Цагдаагийн байгууллагыг улс төрдөө бүү хутга

Х.Батсайхан
1 цаг 40 минутын өмнө

Ерөнхий сайд асан Г.Занданшатар өөрийнхөө зөвлөх байсан Ж.Болд хууль зөрчин байж ЦЕГ-ын даргаар томилсон билээ. 

Төрийн өндөр албан тушаалтан, төрийн байгууллагын алба хаагчтай холбоотой хэргийг АТГ татаж авч шалгадаг. Гэтэл татахаас нь өмнө амжиж хэргийн шалгалтын явцын талаар мэдэгдэл хийх, мэдээлэл өгөх зэргээр болж буй улс төрийн үйл явдалтай ямар нэг байдлаар зэрэгцсэн байдлыг нэг бус удаа гаргав.

Эрх баригч нам доторх бүлэглэл Нийслэлийн төлөө дайтаж байхад цагдаагийн байгууллага нэг талд нь орчихсон, урд нь сэлэм барьж гүйгээгүй юм гэхэд ард нь байж, ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлж өгч байв.

Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвтэй холбоотой асуудлууд дээр илт нэг талыг барьж, эсрэг тал буюу Нийслэлийнхнийг 24, 48 цагаас саатуулах зэргээр нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх, пи ар хийх ажилд идэвхитэй оролцлоо.

ЦЕГ чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй, гэвч улс төрийн нөхцөл байдал маш ноцтой байсан энэ богинохоон цаг хугацаанд гэнэт амь орж, Сэлбэ дэд төвийн санхүүжилт зогсож, мөнгө нь улсын төсөв рүү татагдах магадлалтай болсон бол Туулын хурдны замын бүтээн байгуулалт мөн зогсож, Нийслэл олон улсын Арбитрт дуудагдах цаг мөч ойртож байна.

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар өчигдөр Нийслэлийн МАН-ын хорооны хурлын өмнө сэтгүүлчдэд цагдаагийн байгууллага Ерөнхий сайдад буруу мэдээлэл өгсний улмаас огцорсон гэж тодорхой хэллээ.

Тодруулбал, Нийслэлийн хэрэглэгчдэд түгээх нөөцийн махны асуудлаар шалгалт хийхдээ бэлтгэсэн махнаас 2500 тонн мах дутсан гэх алдаатай, ташаа мэдээллийг Ерөнхий сайдад өгч, улмаар энэ фактаар Х.Нямбаатарыг огцруулсан.  

Ерөнхий сайд ч хаа, хамаагүй “Хүчит шонхор” захын наймаачдаас алга болсон 2500 тонн махыг сураглаж элэг доог болсон түүх хуучраагүй байна.



  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна