Г.Отгонтуяа: Хуулийн хариуцлагаас шүүхийн хоёр шатанд мултарсан ч ёс суртахууны хариуцлагаас хэн ч зугтаж чадахгүй

Zuv.mn
1 цаг 52 минутын өмнө

Төрүүлсэн ганц охиноо харгис алуурчны гарт алдсан хохирогч Г.Отгонтуяа сошиал хуудастаа байр суурь илэрхийлжээ. Түүний охины амь насыг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, анхан шатны шүүхийн шүийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тодруулбал, Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, Г.Ган-Эрдэнэ, Г.Номин-Эрдэнэ нарыг цагаатгасан юм. 

Г.Отгонтуяа "Цурам хийсэнгүй ээ...

Насанд хүрсэн гурван хүн 16-хан настай охин үрийг минь амиа алдахад үйлдэл, оролцоогоороо хамааралтай гэдгээс би хэзээ ч ухрахгүй. Гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлж, орон байраар хангасан Номин-Эрдэнэ “Чемоданд багтахаар юм байна” хэмээн давс цацаж, “Мань чинь аймаар шааж байна уу” гэж хэлээд зогсож байсан хүмүүс гэмт үйлдлийн оролцогч биш гэж үү. Шүүгчийн тайлбарласнаар “хамжигч” гэдэг нь урьдчилан төлөвлөсөн байх ёстой гэнэ.

Тэгвэл гэнэт үүссэн нөхцөлд нэг охины эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж байхад түүнийг таслан зогсоохгүй, урьдчилан сэргийлэхгүй байсан хүмүүс ямар ч хариуцлага хүлээхгүй, цагаатгагдсаар байх ёстой юм уу. Цахим орчинд янз бүрийн мэдээлэл явагдаж нийгмийг талцууллаа, хуулийн байгууллагын нэр хүндэд иргэд халдаж байна гэсэн агуулгатай үгийг хуралдаан даргалагч хэлж байна билээ.

Би хариулсан.

Бүтэн жил гаруй хугацаанд би чимээгүй тэмцсэн.  Харин нэг өдөр Э. Ган-Эрдэний ээж хэргийн газарт цагдаа нартай хамт очиж ярилцаж байсан бичлэгээ өөрөө олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Ингэж болдог юм уу. Болох байсан бол амь хохирсон охины Ээж намайг дуудчихгүй яав даа. Мэдээж цагдаа, прокурорууд энгийн нэгэн надад мэдэгдэхгүй дээ. Харин хэргийн газрыг хамгаалалтад авдаг хууль хаачив. 
Очсон мөрдөгчид гар утсаараа бичлэг хийсэн гэдэг ч хавтаст хэрэгт бүтнээрээ авагдаагүй. Хүн амины хэргийн газар ганц камер бариад очих техникийн хүчин чадал Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар байхгүй гэж үү. 

Гэмт этгээдүүдийн согтуурлыг хагас өдрийн дараа, хар тамхины шинжилгээний дүгнэлт сарын дараа гарч ирсэн байх жишээтэй.

Энэ тэгээд хэрэг мөрдөн шалгах ажиллагааны зөрчил биш юм уу. 
“Адилхан хүний хүүхдийг барьж хорих гэж улайрлаа” гэж ярьж байна. Хэрэв үнэхээр миний охины үхэлд оролцоогүй, үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа байсан бол “Эгчээ, ийм зүйл болсон юм аа” гээд улаан нүүрээ тулаад ирэхгүй яасан юм бэ. Эдгээр залуусыг төрүүлсэн эхчүүдэд эх хүний нинжин сэтгэл өчүүхэн төдий ч алга гэж үү?
Та нар надтай адилхан үрээ хөхний сүүгээр өсгөсөн эхчүүд биш гэж үү
Би өс хонзон хүсээгүй.
Гагцхүү үнэн тогтоогдож, хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь хариуцлагаа үүрээсэй гэж хүсэж байна.
Монгол хүний оюун санаанд нийцэмгүй үйлдэл хийж, бурхан болсон охиныг минь тохуурхан доромжилж хөгжилдөж байсан залуус. зүгээр ч нэг хүзүүг нь боогоод орхиогүй... Биед нь өчнөөн гэмтэл учруулсан байсан. Үрийг минь хацрыг хүртэл сүлбэсэн бололтой гэмтэл учруулж, олон газар цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл үүссэнийг Шүүх эмнэлэгийн шинжээчид тогтоож, Зураг би оруулмахр л….
Эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан ГЭМТЭЛ учирсныг тогтоосон байдаг.
Миний охин “Гэртээ харья, гар утсаа авъя” гэж тэмцсэнийхээ төлөө амиа алдсан. Найз охинтойгоо Э.Номин-Эрдэний гэрт очсон нь амиа алдах шалтгаан болох ёсгүй. Харин гарах гэж байхад нь алуурчин Д -гарт нь байсан утсыг нь авч өгөхгүй, утсаа нэхсэн нь энэ бүхний эхлэл болсон.
Бүтэн цагийн турш охиныг минь зодож, цохиж, хоолойг нь боож байхад 102 руу ганцхан удаа залгачих сэтгэл яагаад төрөөгүй юм бэ. 

16 настай хүүхэд аюултай нөхцөлд байхад насанд хүрсэн хүмүүс иргэний үүргээ гүйцэтгэж. хүүхдийг хамгаалах бус, эсрэгээрээ, айдас, хүчирхийллийн орчинд үлдээсэн нь өөрөө нийгмийн эмгэнэл мөн.

Хуулийн хариуцлагаас мултарч болно оо... Гэхдээ хүний амь тасарч байхад хараад зогссон ёс суртахууны хариуцлагаас хэн ч зугтаж чадахгүй.
ДЗШШ-н шийдвэрийг цаасаар гарахыг тэвчээртэй хүлээнэ ээ. 2026.05.12" гэжээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна