залгуулахад ч бэрхшээлтэй нүүр тулж байна.

Гэтэл нөгөө талд төрийн өндөр албан тушаалтнууд иргэдийн амьжиргааг сайжруулах бодит шийдлээс илүүтэй эрх мэдэл, албан тушаалын төлөөх маргаан, сандал суудлын хэрүүлдээ анхаарлаа төвлөрүүлсэн хэвээр. 

Иргэдийн өдөр тутмын амьдрал ийнхүү хүндэрч байхад улс төрийн хүрээнд өрнөх энэ зөрчил, маргаан олон нийтийн бухимдлыг улам нэмэгдүүлж байна.

Захын ойролцоох автобусны буудлын суудал дээр нэг тортой хүнс авсан иргэн бидэнд дараах байр суурийг хэлж, бухимдлаа илэрхийллээ. 

Иргэн Д "Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хандсан. Ард түмэн яаж амьдраад байгааг гайхаж байна. Арай л хулгай хийчихгүй хоногийн хоолтойгоо залгаж байх шиг байна. Тэтгэврээрээ амьдарч байгаа хөгшчүүл бүх хүнд байна. Хаа сайгүй амьдрал бол маш хүнд байна. 

Мах маань бараандаад нэг сүүл авсан чинь нэг кг нь 24 мянган төгрөг гэж байна. Нэг сүүл 30 гаран мянган төгрөгөөр авчихаад явж байна. 

Бидэнд амлалт өгч гарсан улстөрчид одоо дэндүү баяжчихсан. Тэр мөнгөө юунд үрэх гэж үхэн хатан зүтгэдгийг нь ойлгохгүй юм. Үхэхийн цагт бид бүгд л адилхан шүү дээ. 

Гэтэл улстөрчид тэрбумаар ярьдаг хулгай нь их наядаар яригддаг болчихсон. Ил цагаандаа гарч байна. Иргэд нь таван сая төгрөг бэлнээр гар дээрээ барьсан хүн ч ховор байна шүү дээ. 

УИХ-ын 126 гишүүн бол хэрэггүй хоолны сав. Засгийн газар ч ялгаагүй. Сайд болохын төлөө үхэн хатан уйлаад зүтгээд байгаа харагдах юм. Эргээд ард түмний амьдралыг бодож, ярьж байгаа хүн алга" гэв. 

Иргэн Т "Махны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байхад бидний амьдрал яаж сайн байх вэ. Хэрэглээний юмаа ч зарим нь авч чадахгүй байна шүү дээ. 30-40 мянган төгрөгийн өдрийнхөө хоолонд хүрэхтэй үгүйтэй хариугүй л юм авна. 

Тэтгэврээ нэмээд өгөөч гэж хэдэн хөгшчүүл махаа идтэл жагсаад тоож байгаа амьтан ч алга. Улстөрчид аман дээрээ сайхан зүйлс амалж, ярьчихаад хийж хэрэгжүүлж байгаа нь цөөхөн байна. 

Өмнө нь сарын орлогоороо сарын хэрэглээгээ хангадаг байсан бол 15 хоногийг л аргацааж хүрж байна. 

Ард түмнээ сайхан амьдруулна гэж амалж гарч ирчихээд албан тушаалын төлөө л хэрэлдэж, зодолдож харагдах юм. Бид одоо хэнд найдаж, яаж амьдрахаа мэдэхгүй л байна" гэв. 

Дээрх иргэдийн яриа бол хэдхэн хүний яриа биш, харин олон нийтийн дуу хоолой, амьдралын бодит дүр зураг юм.

Эцэст нь хэлэхэд, иргэдийн өдөр тутмын амьдралд бодитоор нөлөөлөх шийдвэр, үр дүнтэй бодлого үгүйлэгдсээр байна. Хүнсний үнэ өсөж, өрхийн орлого хүрэлцэхгүй болсон энэ үед хүмүүс хамгийн наад захын хэрэгцээгээ хангахын төлөө тэмцэж байгаа нь бодит үнэн. 

Гэвч энэ бүхний хажуугаар улс төрийн хүрээнд өрнөх маргаан, эрх мэдлийн төлөөх тэмцэл давамгайлж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах асуудал хоёрдугаарт тавигдаж байна. 

Ийм нөхцөл байдал удаан үргэлжилбэл нийгмийн бухимдал нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл сулрах эрсдэлтэй. Тиймээс шийдвэр гаргагчид бодит амьдрал дээр тулгамдаж буй асуудлыг нэн тэргүүнд авч үзэж, үнийн өсөлтийг тогтворжуулах, өрхийн орлогыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг бодитой алхмуудыг хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж болж байна.

Иргэдийн дуу хоолойг сонсож, бодлого шийдвэртээ тусгаж чадсан цагт л өнөөгийн энэ зөрүү багасаж, нийгэмд итгэл, тогтвортой байдал эргэн сэргэх байх. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна