Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ

Х.Есү
2 цаг 38 минутын өмнө

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 32Б байрны арын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, иргэдийн хүсэлтийн дагуу нийтийн эдэлбэр газар болгохоор ажиллаж байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр IV хороололд социализмын үед мөсөн коток байсан талбай хувьчлагдаж, цаашлаад үйлчилгээтэй орон сууцны зориулалттай болж, газрын зориулалт өөрчлөгджээ. Нийтдээ 4000 ам метр газар хамаарна. Тус газар “Бяцхан билэгт хүү” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын нэр дээр байдаг бөгөөд тус байгууллага энд үйлчилгээтэй орон сууц барих гэж байгаа юм байна. Энэ хэсэг маш их нягтшилтай. Гэтэл дахиад олон давхар барилга баривал замын ачаалал дийлэхгүй зэрэг хүндрэл үүснэ. 1990 оноос хойш өмч хувьчлал явагдаж, хуучин нийгмийн үеийн хувьчлах боломжтой бүхий л барилга байгууламжийг хувьчилсан. 2000-аад оноос хойш эрчимтэй барилгажиж, багахан чөлөөтэй газар бүрийг захирамжилж, өндөр барилгууд барьснаар энэ хорооллын үндсэн өнгө төрх алдагдсан. Бид цаашид хүүхэд залуучуудын дурсамжийг үлдээсэн энэ мэт барилга байгууламжуудыг зориулалтаар нь ашигладаг болох зорилго тавьж ажиллаж байна.

“Бяцхан билэгт хүү” ТББ-д энэ газрын зориулалт, хэмжээгээр нь өөр газар олгох, эсвэл нөхөн олговор олгох зэргээр зохих арга хэмжээг авч ажиллана. Энэхүү газрыг Баянгол дүүргийн ЗДТГ-ын нэр дээр авсны дараа спортын зориулалтаар шинээр тохижуулж, бүтээн байгуулалтын ажил хийнэ. Тухайлбал, 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна. Мөн хуучин котокын талбайг жилийн дөрвөн улиралд ашиглаж болохоор зохион байгуулж, тэмцээн тайлбарладаг хэсэг болоод үзэгчийн хэсгийг шинэчилнэ. Төрийн бус байгууллагатай зөвшилцөлд хүрч, зөвшөөрлүүдийг цуцалж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулна” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна