Г.Отгонбаяр: Хүүг минь сургуулийнх нь хоёр нийгмийн ажилтан хөдөө авч яваад, аминд нь хүрчихсэн

Т.Отгонсувд
1 цаг 19 минутын өмнө

2025 оны тавдугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн 4-р сургуулийн нийгмийн ажилтан Э.Уранчимэг, Г.Нямсүрэн нар 9-р ангийн 10 гаруй сурагчийг хөдөө гэр рүүгээ авч яваад ажил хийлгэж, буцах замдаа хурд хэтрүүлэн осолджээ. 

Ослын улмаас 15 настай Б.Буяндалай амиа алдсан байна. Тус хэрэг болоод нэг жилийн хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй. Түүгээр ч үл барам хэрэг үйлдсэн багш нар ажлаа хийж байгаад гомдолтой байгаа талаар хүүгийн ээж Өвөрхангай аймгийн иргэн Г.Отгонбаяр манай редакцид хандсан юм. 

Сайн байна уу та. Ямар асуудлаар манай сайтад хандсан талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Сайн байна уу. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Г.Отгонбаяр гэж хүн байна. Яагаад танай сайтад хандах болсон бэ гэвэл 2025 оны тавдугаар сарын 10-ны өдөр Арвайхээр сумын 4-р сургуулийн багш нар осол гаргаж миний сайхан хүүгийн амь насыг үрж, бидэнд хүнд хагацал үзүүлсэн. 

Би тавдугаар сарын 09-ний өдөр нь хөдөө хүүгээ аваад явах гэж байсан чинь хүү маань сургуулийн бичиг барьчихсан ирсэн. Тэр бичиг нь "Малчны хотонд амьдрах ухаанд бэлтгэх тусгай хөтөлбөрийн ерөнхий шаардлагыг хангаж ангиа төлөөлөн оролцоно. Сургуулийн зүгээс нэгдсэн журмын унаагаар авч явна. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг сургуулийн захиргаа болон багш нар хариуцна" гэсэн байсан. 

Тийм бичиг харсан хүн чинь итгэнэ биз дээ. Тэгээд хүүгээ хэд хоног найзуудтайгаа хамт хөдөө яваг гээд үлдээсэн. Гэтэл Э.Уранчимэг, Г.Нямсүрэн гэдэг хоёр багш нь өөрсдийн хувийн унаагаараа 10 гаруй сурагчийг авч явсан байсан. 

Г.Нямсүрэн гэдэг багш нь өөрийнхөө хөдөө гэртээ аваачиж, хашаа хороогоо янзлуулаад ар гэрийнхээ ажлыг хийлгэсэн байсан. Тэнд очоод юу хийлгэсэн нь дүүрч. Буцах замдаа тэр хоёр хоорондоо уралдаад хурд хэтрүүлж, урд хойноо орж байгаад осолдсон байгаа юм. 

Энэ талаар тэр хоёр багш болон сургуулийн захиргааны зүгээс тантай уулзаж мэдээлэл өгсөн үү?

Үгүй. Тэр хоёр хүн нэг ч удаа ирж, сэтгэлийн дэм өгч, уучлалт гуйгаагүй. Ядаж ийм юм болчихсон юм аа уучлаарай гээд ирэх болов уу гэж маш удаан хүлээсэн. Аргаа бараад би хамт явсан хүүхдүүдээс нь юу болсон талаар асуусан. 

Тэр аймар осол гаргачхаад түргэн тусламжаа дуудаагүй асар удсан байсан. Аймгийн төвөөс 12 км зайд байж түргэн тусламж бараг хоёр цагийн дараа ирсэн гэсэн. Тэр хоёр хүн чинь багш хүн, эх хүн биз дээ. Маш муухай, сэтгэлгүй... Тийм аймар хэрэг хийчхээд түргэн тусламжаа хурдан дуудчихсан бол миний хүү хөгжлийн бэрхшээлтэй ч хамаагүй амьд байх байсан гэж бодоод маш их гомдолтой байна. 

Энэ хэргийн талаар та хуулийн байгууллагад хандсан уу?

Хандаад одоо болтол Өвөрхангай аймгийн цагдаа, шүүх энэ хэргийг шийдэж өгөхгүй удаж байна. Би дуугүй тэвчээртэй бүтэн жил явлаа. Үнэн шударгаар шийдээд өгөх байх угаасаа тодорхой хэрэг юм чинь гэж бодсон. Гэвч хоёр багш байсан байхад Э.Уранчимэгийг л энэ хэрэгт татсан. Э.Уранчимэг нь давж заалдаад ажлаа хийгээд явж байна. Тэр хүн хүний үрийг алчхаад ямар гавьяа байгуулсан гэж давж заалдаж байгааг ойлгохгүй байна. 

Хамгийн аймшигтай нь тэр хоёр осол гаргачхаад гэмтсэн хүүхдийн цүнхийг ухаад нөгөө сургуулийн бичгээ хурааж аваад, өөрсдийгөө л аргалах юмаа хийгээд байсан талаар хүүхдүүд надад хэлсэн. 

Хүү нь хэдэн настай, хэддүгээр ангид сурдаг байсан бэ?

Миний хүү есдүгээр ангид сурдаг, 15хан настай байсан. Хүн чинь итгэдэггүй юм билээ. Итгэж чадахгүй, юу болоод ойлгохгүй байж байгаад л ажил явдлаа дуусгасан. Бид хоногийг дуустал гээд хоёр сар дуугүй байя гэж бодсон. Тэнгэрээс хүү минь харж байгаа байх, амгалан тайван яваг гээд хэрүүл шуугийн тариагүй. Гэтэл шүүх нь ийм завхарсан байдалд орчхоор үнэхээр дуугүй байж тэссэнгүй. 

Миний хүү чинь гэр бүлдээ төдийгүй эх орондоо хэрэгтэй, мундаг хүү байсан. Инженер, бөх болох мөрөөдөлтэй. Нийтэч найрсаг, ганц ч хараал хэлдэггүй хүүхэд байсныг түмэн мэднэ. Миний хүүд зүүний сүвэгчийн төдий ч буруу байхгүй. 

Г.Нямсүрэн гэдэг багш нь яагаад хэрэгт холбогдолгүй болсон юм бэ?

Г.Нямсүрэн, Э.Уранчимэг хоёр бол сургуулийнхаа нийгмийн ажилтнууд. Г.Нямсүрэн нь тэр бичгийг хийж өөрийнхөө гэр рүү дагуулж явсан хэр нь өнөөдөр хэрэгт холбогдолгүй болчихсон. Э.Уранчимэг нь хүртэл Г.Нямсүрэн л намайг дагуулж явсан гээд байхад ямар нэмэргүй. 

Миний сонссоноор Г.Нямсүрэнгийн ах дүү Өвөрхангай аймгийн цагдаад байдаг. УИХ-ын гишүүн асан Г.Тогтохсүрэн ах нь болохоор танил талаараа хуулийн байгууллагад нөлөөлж байна гэж хардаж байна. 

Эцэст нь та юу хэлэхийг хүсэж ирсэн бэ? 

Өвөрхангай аймагт өчнөөн хүүхэд сургуулийн буруугаас болж амиа алдаж бэртэж гэмтэж байхад сургуулийн захиргаа нам дараад өнгөрдөг. Би бол дуугүй өнгөрч чадахгүй. Шударга шүүх, шударга нийгэм гэж байдаг бол энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийг хүсэж байна. Хөдөөний хүн учир хууль шүүхийн байгууллага дээр учраа олохоо болиод та бүхэнд хандлаа. Миний хүүгийн амь насыг хөнөөсөн хүмүүс хариуцлагаа үүрээсэй гэж хүсэж байна. 

Ярилцаж мэдээлэл өгсөнд баярлалаа. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна