16 настай Ч.Ш охины амь насыг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.
Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болоход уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Шүүхийн шийдвэр гарсны дараа амь хохирогчийн ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдахаа мэдэгдээд байсан бөгөөд энэ сарын 1-ний өдөр давж заалдах шүүх хурлыг товлосон. Гэвч прокурор Н.Баясгалан шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралд ирээгүй тул тавдугаар сарын 11-ний 09.00 цаг хүртэл шүүх хурлыг түр хойшлуулаад байв.
Шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхлэхээр товлогдсон.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна