78 иргэнийг Цэргийн дүйцүүлэх албаны сургалтад хамруулна

Zuv.mn
1 цаг 52 минутын өмнө

Цэргийн дүйцүүлэх албаны сургалтыг аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабууд зохион байгуулж, төрийн цэргийн байгууллагуудын орон нутаг дахь анги, нэгжүүд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх юм. Сургалт нь бэлтгэл болон тусгай үүргийн гэсэн хоёр үе шаттай бөгөөд онолын 20, дадлагын 40 цагийн хөтөлбөрөөр явагдана.

Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 78 иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаахаар төлөвлөжээ. Үүнээс Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр 10, Сонгинохайрхан, Багануур, Чингэлтэй, Налайх дүүрэг тус бүр 8, Багахангай дүүрэг 6 иргэнийг хамруулах санал хүргүүлсэн байна.

Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн саналд үндэслэн Засгийн газрын тогтоолд жил бүр цэргийн албыг дүйцүүлэн хаах хүний тоог тусгадаг аж.

Сүүлийн гурван жилийн байдлаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын үүрэг гүйцэтгэлийг мөнгөн дүнгээр тооцвол 2023 онд 328.5 сая, 2024 онд 410.4 сая, 2025 онд 505.4 сая төгрөгийн үнэлгээтэй байжээ.

Нэг дүйцүүлэх алба хаагч дунджаар 180 хоног үүрэг гүйцэтгэх бөгөөд үүнд сургалт, батлан хамгаалах ажил үйлчилгээ, гамшиг осол, хүмүүнлэг, бүтээн байгуулалт болон цаг үеийн бусад ажил багтана. Цэргийн дүйцүүлэх албанд хамрагдсан хугацааг биечлэн үүрэг гүйцэтгэсэнд тооцдог бөгөөд холбогдох хуулийн дагуу иргэд бэлтгэл үүрэгтний сургалтад хамрагдах зохицуулалттай юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна