Х.Тэмүүжин: Хуулийн ажлыг хуульд биш хүнд зориулж хийгээд эхлэхээр "Хонгил"-ыг цогц байдлаар угсрахад хувь нэмрээ оруулдаг

Х.Есү
1 цаг 52 минутын өмнө

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа зургадугаар сард дуусна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн хугацаа ирэх сард дуусна. Үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгч 6 жил ажиллах нь зөв үү буруу юу гэдэг асуудал ҮХЦ дээд явж байна гэж ойлгож байгаа. Энэ ямар хууль зүйн үр дагавартай шийдвэр болох вэ?

-Улсын дээд шүүхийн шүүгч улируулан томилох эрхтэй байгаа байдал нь юу болж хувирч байна вэ гэхээр дараагийнхаа томилгоог авахын тулд эзэн хайж эхэлнэ. Тэр эзнээ олбол эзэндээ үнэнч, санаа бодолд нь нийлүүлж, нөгөө хараат бус, бие даасан, хууль дээдлэх энэ тэр гэх мэтчилэн үндсэн хуулийн маш чухал зарчмуудыг зүгээр л хойш тавьж, дараагийн томилгоонд хамгийн нөлөөтэй пракц бүлэг нам, тэр дундаа шинэ эзнээ хайдаг.

Эзнээ олоод эзэндээ илүү таалагдаж, энэ хуулийн ажлыг хийж эхэлдэг. Үндсэндээ энэ хуулийн ажлыг хуульд биш хүнд зориулж хийгээд эхлэхээр нөгөө хонгил гэдэг зүйлийг бүтэн цогц байдлаар угсрахад нь хувь нэмрээ оруулдаг үзэгдэл гаардаг.

Энэ үзэгдлийг өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед маш сайн олж харсан. Тийм учраас Н.Энхбаяр шиг Ерөнхийлөгч байхгүйн тулд өөрчлөлт оруулж байна гээд шүүхийн тухай хуульд дээд шүүхийн ерөнхий шүүгчийг дахин томилохыг хязгаарласан хууль өргөн барьж УИХ-аар батлуулж байсан юм. Тэр үед би энэ зарчимтай нэг байсан. Үнэхээр ганц дээд шүүхийн ерөнхий шүүгч биш Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг ч гэсэн улируулан томилох байдал нь  гишүүд Үндсэн хуульд үнэнч байх тухай биш дараагийн томилгоо руугаа зүтгэдэг. Дараагийн томилгоог авахын тулд улс төрийн захиа даалгавар гүйцэтгэж эхэлдэг. Хэн нэгэн албан тушаалтны гар хөл болдог үйл явдал Монголын төрд байгаад байна шүү дээ. Яагаад гэвэл хараат бус бие даасан байдлаар ажиллах ёстой институциуд улс төрөөс ангид байж чадахгүй байна. Үүнийг бид Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдээр ч харж байна. Хууль шүүхийн байгууллагуудаас гарч байгаа шийдвэрүүдээс ч харж байна.

Эрх мэдэлтэй байгаа нам, эрх мэдэлтэй байгаа хүний нөлөөнөөс бие даасан байдлаар эр зориг гаргаж, мэргэжилдээ үнэнч байх тухай тэр шаардлагуудыг хангаж чадахгүй байна. Энэ шаардлагыг хангуулах нэг арга зам нь тэр хүнийг дахин томилох гэдэг хаалга нээхгүйгээр хаачихвал, тэр хүн байгаа бүрэн эрхийнхээ цаг хугацаандаа ядаж зөв зарчим үлдээгээд явъя гэдэг зориг гарах юм болов уу гэдэг итгэл найдвар байсан учраас тэр зарчмыг дэмжсэн юм.

Харамсалтай нь Н.Энхбаярын хийж байсан зүйлийг хараад үүнийг засах ёстой гэсэн байр суурьтай байсан улс төрчид маань эргэж буцаад 2016 онд ҮХЦ дээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн улираан томилохыг хориглосон заалт бол Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг агуулгаар маргаан үүсгэсэн. Зорилго нь ойлгомжтой байсан. Тухайн хүн нь үүрэг даалгавраа сайн биелүүлж байсан учраас буусан хойноо ч гэсэн өөрийн гэсэн хүнээ хуулийн байгууллагын толгой дээр үлдээгээд бууна гэдэг л явцуу амбицаар Үндсэн хуулийн шүүхийг ашиглах замаар л ийм шийдвэр гарсан.

Түүний дараа Х.Баттулга өнөөдрийн байгаа Д.Ганзориг гэдэг хүнийг дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилсон. Тэр үед Х.Баттулга гэдэг хүн чинь өөрийнхөө томилсон хүнийг дахиж томилоод хуулийн байгууллагын толгойд өөрийнхөө хүнийг үлдээгээд явчих нь ээ. Тиймээс дахиж энэ хүнд тийм боломж олгохгүйн тулд гээд шүүхийн тухай хуулин дээр дээд шүүхийн ерөнхий шүүгчийг дахин томилохгүй гэдэг заалтыг оруулсан. Ингээд хүнээсээ хамаараад бодлого нь өөрчлөгддөг байж болохгүй.

Одоо энэ бодлого нь өөрчлөгдөж байх шиг байна. Яагаад гэвэл нөгөө эрх барьж байсан нам болон тухайн үеийн эрх барьж байсан намын дарга гэдэг чинь одоо өөр албан тушаал дээр байгаа шүү дээ. Х.Баттулга гэдэг хүний томилсон Ерөнхий шүүгч боловч дараа дараагийнхаа хүнд илүү үнэнч байсан учраас энэ хүнийг үргэлжлүүлэн томильё гэдэг санаачилга гарч байгаа юм уу бүү мэд. Ямар ч байсан ҮХЦ дээр маргаан гарч байна. ҮХЦ бол ойлгомжтой өмнөх дүгнэлтээ баталгаажуулаад энэ Үндсэн хууль зөрчиж байна гэдэг шийдвэр гаргах байх. Ийм байдлаар дахиад сунгагдах байх.

Гэхдээ энд нэг том алдаа байгаа. Ер нь хуулийн байгууллагын толгой дээр хуульд үнэнч байх уу эсвэл хүнд үнэнч байх уу гэдэг асуултад хариулаад байгаа зарчмын буруу практикийг хэзээ халах вэ гэдэг бол нэг сорилт мөн.

Хоёрдугаарт, хэрвээ энэ хүн нь өөрөө дахин томилогдох хүсэлтэй байгаа бол миний эрх зөрчигдөж байна гээд өөрийнхөө нэр нүүрээр ҮХЦ-д яагаад гомдол гаргадаггүй юм. Дандаа бусдаар гаргуулж, бусдаар могой бариулж ард нь улс төрийн могойн хор, албан тушаалын хэнээ хоёр хангагдаж байдаг юм бол оо.

Энэ бол Ерөнхий шүүгч болох гэж байгаа хүний эрхийн л асуудал шүү дээ. Гудамд байгаа иргэний асуудал огт биш. Гэтэл иргэний нэрийг бариад цэцэд мэдээлэл өгөөд, тэр мэдээлэл дээрээ тулгаарлаад яагаад дандаа ингэж шийдвэр гаргаж байдаг юм бэ. Эрх ашиг нь хөндөгдөөгүй, тэс хөндлөнгөөр хэн дуртай нь ҮХЦ-д мэдээлэл гаргах замаар дандаа улс төрийн хожоо, хор найруулалт, албан тушаалын наймаа хийдэг энэ гажиг тогтолцоог өөрчлөхгүй бол ийм зүйл байсаар л байна.

Хэний нэрийг ашиглаж байна, иргэний нэрийг ашиглаж байна. Үндсэн хуулийн нэр бариад ҮХЦ-г ашиглаад сандал суудлаа бөхөлж авч байна.

-Шүүгч нарын асуудлыг харахаар Ерөнхийлөгчийн асуудал ч мөн адил адилхан харагдаж байна. Энэ логикоороо явбал зургаан жилээр нэг удаа сонгогддог Ерөнхийлөгчийн асуудал хөндөгдөх үү?

-Үндсэн хууль дээр маш тодорхой Ерөнхийлөгчийн нэг удаа зургаан жилээр сонгоно гээд биччихсэн байгаа. Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хэдэн удаа сонгох эсэх нь Үндсэн хууль дээр огт бичигдээгүй. Тиймээс хууль тогтоогчийн баталсан хууль тайлбараар энэ нь дахин дахин сонгоно гэдгийг ч зөвшөөрөөгүй асуудал алга, зөвшөөрсөн асуудал алга. Энэ бол хууль тогтоогчийн бүрэн эрх байна гэдэг агуулгаар хуулиа тогтоож байгаа юм. Гэтэл үүнийг нь Үндсэн хуульд огт бичигдээгүй байгаа зүйлээр нь ашиглаад иргэний нэр ашиглаад шийдээд байгаа тохиолдол байгаа. Бодит эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүс нэрээрээ асуудал гаргаад ҮХЦ дээр маргалдаж байгаа бол эрүүл саруул.

Гэтэл яг бодит эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүс хөшигний араар орж нуугдаад өөр хэн нэгнээр мэдээлэл гаргуулаад түүгээрээ дамжуулаад ашиг хонжоо олж байгаа бол энэ өөрөө шүүхийн зарчим биш. Хуульт ёсны зарчим ерөөсөө биш.

-Д.Ганзориг шүүгчийн ҮХЦ дээр гаргасан маргаан аль талдаа шийдэгдэнэ гэж та харж байна вэ?

-ҮХЦ-ийн өмнө нь гарсан шийдвэр байгаа бол тэр шийдвэртэйгээ ихэнх нь нийцүүлж л гаргадаг практик байгаа шүү дээ. Тиймээс ҮХЦ-ээс ямар шийдвэр гарах нь их л ойлгомжтой тодорхой байна.

-Дахин зургаан жилээр сунгагдлаа гэхэд ямар нөхцөл байдалтай болох бол. Хонгил гэж ярьдаг зүйл маань үргэлжлээд явах уу гэдэг болгоомжлол байна.

-Би Д.Ганзоригийг хувь хүнийх нь хувьд сайн муу ажилласан гэж дүгнэх боломж алга. Тийм сонирхол ч алга. Мөн ашиг сонирхолын зөрчилтэй. Д.Ганзориг чинь манай ангийн хүүхэд шүү дээ. Тогтолцооны хувьд хараат бус бие даасан байдлаар ажиллах ёстой шүүх, ҮХЦ, АТГ, прокурор гэх мэтчилэн энэ байгууллагууд улс төрөөс ангид байж чадахгүй байна. Нөгөөтэйгүүр улс төрийн нөлөө хэт байгаагаас шалтгаалаад Үндсэн хуульд заасан бие даасан хараат бус ажиллах баталгаа олгогдож өгөхгүй байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгч болон ҮХЦ-ийн гишүүдийг дахин томилдог байдал нь ямар нэг байдлаар ач хариулж, улс төрд захиа даалгавар гүйцэтгэж, хуулийн гэхээсээ илүүтэйгээр улс төрийн өнгө аястай шийдвэр гаргадаг, шүүхийг ч тэр цэцийг ч тэр улс төрийн цагдаа болгож байгаа. Улс төрийн цагдаа гэдэг нь хууль дэээдэлж, сахиж ажилладаг биш улс төрийн захиа даалгавар гүйцэтгэж, өрсөлдөгчийг нь намнаж, ямар нэгэн байдлаар улс төрийн өрсөлдөөнийг ардчиллын арга замаар биш хөндлөнгөөс хуулийн нэр барьж орж ирж өрсөлдөөнийг нь шийдэж нэг хэсэгт давуу байдал олгож, шударга бусаар эрх мэдлийг хуваарилахад үйлчилдэг тогтолцоог хэлж байгаа юм" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна